Нэн яаралтай төсөл буюу “Ах дүүс”-ийн парламент байгуулна гэв үү?!

МАН тоглоомын дүрмээ өөрчлөхдөө ухралт хийж Үндсэн хууль зөрччихлөө.

Парламентад олуулаа бус олонх байхдаа УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог хувилбарыг баталж байсан тэр жил шоконд ортол ялагдал хүлээсэн МАН энэ удаад дахиад л дураар авирлаж байна. Хүн биш намыг нь дугуйлуулсан 2012 оны сонгуулийн дараа АН Засаглаж, парламентад гурав дахь хүчин орж ирсэн нь Н.Энхбаярын гэх “Шударга ёс эвсэл” байв.

Тухайн үед У.Хүрэлсүх ялагдал хүлээсэн намын гишүүнээр парламентад суухыг хүсэлгүй бүрэн эрхээсээ татгалзан хилийн чанадад зугаалж байгаад, удалгүй Шадар сайдаар эргэн ирж байсан.

Можаритор тогтолцоо нь сонгогчдын санал гээгддэг, жалга, довны үзэл гаардаг гажуудалтай хэмээн хашгиралдаж байсан МАН хойд онд нь холимог тогтолцоог Сонгуулийн хуульд шингээн, тухайн оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулаад үр дүнд нь шалаар нэг унаж байв. Энэ хуулиа 2016 онд, “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлтийг Цэцээр гаргуулж байгаад хүчингүй болгуулж, түүнийхээ ачаар парламентад үнэмлэхүй олонх болж байсныг уншигчид санаж буй биз.

Уг нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихын өмнө Шударга ёс эвсэл бүхэлдээ нэг тойрог байх, АН 2012 оны сонгуулиар хэрэглэсэн 48х28 холимог хувилбарыг илүүд үзэж байсан юм. Гэвч Цэцийн шийдвэрээр холимог хувилбар арчигдаж, мажоратор буюу жалга довны үзэл ханхалсан, сонгогчдын санал гээгддэг хэмээн ад үзэж байсан тогтолцоогоо МАН-ынхан сэргээлгэж авсан нь тэр.

Улмаар сонгуулийн тогтолцооны асуудлыг бусад хуулиар зохицуулах боломжгүй, зөвхөн Үндсэн хуульд тусгахаас өөр гарцгүй болгож байв. Тиймээс өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байна хэмээн уйлан дуугарч, Үндсэн хуулийн төслийг Н.Энхбаярт тэврүүлэн гүйлгэж байлаа.

Уг нь 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог хувилбарыг оруулж болох байсан ч МАН өөрсдөө эсэргүүцэж, 2012 оны ялагдал давтагдахвий хэмээн болгоомжлоод хуруугаа ч хөдөлгөөгүй. Гэсэн атал энэ удаад өнөөх холимог хувилбараа хагас хувиргамар аядаад парламентын босго давуулаад шидчихлээ. 

Үүнийгээ улстөрийн намуудын зөвшилцил гэх зальжин шүхэр дор зүтгүүлж, Үндсэн хууль болоод Цэцийн шийдвэртэй харшилдуулан 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь жагсаалтаар орж ирэх төслийг өргөн барьж байна.

АН-ын хувьд өөр нэг хувилбар боловсруулсан нь арван жилийн тэртээх тойрог 48, жагсаалт 28 гэх тоон дээрээ л эргэлдэж.  

Хуулийн төсөлд нам, эвсэл 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дараалал барьж нэр дэвшүүлнэ гэсэн бөгөөд үүнийгээ бататган Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг гаргахдаа намууд эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулж, тэн хагас нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангана” хэмээн мэдэгдэв.

1992 оноос хойших УИХ-ын найман удаагийн сонгуулийн дүнд 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь л эмэгтэй байж.

Үнэндээ намын нэрийн жагсаалт гэгч нь намууд, бүлэг фракциудын мөнгө угаах хэрэгсэл болж хувирсныг ил далдгүй ярьж байгаа.

ХҮН-ын нэрийн жагсаалтад дээгүүрхэн бичүүлэх гэсэн нөхөд тэрбум, тэрбумаар нь мөнгө цацсан тухай удирдлагууд нь мэдэгдэж, улмаар намын нэрийн жагсаалтыг наймаалцсан гэх хүмүүсийг хөөсөн гэгдэж байв.

Өдлөөд удаагүй, парламентад ганц суудалтай ХҮН-ын жагсаалт ийнхүү тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад МАН, АН-ынх 5 тэрбумаас эхэлнэ гэдэг оргүй ч мэдээлэл бас биш.    

МАН-ын дүрэмд намын дэргэдэх байгууллагын тэргүүдийг намын нэрийн жагсаалтад өрсөлдөөнгүй оруулах тухай заалт бий. Тиймээс намын дэргэдэх байгууллагын удирдлагын эрх булаалдсан зодоон ил цагаандаа гарч, үгэн зэвээр хүн алахын наахнуур болчихоод байгаа нь үнэн.

Энэ бүгдээс илүүтэйгээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрт захирагддаггүй томоохон бүлэг, фракциудын эздийг нэрийн жагсаалтаар номхруулж мөнгө босгох, эрхшээлдээ үг дуугүй оруулах гайхалтай боломж олдлоо хэмээн дэвхцэж, баярласандаа сүүлийн хэдэн шөнө нойргүй хоносон мэдээлэл байна. Тэрбээр өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэх том амбиц ханхлуулсан энэхүү хуулийн төслийг женко Х.Баттулга, херо Б.Баатар нарын баг командын чиглүүлэг, удирдлага дор багцалж, зохиомжлуулсан гэх мэдээлэл өчигдрөөс эрчтэй тархаж эхлэв. Тэрбайтугай зүүд мэт төсөөлөлдөө автан өөрийн гэх багаас бүрдсэн шинэ парламентыг мөрөөдөн яарч ирэх аравдугаар сарын сүүл гэхэд сонгууль явуулах боломжуудыг эрж хайн яаравчлуулах үүргийг пиарчиддаа өгч, өнөөдүүл нь ч ажилдаа орцгоосон гэгдэнэ.

Тэдний төлөвлөснөөр Т.Бадамжунайн баривчилгаатай зэрэгцүүлэн барьсан хуулийн төслийг ойрын өдрүүдэд зүтгүүлж, эхний хэлэлцүүлгээр батлуулчихвал ирэх аравдугаар сар гэхэд сонгууль явуулах боломж бүрдэж, улмаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын ЦАГ жинхэнэ утгаараа тоологдож эхлэх юм байх…

Х.Баттулга, Б.Баатар нар У.Хүрэлсүхийн нударгыг тасчих хугацаат сценарийг ч бичиж дуусгасан гэх бөгөөд үүнийгээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нэрэмжит танхим бүрдсэний дараа эхлүүлэхээр сэрүүлэг тааруулсан гэдгийг ойрын нь эх сурвалжаас өгч байна.

Юманд учир, суманд гичир гэж бий…

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар улстөрийн бусад намуудын учрыг олж өөрсдийн зам мөрд нийлүүлж чадсан байлаа гээд У.Хүрэлсүх болоод намын дотоод дахь томоохон бүлэглэлүүдээ тийм амар барж идэхгүй. Хуулийн төслийг парламентын босго давуулсан ч батлагдах эсэхийг Ерөнхийлөгчийн “тархи”-ны хэмжээ, эрх мэдлийн нь цар хүрээ л эцэслэн шийдэх биз…

Орчуулах »