ТЭР юунд шахагдаж, юуг зөвшөөрсөн бол?!

Орон нутгийн сонгуулийн өмнө В.Путин Монголд үдлээд буцлаа. 2000 онд анх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар дөрөв, Ерөнхий сайдын байр сууринаас нэг удаа ирж байж. Дайны гэмт хэрэгтэн гэгдэх түүнийг цай уугаад мордох зуурт баривчлах ёстой, ёсгүй хэмээн бид өөр зууртаа хэрэлдсээр байдгийнхаа баруун хаяанд үлдэцгээв. 

Манай улс Орос Украины асуудалд төвийг сахьдаг ч НҮБ-ын санал хураалтаар Оросын эсрэг санал өгөхөөс түтгэлзэж байснаараа Оросыг дэмжигч гэгддэг. Шатахуун, цахилгаанаар шууд хамааралтай улсын хувьд буруутгах ч аргагүй юм.

Гэлээ гээд Олон улсын эрүүгийн шүүхээс Ромын дүрмийг зөрчсөн зэм сонсч, зарим нэг улс Монголд хориг тавих эрсдэл ч байсныг хэлэх хэрэгтэй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжинд зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумд оролцохоор Хятадад айлчилж байсныг уншигчид санаж буй биз. Тус айлчлалынхаа үеэр 2023.10.17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талт хэлэлцээр хийхдээ ирэх жил нь Монголд айлчлахыг урьсан байдаг.

Үүнээс өмнө 2023.03 сард Хааг хотод төвтэй Олон улсын эрүүгийн шүүх дайны гэмт хэрэгтэй холбогдуулан түүнийг баривчлах захирамж гаргасан бөгөөд захирамж гарснаас хойш Путин анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн оронд айлчилсан нь энэ юм.

Кремлийн хэвлэлийн алба Монголын талтай сайтар ярилцаж баривчлах аюул байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ сайтар ярилцах гэдгийг өөрөөр тайлбарласан сэтгэгдлүүд цахим орчинд дүүрэн бий.

Улсын баатар Э.Бат-Үүл гэхэд “Айлчлалынхаа өмнө “өөрийн агент”-аараа дамжуулан Төрийн тэргүүнд “далд заналхийлэл” хүргүүлээд ирж байна” хэмээн өөрийн нүүр номондоо бичиж байв.

Цахим орчин дахь үнэн худал нь эс мэдэгдэх мэдээллүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нэгбүрчлэн няцаагаад “Олон улсын эрүүгийн шүүх”-ээс Ерөнхийлөгчид захидал өгөөгүй гэдгийг ч тодотгосон.

Гэхдээ айлчлалын өмнөх өдрүүдэд УБТЗ хийгээд У.Хүрэлсүхийг тойрон өрнөсөн элдэв үйл явдлууд эрхгүй анхаарал татахаар байсныг хэлэх хэрэгтэй. Төрийн тэргүүний тавиул гэгддэг Х.Хэрлэн УБТЗ-ийг удирдаж буй энэ цаг үед гэнэт аудит оруулахаар болж, 2015 оноос хойших бичиг баримтыг ухна гэсэн нь тохиолдол гэхэд хэтэрхий гэнэн явдал болох биз.

Ерөнхий аудитор Д.Загджав Тавантолгой түлш ХХК-ийг Эрдэнэс Тавантолгой ХК-иас 1.1 их наяд төгрөгийн татаас өгч санхүүжүүлсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж, үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг буруутгасан. Ц.Даваасүрэн Д.Загджав нарын сөргөсөн асуулт хариултууд ажил хэрэг гэхээсээ хоршсон “тоглолт” шиг харагдаж байсныг нуух юун.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Г.Дамдинням нарын “Чингис хаан банк руу хэний шийдвэрээр мөнгө шилжүүлсэн бэ. Сангийн яам ямар оролцоотой вэ. Хэн яг шийдвэр гаргасан бэ” гэх байдлаар Б.Жавхланг боргоосон байдлыг ч цаг үе нь санаандгүй таарчихлаа гэхэд түвэгтэй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “Б.Жавхлангийн эхнэр Чингис хаан банкны хувьцаа эзэмшигчидтэй хамааралтай” гэж мэдэгдэж байсныг ч энэ зуурт санахад илүүдэхгүй.

Дараагийн Ерөнхий сайдад нэрлэгддэг Сангийн сайд Б.Жавхланг У.Хүрэлсүхээс салгаж ойлгох боломжгүйг бүгд мэднэ. Энэ мэт тохиолдол гэж үзэж боломгүй хэрэг явдлуудын талаар жич тоймлох тул энд түр орхиё.

У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш хэд хэдэн удаа Путинтай уулзсан. Астанад, Бээжинд, мөн нутагт нь албан айлчлалын гээд нүүр тулсан олон уулзалт тэдний дунд бий.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар тав дахь удаагаа Монголд ирж буй Владимир Путины айлчлалаар ямар ямар асуудал хөндөгдөн, шийдэгдэж байсныг товч сонирхъё.

2000.11 сар 

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монголын Засгийн газар их өрийн асуудал хөндөж, айлчлалын үеэр ОХУ-аас зээлсэн их өрийг шийдэх, тэглэх тухай хэлцлийн түвшинд тохиролцсон байдаг. Улмаар 2003.06.23-нд Ерөнхий сайд Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын өрийг тэглэх асуудлыг бүрэн шийдэж, 2003.12.31-нд их өр дууссан түүхтэй.

Тэрчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан байна.

2009.05.13

Ерөнхий сайд С.Баярын урилгаар Ерөнхийдөгч биш Ерөнхий сайдын хувиар В.Путин Монголд хугас өдөр саатаж. Тухайн үед Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн үе таарч, Н.Энхбаяр Ц.Элбэгдорж нар өрсөлдөж байв. В.Путин Н.Энхбаяраа дэмжээрэй гэчихээд явсан гэх яриа хэсэгтээ улстөрийн хүрээнд хөвөрснийг мэдэх нэг нь мэдэх байх.

В.Путины хугас өдрийн айлчлалаар Засгийн газар хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Ингэхдээ айлчлалын гол нь хоёр аж ахуйн нэгж байгуулахад оршсныг өнгөрсөн үйл явдлаас харж болно. Монгол Улсад шинээр төмөр замын дэд бүтэц барих болон УБТЗ нийгэмлэгийг хөгжүүлэх асуудлаар хамтарсан аж ахуйн нэгж байгуулах протоколыг айлчлалын бэлтгэл болгон В.Якунин Монголын Зам тээврийн сайдтай үзэглэсэн байдаг. Тэрчлэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Е.Скрынник Монголын малын махны импортыг 3-4 дахин нэмэгдүүлэх шийдвэрт гэрээнд гарын үсэг зурж байжээ.

Мөн үеэр Ерөнхий сайд С.Баяртай ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд уулзалт 30 орчим минут үргэлжилсэн байдаг.

2014.09.03

Энэ онд тэрбээр хойд хөршийн Төрийн тэргүүний хувиар Монгол Улсад гурав дахиа хөл тавилаа. В.Путин Чингис хааны талбайд ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэх үеэр нулимс дуслуулж уйлсан талаар дэлхий шуугиж байв.

Айлчлалын үеэр 13 баримт бичигт гарын үсэг зурсан. Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратеги түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, Монголын Боловсрол, шинжлэх ухааны яам “Роснефть” нийгэмлэг хооронд ч санамж бичиг байгуулав. Айлчлалыг ерөнхийд нь багцалбал иргэдийн харилцан зорчих нөхцөл, хууль бусаар байгаа иргэдийг буцаах, иргэний нисэхийн салбарт хамтрах, “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна. 

2019.09.01

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд газардав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Монголд болоход оролцоогүйгээс гадна 2016 оноос хойш манай улсад хийх айлчлалын тов хэд хэдэн удаа хойшилсны эцэст Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан ирсэн нь энэ байв.

Хоёр улсын Төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийж, энэ талаар Х.Баттулга “Олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр санал бодлоо солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа” хэмээсэн байдаг.

Энэ үеэр найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүй болгож, гарын үсэг зурав. Тэрчлэн Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Улмаар Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгуулав.

Мөн ОХУ-ын Засгийн газраас 100 тэрбум рублийн экспортын зээл авч Улаанбаатар төмөр зам хамтарсан нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барихад зарцуулах болсон талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлж, тэр нь тухайн үеийн хэвлэлүүдэд тэмдэглэгдэн үлджээ.

В.Путин ганцаарчилсан уулзалтын дараа “Оросын төмөр замчид Монголын төмөр замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад тусламж үзүүлэхэд бэлэн байна. ОХУ нь Монгол Улсад уламжлал ёсоор эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. “Ростех” компани Монголд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хэсгийг хангаж байна. Тус компани Улаанбаатар хотын IV Цахилгаан станцын шинэчлэлд тусламж үзүүлж байгаа ба шинэчлэлийн үр дүнд станцын хүчин чадал улам нэмэгдэнэ… Батлан хамгаалах, терроризмтой тэмцэх асуудлыг ч дэлгэрэнгүй ярилаа. Уг салбарын хамтын ажиллагаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Энэ оны наймдугаар сард хийсэн цэргийн хамтарсан сургуулилт амжилттай болж өнгөрснийг энд дурьдах нь зүйтэй…” гэсэн байдаг.

2024.09.03

Энэ удаагийн түүний айлчлал өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь Олон улсын эрүүгийн шүүхийн “Дайны гэмт хэрэгтэн” гэх жигшил зэвүүцэл дагуулсан байв. Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ирсэн В.Путин Дулааны III цахилгаан станцын зураг төслийг Оросын талын компаниар гүйцэтгүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Дэлхийн чихийг дэлдийлгэсэн эл айлчлалын талаарх шүүмж, зөвтгөлийн аль аль нь хангалттай бий тул энд нурших нь илүүц биз. Ямартай ч айлчлалын өмнөх У.Хүрэлсүх рүү чиглэсэн дайралт, гутаалтууд тохиолдол гэхэд хэтэрхий олон тул энэ талаар үргэлжлүүлэн судлах нь зүй юм… Тэр юунд шахагдаж, юуг зөвшөөрсөн байж таарах бол. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаарт хүргэх тул энд хүрээд түр өндөрлөе.

Үргэлжлэл бий…

Орчуулах »