“Эвийн эхэнд тос, эвдрэлийн адагт цус…” хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үе үеийн гишүүд уулзсан талаар Ерөнхий сайд асан С.Баяр “жиргэв”. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд өнгөрөгч амралтын өдөр Их тэнгэрт цуглан улс орны нөхцөл байдал, аюулгүй байдлын талаар санал солилцож.

Уламжлал болсон гэмээр уг уулзалтыг өмнө нь Н.Энхбаяр Ц.Элбэгдорж нар Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа хийж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтад Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Х.Баттулга, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, З.Энхболд, М.Энхболд, Д.Дэмбэрэл, Г.Занданшатар болон Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Ж.Эрдэнэбат тэргүүтэн ирсэн бололтой. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ч.Сайханбилэг нар оролцсонгүй.

Хаалттай уулзалтын үеэр улс орны нөхцөл байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ хэд хэдэн хүн нүүр тулан шөргөөцөлдсөн гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайд асан С.Баяр нар зүгээргүй байсан юм байх.

Арга ч үгүй биз.

Хамтарсан Засгийн газар байгуулах болсонтой холбоотой С.Баяр Н.Энхбаяр нарын зөрчил цахим орчинд таатай байгаагүй. С.Баяр “Үеийнхээ өвгөнийг өрөвдөх юм. Төрийн ордныг 24 цаг сахиастай, зангиа зүүгээстэй, Үндсэн хууль яриастай, өдөр бүр намайгаа муулах юм…” гэх зэргээр Н.Энхбаярт хаягласан егөө шидэж байсныг олон нийт мэдэх биз.

Н.Энхбаяр МАН парламентад 26 суудлаар илүү атал Л.Оюун-Эрдэнэ огцрохоос эмээж хамтарсан Засгийн газар байгуулах шийдэлд хүрсэнд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрбээр Засгийн газрын бүрэлдэхүүнд хүүгээ зүтгүүлээд бүтэлгүйтсэн ч блокдоо ганц суудалтай. Гэсэн ч гомдол нь тайлагдаагүй хэвээр байсаар хамтарсан Засгийн газар байгуулах шаардлагагүй байсан талаар уулзалтын үеэр нуршин намынхныхаа ундууцлыг хүргэсэн бололтой.

Уулзалтын зорилго Үндсэн хуулийн Цэцийг Улсын Дээд шүүхтэй нэгтгэхтэй холбоотой байсан гэх мэдээлэл байна. Тэр утгаараа үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг энэ тал дээр дэмжиж, хамтарч ажиллахыг У.Хүрэлсүхийн зүгээс хүссэн юм байх. Ингэж чадвал Цэц улстөрчдийн үүр уурхай болохгүй байна гэдгийг тэр онцолж.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсныхоо дараахан, 2022 онд үе үеийн Төрийн тэргүүдийг цуглуулан ҮАБЗ-ийн дэргэд зөвлөл байгуулахыг дэмжүүлж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШҮҮХ байгууллагад шүүмжлэлтэй хандаад удаж байгаа. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулах үеэр ч “Шүүгч нар Төрийн ордонд, гишүүдийн арын өрөөнд сууж байдгаа болимоор байна. Шүүхтэй холбоотой асуудал хэлэлцэх болоход заавал нэг сенсаац тарьдаг. Би үүнийг сайн мэдэрч, аргыг нь ойлгодог болоод байна. Тэгээд л бужигнаан болно, бужигнаж байх хооронд гишүүдийг лоббиддог. Ингээд тэр асуудлыг унагаадаг, улмаар мартчихдаг… Шүүх дотор Батдэлгэр гэж нөхрөөс эхлээд олон хүн ийм будлиан тарьдаг. Шүүх засаглал шүүх засаглалаараа л баймаар байна. Би шүүхэд шүүмжлэлтэй ханддаг. Би Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хэн нэг шүүгчтэй тусгайлан нэг ч удаа уулзаагүй” хэмээн байр сууриа хатуухан хэлээд авсан.

2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцон огцруулах асуудал яригдаж байсныг тэрбээр хаана ч сануулахаа мартдаггүй.

Тиймээс Цэцийг Улсын Дээд шүүхтэй нэгтгэх асуудлыг дэмжих нь юу л бол?! Нэгтгэвэл У.Хүрэлсүх болоод Ц.Элбэгдорж нарт бүхнээ алдах эрсдэл Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга тэргүүтэнд бий… Тэдний айдсыг У.Хүрэлсүх мэдэхгүй байна гэж үгүй.

Тэгэхээр хамтарсан Засгийн газар байгуулан байж Ерөнхий сайдын суудлаа хамгаалж байгаа Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүх Шүүх, Цэцээр далайлгах эхний нүүдлээ тавьж буй нь энэ биз.

Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт аудит оруулаад эхэллээ хэмээн улстөр сонирхогчид дүгнэж байна. УБТЗ-ын удирдлагаар Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Х.Хэрлэн ажиллаж байгаа.

“Эрдэнэт”-ийг Орос Монголын хамтарсан үйлдвэр байхад Монголын Засгийн газар хэд хэдэн удаа нэрийг нь санал болгосон ч Оросын тал хүлээж авахгүй буцааж байсан Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаар томилуулсан нь Л.Оюун-Эрдэнэ гэлцдэг. У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын тамга өвөртлөөд удаагүй байсан Л.Оюун-Эрдэнэ аяганы хариуг өдөрт нь барьж, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеровоос өөрийн биеэр гуйж Х.Хэрлэнг 2021.12 сард УБТЗ ХНН-ийн даргаар томилуулсан гэдэг. Өмнө нь ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нарт Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаар томилуулах тухай санал тавиад бүтэлгүйтсэн талаар тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров, “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй 2021 оны аравдугаар сарын 21-нд утсаар ярихдаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл болон төмөр замын төслүүд амжилттай хэрэгжвэл бүс нутаг дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гээд “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэн, улмаар манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урьсан байдаг. Түүний амлалтууд хэрэгжихгүй байсан тул Оросын талаас тохироогоо сануулж крантаа хаах, эс бөгөөс шатахуун тээвэрлэсэн галт тэргэнд очёр дараалал үүсгэх зэргээр Л.Оюун-Эрдэнийг шахаанд оруулж, үүнээс нь болж дотоодод түлш шатахууны хомсдол үүсч байсан гэх явган яриа Төрийн ордонд түгэж байлаа.

Энэ удаагийн аудит УБТЗ-ын 2015 оноос хойших хугацааны үйл ажиллагаанд хийгдэх бөгөөд эхний ээлжинд Богдхан төмөр замын төслийг найр тавихаар зэхсэн бололтой.

Оросын талд өгсөн амлалт, Цэцийг Дээд Шүүхтэй нэгтгэх санал зэрэг Л.Оюун-Эрдэнийг тойрсон ээдрээтэй асуудлуудын хажуугаар Х.Нямбаатар АН, ХҮН намуудыг чичлэх нь толгойн өвчин болж буй байх. Ажилдаа улайрч улстөртэй мантай болсон Х.Нямбаатар байгалийн хуртай “ноцолдоод” би юү, чи юү дээ тулж яваа.

Тэгэхээр яг өнөөдрийн тухайд Л.Оюун-Эрдэнэд зөв бурууг нь хэлээд өгчих хүн Х.Баттулгаас өөр алга… Х.Баттулгаа түшээд сонсчихъё гэхээр бүрэн дүүрэн найдаж бас боломгүй. Тэр яг л хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт болж.

Намын дарга атлаа намынхаа дэмжлэггүй, Ерөнхий сайд хэрнээ өөрийн гэх танхимгүй… Ядаж байхад зөвлөхүүд болон хэвлэлийн алба нь улстөрийн туршлагагүйн дээр мэддэг чаддагуудыг бүгдийг нь зайлуулаад хайрцаглачихсан байгаа нь түүнд дээш тэнгэр хол, дорх газар хатууг хатуухан сануулж байх шиг байна.

Орон нутгийн сонгууль ч түүний эсрэг ажиллаж мэдэхээр нөхцөл байдал үүссэнийг улстөр сонирхогчид хэлж байна. Тэр нам дамнасан бүлэглэлд хэтэрхий найдаад өөрийн нам доторх хамгаалалтыг гээгдүүлсэн том “гэм”-тэй улстөрч болсон бололтой.

Үргэлжлэл бий…

Орчуулах »