Өдөр ирэх бүр цар тахлын аюул ихсэж, халдвар тархалтын хүрээ тэлж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос сар шинийн өдрүүдэд хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.
Энэ хугацаандаа нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж, ирэх гуравдугаар сар гэхэд тархалтыг 3-4 дахин бууруулах зорилго тавьснаа Шадар сайд мэдэгдсэн билээ.
Эл шийдвэртэй холбогдуулан сар шинийн 128 бөхийн барилдаан ч цуцлагдаж байгаа юм.
Гэтэл Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргаж, 11-ний өдөр гурван онгоц хөлөглөн Говь-Алтай аймагт очиж барилдана, онгоцны зардал болон шаардлагатай бүх зардлаа бөхчүүд өөрсдөө даана гэх цочмог шийдвэрийг гаргав.
Сар шинийн битүүн буюу энэ сарын 11-нээс өмнө орон нутаг явах иргэдийг бүгдийг нийслэлээс багтааж гарган, харин түүнээс хойш 20-ныг хүртэлх бүх хөдөлгөөнийг зогсоох Улсын онцгой комиссын шийдвэрийг Монголын Үндэсний бөхийн холбоо ийн сөрж, аархаж буйд олон нийт, тэр дундаа Говь-Алтай аймгийн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байгаа.
Тэрчлэн УОК-оос “Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл зарим нь энэ шийдвэрийг зөрчөөд барилдаж болохгүй. Мөн эрсдэл үүсгэхгүй байх чухал. Үүнийг МҮБХ ойлгож байгаа гэж бодож байна. Цахимаар зохион байгуулах ямар боломж байна гэж судалж үзсэн. Ингээд бүх нийтийн бэлэн байдал зарлаж байгаа энэ үед заавал бөхийн барилдаан зохион байгуулах ёсгүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Дараа нь зохион байгуулах боломжтой” хэмээн онцгойлон хориглов.
Үүнд бухимдсан Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар лайв хийж цагаан сарын барилдааныг аймагтаа барилдуулах санаачилгыг яагаад гаргасан талаараа нэлээдгүй омогтой тайлбар хийж, улмаар олон нийтийг Улсын онцгой комисстой нь хамтатган загнаад авах шиг боллоо.