Х.Баттулгын хөзрийн модыг дэмжих Л.Оюун-Эрдэнэд хотын дарга туслах гэж үү?!

Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нар салаа замын эхэнд иржээ. УИХ-ын сонгуулиар Х.Баттулгатай ойлголцож ажилласан Л.Оюун-Эрдэнэ нийслэл дээр ч үргэлжлүүлэхийг Х.Нямбаатарт “үүрэгдсэн” мэдээлэл байна. Харин Нийслэлийн намын хороог толгойлж байгаа Х.Нямбаатар эрс татгалзан, дангаараа сонгуульд оролцоно гэдгээ удаа дараа мэдэгдээд зогсохгүй нам дамнасан хамтралыг дэмжихгүй гэсэн бололтой.

Орон нутгийн сонгууль Л.Оюун-Эрдэнийн хувьд тун чухал. Тиймдээ ч Х.Нямбаатарт бүхнээ даатгасан байж таарна. Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж УИХ-ын сонгуулиар нийслэлд МАН илүүрхсэн явдал Х.Нямбаатарт салж тоглох сонирхол, хүсэл төрүүлсэн бололтой.

Гэхдээ тэр орон нутгийн сонгуульд ялагдал хүлээвэл хотын даргын суудлаа нийслэлийн намын хороотой нь алдана. Алдах алдахдаа Л.Оюун-Эрдэнийг чирч нам доторх хөлөө тэр чигт нь алдана гэсэн үг.

Х.Нямбаатарын хувьд түр зуурын утсан хүүхэлдэй болж яваагаа, Х.Баттулгын халаасанд түүний нэр биш АН-ын нийслэл хариуцсан дарга Т.Батцогтынх нь нэр явааг мэддэгтээ сөргөж буй биз.  

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ И Эм Си Эйч Инженеринг гэх хуулийн этгээдээс өөр зүйлгүй Т.Батцогт Соёмбо ардчилал клуб төрийн бус байгууллагын гишүүн. Өнгөрсөн жил татан буулгасан эл төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга нь өнөөгийн УИХ-ын гишүүн Даваахүүгийн Пүрэвдаваа байв. Өөрийн намаас ч, Үндэсний эвслээс ч нэр дэвшээд буй нь мэдэгдэхгүй явсаар гишүүний тангараг өргөчихсөн энэ эрийн ард Х.Баттулга байсан учраас МАН АН-ын аль нь ч байр суурь илэрхийлж, түйвээгээгүй гэдэг.

Хэзээнээсээ Х.Баттулгын хоньч хөвгүүд гэгддэг Д.Пүрэвдаваа, Т.Батцогт нарын бүртгэлтэй Соёмбо ардчилал клубын гишүүд нь хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн хурган дарга нар.

  • Ц.Батхүү НИТХ-ын төлөөлөгч
  • З.Үүрцайх Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Албаны дарга
  • М.Тулгат Нийслэлийн ИТХ, ИТХ ын төлөөлөгч
  • Д.Отгонбат БЗД ИТХ, Баг, хорооны Засаг дарга
  • С.Гантулга БЗД ИТХ, Дүүргийн Засаг даргын орлогч
  • Ш.Ганчимэг БЗД ИТХ, ИТХ ын төлөөлөгч
  • Н.Батсүх БЗД ИТХ, Баг, хорооны Засаг дарга
  • Б.Оюумаа Баянзүрх ДЗДТГ, Хяналт шалгалт дотоод аудит хариуцсан мэргэжилтэн, Үндэсний эвсэлээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч
  • Т.Баясах БЗД ИТХ, ИТХ-ын төлөөлөгч
  • Д.Энхтүвшин БЗД ИТХ, Төлөөлөгч
  • Д.Гэзгээ Баянзүрх ДЗДТГ, Дарга
  • Д.Нэргүй Баянзүрх ДЗДТГ, Дарга, Орон нутгийн өмчит ААН
  • Ж.Баярмаа Монгол банк, Хянан шалгагч
  • А.Түмэннасан БЗД ИТХ, ИТХ ын төлөөлөгч
  • Д.Нарангуа Баянзүрх ДЗДТГ, Дарга,
  • Б.Халиунаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

Эдгээр нөхдийн олонх нь Баянзүрх тогтвортой хөгжил төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй байсан нь хэтэвч төдийгүй эрх ашиг нэгтэй гэж хардахад хүргэдэг биз. Нэр бүхий хоёр төрийн бус байгууллагын аль алийг нь татан буулгасан бол Т.Батцогтын нэрээ хасуулаад буй Монголын цахим спорт тоглоомын холбоо нь хуулийн этгээдийн бүртгэлд хүчин төгөлдөр байгаа. Эл холбооны Удирдах зөвлөлийн дарга нь Д.Пүрэвдаваа бол гүйцэтгэх захирал нь Э.Хатанбаатар. Мөн л Баянзүрх дүүрэгт хурган даргын алба хашиж явсан нэгэн гэдгийг уншигчид мэдэх биз. Шалдар булдархан, жижиг сажиг энэ мэт холбоо сүлбээ нь тэднийг Х.Баттулгын гэх нам дамнасан бүлэглэлийн Баянзүрх дүүргийг бүрхсэн ганхашгүй “хөл” гэдгийн илэрхийлэл болж харагддаг.

Т.Батцогт УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвших хүсэлтийг намдаа гаргасан ч олны зэмлэл хүртээд хойш суусан. Гэхдээ үүнийг нь нийслэлийг гартаа авч, хотын даргаар Т.Батцогтыг томилуулах Х.Баттулгын далд хөзөр гэлцэж буйг хэлэхгүй өнгөрч болохгүй. Алин ч байлаа гэсэн тэр нийслэлийн АН-ыг толгойлж сонгуульд оролцоно. Х.Баттулгын эл хөзрийн модыг дэмжин Л.Оюун-Эрдэнэ ч хэдэн мод цааш хийчихсэн гэх шуум сүүлийн өдрүүдийн жинтэй яриануудын нэг болж байна. Хэрэв Х.Баттулгын гаргаж тавих Т.Батцогтыг үнэхээр Л.Оюун-Эрдэнэ дэмжиж буй юм бол Х.Нямбаатар хэн болж хувирах вэ… Түүний карьер энэ хүрээд дуусч байгаа гэж үү?!

Эл шуум үнэн бол Х.Нямбаатар шазуур зуухаас яалтай. Тэр холын нүүдэлтэй улстөрчдийн хэсэгхэн зуурын шивэгчин болоод өнгөрөх хэрэг үү?! Ингэх тохиолдолд намдаа зүтгээд дууссан нь түүнд хожоотой болж таарна.

Нийслэлийн МАН-ын суудалд У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан нараас гадна олон ч хүн нүдээ ухаад өгөхөд бэлэн шахам яваа.

Хотын анхны эмэгтэй Засаг дарга болмоор байна хэмээн 2017 онд нүүр номондоо бичиж байсан Э.Золзаяа ХҮН-ын нийслэл дэх салбарыг чиглүүлэхээр болсон нь санаандгүй ч хэрэг биш байх. Түүнтэй буюу ХҮН-ын нийслэлийн намын хорооны даргын сунгаанд хот байгуулалтын чиглэлээр бизнес эрхлэгч Л.Одсүрэн, хотын эдийн засгийн чиглэлээр байр сууриа идэвхитэй илэрхийлдэг эдийн засагч, жиргээч Ц.Лут-Очир нар өрсөлдсөн. Гэхдээ эмэгтэй нэр дэвшигч илүүрхсэн нь Д.Амарбаясгалангийн дэмжлэг байсан гэх яриа хэсэгтээ л ХҮН-ын дотоодод хэсүүчлээд намжсаныг анхаараад тэмдэглэчихэд буруутахгүй л болов уу.

Байгаль орчин, байгалийн нөөцийн менежментээр Тайваньд боловсрол эзэмшсэн тэрбээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай тун ойр гэдэг. Тиймээс Нийслэлийн анхны эмэгтэй дарга болох хүсэл нь биелдэггүй юм гэхэд НИТХ дахь ХҮН-ын суудлын тоог нэмэгдүүлээд зогсохгүй Х.Нямбаатарт хурууны ором гартал алганы амт үзүүлж мэдэх л бүсгүй юм.

Үндэсний эвсэл ч НИТХ-д суудалтай болох туйлын хүсэлтэй яваа. Парламентын гишүүн болгосны төлөөс, аяганы хариуг өдөртөө барьдаг жаягын дагуу Д.Пүрэвдаваа нэгийг бодож хоёрыг төлөвлүүлж суугаа биз.

Үргэлжлэл бий…

Орчуулах »