Судалгаа хол зөрдөггүй тул намууд сандал, суудлаа яриад эхэллээ

Сонгуулийн сурталчилгаа хаагдлаа. Тархиа амрааж сонголтоо тунгаах 24 цаг эхэллээ. Маргааш санал хураалтын өдөр…

Урьдчилсан байдлаар МАН олонхи болохгүй ч олуулаа болж, АН дуугарч чаддаг бол сөрөг хүчний дайтай, Үндэсний эвсэл, ХҮН, Иргэний зориг гэхчлэн улстөрийн жижиг намууд 1-5 хүртэлх цөөн суудал авахаар байгааг судалгааны байгууллагууд болон ажиглагчид хэлж байна.

Найман жил засагласан эрх баригчдаас иргэд залхаж, улс хөгжих байтугай улам бүр уруудан, иргэдийнх нь амьдрал дээрдээгүйд гомдолтой байгаа. Татварыг сохор зоосоор ч нэмэгдүүлэхгүй гэсэн амлалтаасаа МАН ухарч, татвар төлөгч бүтээн байгуулагчдаа гэмтэн мэт дорд үзсэн найман жилийг хэн ч үргэлжлүүлэхийг хүсэхгүй нь лавтай. Нийслэлчүүд МАН биш бол хэн ч хамаагүй гэх байдлаар хандаж, нийт иргэд аль ч нам ялгаагүй хог гэлцэн нэр дэвшигчдийг үл тоож байна.

Эрх баригчид ч энэ удаагийн сонгууль амаргүй байхыг хэд хэдэн судалгааны дүнгээс ажигласан биз.

Товчхондоо МАН, АН гэх хоёр намын өнөөгийн удирдлагууд, залуу гишүүд нь алдаатай оноотой ч өмнөх үеүддээ талархах хэрэгтэйг орон нутгаар бүтэн тойрохдоо харсан байх. Орон нутагт, нийслэлд ч тэр МАН, АН гэх хоёр улстөрийн хүчин суурь бүтцээ сайтар хийсэн, намын аппарат, хатуу гишүүнчлэлээрээ зодож гарч ирсээр дадсаныг залуу удирдагчид ойлгосон биз. Тиймээс олонх биш ч олуулаа болж чадвал өвгөцүүлээ суулгаж байгаад талархах, өвдөг сөхөрдөггүй юм гэхэд өөдөсхөн хадаг бариад уучлал гуйчихад муухай харагдахгүй л байх. Өвгөдийн бүтээсэн бүтцээр суудалтайгаа үлдэхээ ойлгосонтойгоо зэрэгцэн хогийн, богино эргэлттэй тоглолтоо хийсээр байвал аль аль намын энэ бүтэц 2028 онд бүрэн үгүй болохыг мэдэрсэн биз.

Гэхдээ тэд сууриа тордоогүй ч суудал наймаалцахаа мартаагүй ээ…

Улстөрийн ууган хоёр нам шинэ парламентад хамтарсан Засгийн газар байгуулах шийдэлд хүрч, тойргуудаа наймаалцан сул хаяхыг нь хаяж, санал хуваах жижиг намуудыг сэлгээгээр оруулж ирсэн нь үнэн. Жирийн гишүүд нь намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийн төлөө тэмцэлдэж эхнэр, ижий аавтайгаа ч тэрсэн дээгүүрээ ашиг сонирхол, эрх ямбын төлөө гар барилцан, гэр босголцдог нь жишиг.

Байнгын ажиллагаатай парламент анх удаа 126 гишүүнтэй ажиллана.

Бодлого, мөрийн хөтөлбөрөөр бус хов хөөсөн, эхнэрээ гайхуулсан, тооноор орж, тогоо зуух өшгичсөн аймаар хүмүүс орж ирнэ.  

Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөр Т.Доржханд Н.Номтойбаяр А.Отгонбаатар нарын хэн нь дараагийн Ерөнхий сайд байхыг шийднэ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс бусад улстөрийн намуудын дарга нар жагсаалтын ард нуугдсан.

ХҮН болоод бусад жижиг улстөрийн нам эвслүүдийн хувьд олонх гэхээсээ парламентад суудалтай болох л чухал байх. Тэрбайтугай бүлэг байгуулах хэмжээний суудалтай болох эсэх тэдэнд мөрөөдөл төдий гэчихэд хатуудсан болохгүй биз.

Л.Оюун-Эрдэнийн тухайд энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулж намын нэрийн жагсаалтынхаа эхний 20 орчмыг чирч орж байж, улмаар орон нутгийн сонгуулиар ч амжилт үзүүлж байж улиран сонгогдох эсэх нь шийдэгдэнэ. М.Энхболдын эсрэг босч байсан шиг нь энэ удаад энд тэндээс жигүүр урган түүнийг унагаж мэдэхээр байгааг хэлэх хэрэгтэй.

Улстөрийн энэ их үйл явдалтай зэрэгцэн генсекийн суудлын төлөөх өрсөлдөөн ч ширүүхэн болох биз. Одоогоор сонгуулийн чимээнд дарагдаж буй болохоос намаа авах операци эрх баригчдын дунд хэдийнэ идэвхжээд ил далд уулзалдаж байна.

Л.Гантөмөрийн тухайд хамтарсан Засагт гэхээсээ УИХ-ын дэд даргын суудал олдвол их юм байдлаар улстөр судлаачид таамаглаж байгаа. Харин түүнд ирэх ёстой хөзрийн моддыг Х.Баттулга хэнд хэрхэн хуваарилахыг шийдэх биз. Тэр өөрөө хамтарсан Засагт Шадар сайд нэрийн дор сууж эрх баригч талаас орж ирэх сайд нарыг ч зуралцаж батална гэж буй нь үнэнд нэлээд дөхүү мессэж байж мэднэ.

Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голдоггүйн жишээг харуулж Л.Гантөмөр “Би Ерөнхий сайд болбол Их тэнгэрт амьдрахгүй. Гэрээсээ ажилдаа явна” гэж жиргээд нийтлэлч Баабараас “Эхлээд архины эмчилгээнд хамрагд” гэсэн найрсаг зөвлөгөөг сонсоод амжсан. Тэрчлэн АН Засгийн эрх хуваалцах боломж гарвал Ц.Элбэгдорж кабинетийн магнай орчимд суухаа илэрхийлснээр АН-ыг санал хураалтаас өмнө дахин талцуулаад байна.

Т.Доржхандын хувьд Засгийн бялуунаас татгалзахгүй. Тэрбайтугай намын нэрийн жагсаалт дахь нөхдөө яам, төрийн өмчит компанид даргын суудлаар “шагнаж, урамшуулах” талаар ярьсан гэх мэдээлэл бий.

Н.Номтойбаяр бол парламентын босго давбал аз эз болох биз. Тэр ганц дайчин ганцаардахгүйг харуулж орилсоор жижиг Н.Алтанхуяг гэгдээд буй нь үнэн.

Орчуулах »