Бүлэглэлүүдийн гоомой хандаж болохгүй сонгууль тул яалтай билээ

Жил бүрийн өдийд арабууд ирж шонхор авладаг. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвшөөрлөөр хийгддэг ажил гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз.  

Өнгөрсөн жил гэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ салбар хариуцсан сайдаар ажиллаж байхдаа хоёр орны дипломат харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гээд арабуудад 12 аймгаас шонхор авлах зөвшөөрөл олгож байв. Олгоод зогсохгүй 12 аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар, ан хариуцсан мэргэжилтнүүдэд энэхүү шийдвэрт онцгой анхаарахыг албан бичгээр даалгасан байдаг. Энэ мэтчилэн хэвшил болчихсон шонхорын асуудал гэнэт олны анхаарлыг татан цагдаагийнхныг бужигнуулж, хоёр ч аймгийн Засаг даргын суудлыг ганхуулах хэмжээнд хүрсэн нь өөрөө сонирхол татаж буй юм.

Шонхор агнах нь Засгийн газар хоорондын, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тусгай зөвшөөрлөөр явагддаг төдийгүй хуулиар тоо толгойг нь тогтоон төлбөр мөнгийг нь хураах заалттайн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн жил Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор барьж ашиглахыг зөвлөсөн талаар мэдээлж байв. Ингэхдээ амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тооцохоор тогтоосон байдаг.

Ийм байтал шонхор шувууны асуудлаар дуулиан дэгдээн, хоёр ч аймгийн Засаг захиргааг олны шүүмжлэлд оруулаад авсан явдлыг иргэд Орон нутгийн сонгуультай холбоотой байж мэднэ хэмээн хардаж байна.

Учир нь эл шуугиантай зэрэгцэн Өвөрхангай аймгийн удирдлагыг буруушаах, огцруулах асуудал цахим орчинд эрчтэй өрнөөд эхэлсэн. Өмнөх Засаг дарга А.Ишдорж орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, ослын улмаас хүний амь нас хохирсон тул хуулийн байгууллагад шалгагдан Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Гэсэн хэдий ч УИХ-ын сонгуулийн үеэр штабаа ахалж ажиллан олны хэл ам дагуулж байв.

Түүний орыг орлогчоор нь ажиллаж байсан И.Доржсүрэн залгамжлан ажиллаж байгаа.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Тэк ньюс, Гранд бриллиант гэх хоёр хуулийн этгээд бүртгүүлсэн байсан ч Засаг ноёны тамга атгахтайгаа зэрэгцэн нэгийг нь өөрийн хамаарлаас гарган хасалт хийлгэсэн. Хасалт хийлгэсэн Гранд бриллиант ХХК-ийн нь захирал Г.Өсөхбаяр 2021.08.10-нд Эрдэнэс тавантолгой ХК-д албаны даргаар ажиллах болсон нь нээлттэй мэдээлэлд бий.

Г.Өсөхбаярын нэр дээр олон хуулийн этгээд бүртгэлтэйгээс өнгөрсөн жил татан буулгасан Би Би Эм майнинг ХХК–ийн гишүүнчлэлд байсан Н.Оргилыг МАН-ын пиарыг хариуцах болсон А.Амундратай нэлээд ойр гэлцдэг.

Тэрчлэн Улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд И.Доржсүрэнтэй хамаарал бүхий олон хуулийн этгээд бүртгэлтэй байх аж. Тэрбээр ТТБА гэх компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй бол гишүүнчлэлд нь багтаж байсан Тодбаярын Өнөртуяа нь Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх ерөнхий Газарт ахлах нягтлан бодогчоор ажилладаг сонирхолтой мэдээлэл байна.

И.Дашдорж Өвөрхангайн Засаг даргын үүрэгт ажлаас гадна аймгийн хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг, гишүүнчлэлд нь

  • Т.Бадрахбаяр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • Д.Лхаморолмаа Өвөрхангай АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
  • Д.Амартүвшин Авто тээврийн үндэсний төвийн дарга
  • Ж.Болормаа Төрийн банк, Тооцооны төвийн захирал тэргүүтэн багтдаг нь жич сонирхох сэдэв мөн.

Ийнхүү хэзээнээсээ засаг захиргааны зөвшөөрөлтэй хийгддэг шонхрын асуудалд Өвөрхангайн Засаг ноёныг дэнжигнүүлж, үүнд нь Баянхонгор аймгийнхан хошуу дүрж байгаа нь орон нутгийн сонгууль угтсан ажиллагаа юм биш байгаа гэх хардлагыг эрхгүй төрүүлж буй биз.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханыг УИХ-ын дарга асан Г.Занданшатарын хүн гэдгээр улс төрийн хүрээнийхэн андахгүй.  Г.Занданшатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болмогцоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирлаар томилуулж байснаас тэр биз. УИХ-ын дарга болсныхоо дараа ч “Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулж дөнгөсөн гэдэг. Улстөрийнхний хэлээр бол Г.Занданшатарын лифтээр зорчдог кадр гэсэн үг. Түүнийг албан тушаалын лифтээр өгсөж явах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр нар уул уурайн компаниас тус бүр 100 сая төгрөгийн авлига авсан асуудлаар ажлаа өгч Д.Мөнхсайханд Засаг дарга болох үүд нь нээгдсэн хэрэг. Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянхонгор аймагт МАН 41 мандатаас 22 суудал авч нэг суудлын илүүгээр болов олонх гэгдэн Д.Мөнхсайханыг Засаг даргаар улираасан байдаг.

Одоо орон нутгийн сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хоног үлдэж.

Эл сонгууль 2027 онд Төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөний суурь, хөл болох учиртай тул бүлэглэлүүд гоомой хандахгүй. Х.Баттулгын хувьд Ц.Тувааныг эл сунгаанд бэлтгэж эхэлсэн гэх бөгөөд Эрдэс баялгийн сайдаар түмний нүдэнд хоногшуулах тактик барьж байгаа гэлцэнэ.

Тэгэхээр УИХ-ын сонгуулийн 1-р тойргийн улаан өнгийг орон нутгийн засаг захиргааны түвшинд цэнхэртүүлэх, одоогийн Засаг ноёдыг муухай харагдуулах ажиллагаа эхэлсэн гэх олны хардлагыг үгүй гэх аргагүй л юм.

Улстөр хатуу… Тэр дундаа бүх шатны эрх мэдлийн төлөөх сонгуулийн өмнөх улстөр тоглоом биш. Хэн цаг үеэ, массын сэтгэлзүйг оюун санаатай нь удирдаж чадна, тэр л ялна. Яалтай билээ…

Орчуулах »