Жижиг Тавантолгой Эрдэнэтийн 49-ийн араас орох аюул ойрхон байна

Сүр дуулиант НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гэх хэрэг юу болоод сүр сүлдгүй, худал хуурмаг ханхлуулсаар хоёр, гуравхан гишүүний бүрэн эрхтэй ноцолдоод дуусгавар болчихов. Өгөр муу хулгайчдыг зарла хэмээн хашгичиж байсан жагсагчид хаачив… Энэ бүхэн хэн нэгэнд, аль нэг бүлэглэлд зориулсан улстөрийн зохиомжит үзэгдэл байсан хэрэг үү?!

Тэгвэл хэнд… яах гэж…

Урд хөршийн нэрийг хүртэл оролцуулж ирээд бужигнуулсан эл шуугианыг жүжиг байсан гэж үзвэл сценари нь хаана, хэзээнээс бичигдчихэв… Хайх гээд, таамаглах гээд үзье. Үйл явдлын эхэн рүү эргээд нэг очъё.

…Нүүрсний шүгэлийг анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд үлээсэн. Өөрийн хамаарал бүхий 4 компаниар ЖДҮХС-гаас нийт 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдон яллагдагчаар татагдаад байсан үе.

М.Энхболдыг унагаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, намын дарга болгосны шагналд түүнийг дэмжин кноп дарсан бүхэн ижил дүнгээр ЖДҮХС-гаас зээл авчихаж гэгдэн хэд хэдэн хүнийг яллагдагчаар татсан байсны дунд тэр байв.

Улмаар Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос өргөн барьсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болох байх. Тэр үеэр буюу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Л.Энхболд “МАНАН” бүлэглэл болон УИХ-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэний төлөө шалгагдаж эхэллээ гээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн гэж байсан ч асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийн өмнө “Би Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг илчлээд баларч явна. Энэ төр шударга хүнд халтай юм байна. Эцэст нь өөрөө шоронд орох нь” хэмээн “уйлсаар” бүрэн эрхтэйгээ үлдэж байв.

Сүүлд, 2020 оны сонгуулиар нэр дэвшиж чадаагүй ч “Эрдэнэс Монгол”-ын захиралд горилоод эцэстээ дэд даргын албан тушаалд томилогдож байсныг энэ зуурт саная.

Энэ үеэс эхлэн нүүрсний хэрэг МАН-ын дотоодод хэрүүлийн алим болж, хэн нэгнээ номхруулах цамц болсон гэчихэд буруутахгүй.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсны дараахан, 2018.04.13-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр  Тавантолгойн орд газраас 268.3 мянган тонн нүүрс ямар ч бүртгэлгүйгээр алдагдсан асуудал хөндөгдөөд таг болсон. Тухайн үед 2013-2017 онуудын хооронд 849 мянган автомашин хил гарсан талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдсэн бол Гаалийн ерөнхий газраас 814 мянган автомашин гарсан хэмээн 35 машины тоогоор зөрүүтэй мэдээлэл өгч байв. Улмаар үүнийгээ АН засагласан дөрвөн жил болоод Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хамарсан нүүрсний хулгайн асуудал байдлаар хөндөн тавьж байсан юм.

Ингээд 2019 онд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад хулгайн нүүрсний араас орсон ч өнөөдрийнх шиг газар авахуулан попорч байсангүй.

Энэ үеийн шалгалтын талаар Ч.Хүрэлбаатар өнгөрөгч оны 11-р сард л ам нээн “Тухайн үед Сангийн сайдын хувьд тушаал гарган хууль, татвар, гаалийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг гаргасан. Хилээр хоосон машин гардаг, тодорхой хэмжээний нүүрс бүртгэлгүй гардаг нь илэрч, гурван сар орчим шалгасны эцэст Засгийн газарт танилцуулаад хууль хяналтын байгууллагад шилжүүлж байв. Гэсэн ч хэргийг хаасан байсныг сэргээн шалгаж байна. Хуулийн байгууллагад юу болсныг тэднээс асуугаарай” гэж байв.

Энэ нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нүүрсний хулгайн мөрөөр орсон ч  намын гишүүд нь олноор хутгалдсан, Уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй мафижсан бүлэглэлтэй болсныг мэдээд чимээгүйхэн “даруулсан” хэмээн номер нэг рүү ноцсон мэт мэдэгдэл болсон.  

Улмаар хав дарсан хэргийг Л.Оюун-Эрдэнээр сэвүүлж дээр орших У.Хүрэлсүх, дороос хатгах Д.Амарбаясгалан нарын “хүлээс”-нээс нэгмөсөн ангижрах гэсэн Ч.Хүрэлбаатарын атгаг санаа эцэстээ энэ хүртэл явлаа гэх намын гишүүд ч байгаа юм. Тэрчлэн Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь нүүрсний гэх хэргийг ухсанаар нам болоод намын нөхөд нь хамгийн их хохирол амсахыг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэлцэж байна.  

Тодорхой он цагууд, түүнд холбогдох тоо баримтуудад анхаарал хандуулъя.

2010-2011.07.01-н хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулахад 379.000 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн баримт олдоогүй гэдэг. Энэ нь Эрдэнэс Тавантолгой ХК үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе.

2013-2017 онд 2.527 компанийн 17.200 орчим машин улсын хилээр урагшаа хоосон нэвтэрсэн гэж бүртгүүлсэн мэдээлэл олдсон. 2022.04.27-2022.05.03-нд Гашуунсухайт боомтод камерын хяналтын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн аж ахуйн нэгж, улсын хилээр гарсан хүн, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тулгаж шалгалт хийхэд ихээхэн хэмжээний нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан хэмээн Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал мэдээлж байсныг энд татъя.

Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайг сэвэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар руу чиглүүлж байсан нь “хамтрагч”-даа нуух гэсэн гэнэн оролдлого бөгөөд тэдэнтэй хамжаад У.Хүрэлсүхийн нам доторх ноёрхлыг хумих зорилго агуулсан нь илтэд байлаа хэмээн парламентын гишүүд ил далд ярих болсон.

Ийм хардлагад хөтлөх болсон шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын “Гаалийн газраас ирүүлсэн танилцуулгад 2018-2022 онд 1.748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг цагдаагийн байгууллагад хүргүүллээ” гэсэн мэдэгдэл ч нөлөөлсөн биз. Учир нь энэ цаг хугацаа бол У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байсан үе.

Нөхцөл байдал өөр рүү нь чиглээд буйг мэдэрсэн У.Хүрэлсүх ч зүгээр байгаагүй.

Асуудлыг олны анхаарлын төвд авчрахын тулд дүн өвлөөр жагсаал “зохион байгуулсан” нь У.Хүрэлсүх болоод Д.Бат-Эрдэнэ, Ч.Ганхуяг нарын эгдүүцэлтэй тулгарч, эсрэгээрээ Засгийн газар огцорчингоо алдсан.

Ямартаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо. Жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу” хэмээн аргаа барж байхав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК оффтэйк гэрээг бие дааж хийдэггүй.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хийх нь тодорхой. Тэгэхээр Бодь интернэйшнл компанитай хийсэн оффтэйк гэрээ Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед хийгдсэн ч тэр гарын үсэг зурагч, тогтоол шийдвэр гаргагч биш тул хэн нэгэн буруутах ёстой бол Засгийн газрын үйл хэргийг эрхэлж буй МАН л хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр Х.Баттулга эцсээ хүртэл дүр эсгэн, жүжсэн болж харагдаж байна.

Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын үед оффтэйк гэрээ хийгдэж, нүүрс хулгайлах боломжийг олгосон байж гэгдтэл асуудал хумигдсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Мөнхбат, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар ажилласан байгаад одоо Д.Амарбаясгалан ажиллаж байна. Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Ж.Ганбаатар гээд эрх барих шатанд гарын 10 хуруунд багтах нэрсээр хязгаарлагдлаа. Эдгээр нөхдийн удирдлага, чиглэлгүйгээр, үгүй ядахад мэдэгдэхгүйгээр хийгдэх ямар ч боломжгүй.

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголын үеэр Гашуунсухайт дахь тээвэрчдийн төлөөлөл н.Саарал гэж хүний “Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан нарыг шалгах ёстой шүү” гэснийг тогтож хянах л ёстой юм.

Хоёр ч улсын хил, гаалийг дамжин нүүрсний хулгай хийгдэж байхад Гаалийн ерөнхий газрын удирдлага мэдэхгүй сууна гэдэг үлгэр. Даргаар нь ажиллаж байсан Б.Асралт яагаад ажлаа өгөөд шалгуулчихъя хэмээн шударгын дүр эсгээд алга болов… Тэр хаана, юу хийж явна. Хайж, хардах л нөхөр?!

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн “Хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордноос л зохион байгуулна” гэснийг иш татан санах хэрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний “хэрэгтэн”-ээр анх А.Адъяасүрэнг нэрлэсэн бол АТГ-аас З.Энхболд, Х.Мандахбаяр нарын 17 хүний нэрийг зарлаж байлаа.

Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Хулгайч нарыг далдлахын тулд биднийг өмнө нь гаргаж хаяж байгаа юмуу, учрыг сайн олохгүй байна” хэмээн бухимдсан бол гишүүн Ш.Раднаасэд “Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг зарлаж байна. Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Танил сценар. Хөөн хэлэлцэх хугацаа, өмд гутал, ЖДҮ гэх мэт. Би үүнтэй холбоогүй. Тэр болгонд дуугүй байсан. Одоо бол хэтэрч байна. Юманд хязгаар гэж бий” гэж хатуухан мэдэгдэж байв. Өмнө нь АТГ, Хууль зүйн яаманд ажиллаж байсан Ш.Раднаасэдийн эх сурвалж баталгаатай байж таарна.

Тэрчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хүртэл “Гудамжны хөдөлгөөнийг дарахын тулд уу, эсвэл 2024 оныхоо сонгуультай холбоотой эдгээр нэрсийг зарлаж байна уу” хэмээн Л.Оюун-Эрдэнийг хардаж байв.

Ямартай ч МАН-ын гишүүд өөрсдөө энэ бүхэн улстөрийн тоглолт гэдгийг ил цагаан зарлаж эхэлснээр АТГ-аас зарласан 17 нэр эцэстээ Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар гурав дээр тунаж, хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлчихлээ.

Эдгээрээс Д.Бат-Эрдэнийг заавал яллах шалтгаан МАН-д, тэр дундаа Д.Амарбаясгаланд бий хэмээн намынхан нь үзэж буй бололтой.

Нам доторх байр сууриа бататгах, У.Хүрэлсүхийн нөлөөллийг сулруулахаар сум татсан Л.Оюун-Эрдэнийн тэмцэл дундаасаа өөрчлөгдсөн шалтгаан нь Д.Амарбаясгалан гэлцдэг.

Нүүрсний гэх дуулиант хэргийн дүйвээнээр орон нутгийн өмчит Тавантолгойд эзэн суух сонирхол Д.Амарбаясгалан, Х.Мандахбаяр нарт асар их бий гэх яриа эрх баригч намынхны дунд гараад удаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын “Хилээр бүртгэлгүй гарсан нүүрсний хулгайн асуудал нь зөвхөн жижиг Тавантолгойд хамаарна” гэснээс ч эл хардлага эхтэй байж мэдэх. Тэрбайтугай Эрдэнэтийн 49 хувийг “булаасан” шиг процессоор жижиг Тавантолгойг улсад авах ажиллагаа тун удахгүй гэх мэдээлэл саарал ордноор нисч эхлэв.

Үүнийг хийхээр Р.Отгонжаргал гэх нөхөр орж ирсэн ч гэлцэж байна. Гэнэт яагаад энэ хүний талаарх яриа тусгаар тогтнолын ордноор хүчтэй дэгдэх болов.

Р.Отгонжаргал гэж хэн бэ?!…

Б.Асралтын оронд Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон Р.Отгонжаргал Говь-Алтай аймгийн Чандмань сумынх. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн дүү гэдгээр хүмүүс андахгүй биз. Улстөрийн хүрээнийхэн бол Улсын мөрдөн байцаах газарт Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа нэлээд хэл аманд өртөж байснаар мэддэг байх.

2008.07.01-ний хэрэгт холбогдуулан О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагааг явуулсан, мөн “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэрэгт ажиллаж Н.Энхбаяр болон дэд сайд М.Тулга нарт холбогдох хэргийг шалгаж байсан гэдгээр ч уншигчид илүүтэй мэдэх болов уу.

Тэрбээр “Нүүрсний” гэх тодотголтой жагсаалын үеэр Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тараах, баривчлах бүхий л үйл явцыг гардан гүйцэтгэсэн гэдэг.

Үүний дараахан тэрбээр Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаа нь олон хүний анхаарлыг татаж буй нь үнэн. Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдэг ч Д.Амарбаясгалангийн шахалтаар албан тушаалаа Р.Отгонжаргалд шилжүүлсэн гэх хардлага Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүрээллээс гадагшлаад өдгөө түймэр мэт газар авч байна.

Тэрбайтугай Уул уурхайн шинэхэн магнат гэгдэх Х.Мандахбаярыг ч Д.Амарбаясгалангаас салгаж ярихаа больсон.

Х.Мандахбаяр Өмнөговь аймаг дахь МАН-ын хорооны дарга бөгөөд дараагийн сонгуулиар тус тойрогт нэр дэвшихээр усалгаа хийгээд удаж байгаа билээ.

Энэ бүгдийг улстөрийн бүлэглэл дагасан хардлага сэрдлэг хэмээн үл ойшоож болох ч жижиг Тавантолгойг төрд авах нэрээр “булаах” ажиллагаа хийгдэж болзошгүй байна гэх мэдээллийг анхаарлын гадна үлдээж болохгүй юм.

Тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК-иудын уурхайдыг зааглаж байсан мөргөцөг нь олборлолтын явцад нуралт үүсэх эрсдэлтэй болсныг мэргэжлийн байгууллагаас тогтоосон бөгөөд улмаар хоёр компани харилцан тохиролцож хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэг. Гэтэл өдгөө болохоор мөнөөх мөргөцөг алга болсон, түүнийг Д.Бат-Эрдэнэ тэргүүтэн хулгайлсан болоод явчихав уу, яав… Нөгөөтэйгүүр жижиг тавантолгой гэгдэх уурхайн борлуулалт ам нөхцөлөөр буюу уурхай дээрээсээ шууд борлуулагддаг байтал томоохон хувьцаа эзэмшигчид нь нүүрсний хулгайн хэрэгтэн ч болчих шиг, эс бөгөөс ОУ-ын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, санхүүгийн тайлан нь ил явагддаг компаниасаа хулгай хийчихсэн ч юм шиг учир тоймгүй орооцолдсон хэрэг болоод хувирчихлаа.

Тэгэхээр энэ бүхний ард жижиг Тавантолгойг төрд авах нэрээр “булаах” ажиллагаа явагдаж болзошгүй байна гэх мэдээллийг судлан шалгахад гэмгүй юм.

Үргэлжлэл бий…

Орчуулах »