Хандив нэрт мөнгө угаалт хамар дор чинь цэцэглээд байгаа юм биш байгаа, Ж.Болд дарга аа!!!

Улсын баяр наадмын араас аймаг сумдын тэгш ой залган найрлаж, намрын ажлаа мартсан монголчууд төгссөн сургууль, цэцэрлэгийнхээ ой гэх ТООг тэмдэглэхээр өдөр хоног тоолцгоож байна.

Хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүд морь уралдуулж, бөх барилдуулан байлна хэмээн төгсөгчдөөсөө мөнгө гуйж байна.

Жорлон барьсан ч тууз хайчилж, барилгын суурь цутгасан ч найр цэнгэл хийдэг ичгүүртэй явдал газар авчихлаа, Ерөнхий сайд аа!!!

Завхан аймгийн Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын сургууль, Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын сургуулиуд гэхэд тэгш ой тохиосны татаас хэмээн төгсөгчдөөсөө сая, саяар хандив гуйж буй мэдээлэл байна. За яахав ээ, хандив гуйж болох юм.

Гэхдээ юу хийж бүтээх гээд сургуулийн төсөв хүрэлцэхгүй мөнгөн туслалцаа ийнхүү хүсэх болсон нь тодорхойгүй, НУУЦ байгаа нь эрүүл үзэгдэл үү?!

Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын дунд сургууль гэхэд 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд төгссөн анги бүрээс 2.5 сая төгрөгийн хандивыг албан бусаар хүссэн байгаа нь анхаарлын гадна үлдээх асуудал биш юм. Эгэл иргэн хүртэл үр хүүхдээ эмчлүүлэхийн тулд аль улсын ямар эмнэлэгт хэр өртөг төсөвтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноо баримт, нотолгоотойгоор тайлбарлаад мөнгө гуйж байна. Гэтэл хэрхэн юунд, хичнээн төгрөгийн өртөгтэй юу хийх гээд байгаа нь тодорхойгүйгээр хандив нэрт мөнгө цуглуулдаг явдлыг таслан зогсоож, учир битүүлэг ийм ажиллагаа сэдэн зохион байгуулж буй нөхдийн санаа сэдлийг шалгачихад буруутах зүйлгүй юм.

90 жилийн ойтойгоо золгож байгаа сургууль багадаа нэг жилд ганц анги төгсгөсөн гэж үзвэл 90 ангиас 2.5 саяар бодвол 225 сая төгрөг хурааж байна. Гэтэл дийлэнх жилдээ 3-4 анги төгсгөж байсан тус сумын сургууль энэ удаагийн хандив нэрээр 400-500 сая, цаашлаад 1 тэрбумыг босгохоор харагдаж байна.

Ядаж байхад хандив нэрт мөнгийг “Хос нүдэн булаг хөгжлийн ирээдүй” төрийн бус байгууллага гээчийг ердөө гуравхан сарын өмнө байгуулчихаад мөнгө төвлөрүүлж буй нь хачирхалтай агаад хардам. Улмаар өнөө хэр төдөн оны тэр төгсөлт мөнгө шилжүүллээ, баярлалаа гэсэн ганц өгүүлбэрийг сургуулийн албан хуудсаар бус хувь хүний “Угтаалцайдам Ерөнхий боловсролын сургууль” нэрт хаягаар мэдээлсэн болоод өнгөрч байгаа нь “залилангийн” шинжтэй гэчихэд гомдоосон дүгнэлт болохгүй байх. Уг нь 1000 төгрөг нэмэрлэсэн байсан ч данс нь шилэн байж, өдөр цаг минут алдалгүй хуулгаа тавьж, танилцуулаад явбал шударга, үнэн юм.

Ядаж байхад хандив цуглуулж буй Хос нүдэн булаг хөгжлийн ирээдүй ТББ-аа 2023.04.20-ны өдөр Рээлхүмбийн Гансүх гэх сумын ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйн нэр дээр байгуулсан нь асуудал дагуулж байна. Сургуулийн ой зохион байгуулагчид нь түүнийг сургуулийн сургалтын менежер шүү дээ хэмээн хаацайлах аядаж буй ч өнөөх нь өмнөх Засаг дарга Р.Батбаярын төрсөн эгч байгаа нь уг хаацайллыг зөвтгөх аргагүй болгож байгаа юм.

2020 оны Орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр жилийн 12.5 сая төгрөгийн орлоготой, ямар нэгэн хуулийн этгээдийн хувь, хувьцаа эзэмшдэггүй хэмээн АТГ-т мэдүүлсэн байдаг.

Түүний дүү Рээлхүмбийн Батбаяр 2017.10.14-нд сумын Засаг даргаар сонгогдон хоёр жил орчим ажилласан. Тэрхүү хугацаанд жилийн орлого нь 11.3 сая төгрөгөөс 48.1 сая болтлоо аривжин нутгийнхнаа алмайруулж байсан бөгөөд сумынхаа кварцын чулуун ордыг ашиглах зөвшөөрлийг хууль хууль бусаар олгосон гэх буруутгалаар огцорч байж.

Р.Батбаярын нэрээр Сонинхангайн хүлэг уяачдын холбоо бүртгэлтэй байх агаад уг төрийн бус байгууллагад Засаг дарга асан Н.Гантулгаас гадна сумын одоогийн Засаг дарга Б.Нямлхагва нар гишүүнчлэлтэй аж.

Угтаалцайдым сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар өмнө нь ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Сэрээтэрийн Хүрэлбаатар гэх МАН-ын гишүүн томилогдон ажиллаж байгаа. 

Эдгээр нөхдийн холбоо хамаарлын мэдээллийг энд түр орхиё.

Харин өмнөх Засаг даргын төрсөн эгчийн нэр дээр гэнэтхэн байгуулсан Төрийн бус байгууллагын дансанд төвлөрүүлж буй “Хандивын мөнгө” эргээд юунд зарцуулагдах нь тодорхойгүйн зэрэгцээ ойн арга хэмжээний хүрээнд морь уралдуулж, бөх барилдуулна гэх сургуулийн хөгжилд огтын хамаагүй хөтөлбөртэй байгаа нь эмгэнэл юм.

Хэдэн мянган төгсөгчийн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар өгч буй тэр их мөнгийг бөх, морины бай шагнал, зочид дайлах нэрт архидалтад зориулж байхаар шинэ үе, хүүхэд залуучуудаа технологийн эринээс хоцроолгүй сургахад төгсөгчдийн хандивыг зориулаад сургууль байтугай сум орноо хангачих орчин цагийн интернэтийн төхөөрөмж авна гэвэл ойлгож болом ГОЁ шийдвэр юм шүү дээ, С.Хүрэлбаатар захирал аа!!!

Сургуулийн ойн хүрээнд цуглуулсан хандиваар сүлд дууг клиптэй болгох, номын сан тохижуулах, хичээлийн байрны гадна талбай тохижуулах, авто зогсоолын тоо нэмэх, гэрэлтүүлгийг засварлах, хашаа будах, орох гарах хаалга шинэчлэх, үүдний чулуун хавтан шинэчилнэ зэрэг хөгийн юм ярьж суух тань хэтэрхий олон хардлагыг хамтад нь дагуулаад байна.

Эдгээр чинь жил бүр улсын төсвөөс татаас авч, дээр нь сурагчдаас анги засварын мөнгө нэмж татаад хийдэг урсгал засварын жагсаалт төдийхөн биш үү?!

Жил бүрийн урсгал засварын мөнгийг яачихдаг болоод хашааны будаг, номын сангийн сандал зэрэгхэн ярина вэ. Сургуулийн сүлд дууг клиптэй болгоно гэж сая саяар нь мөнгө үрэхийнхээ оронд анги бүрийг дэлгэцтэй, анатомийн хичээл үзэх моделиудтай болгох тухай ярь л даа…

Яг адилхан төсөв, зардалтай нийслэлийн сургуулиуд технологийн дэвшилтэй хөл нийлүүлээд анги бүрээ гүйдэг самбар, асаагаад харуулчих ухаалаг зурагттай болчихоод байхад хөдөө, орон нутаг гэх хөгийн тайлбар дор хөрөнгө, төсвөө үргүй хийсгэдэг тэнэглэлүүдэд хэмжээ хязгаар тогтоох цаг болжээ, Боловсролын сайд аа!!!

Нийслэлийн сургуулиуд төгсөгчдөөрөө бахархаж, гоёж, өдөр бүр нэг төгсөгчийн амжилтын мэдээллээр цахим хуудсаа чимж байхад сум суурингийн сургуулиуд мөнгө гуйж бөх, морь байлах дорой буурай зар түгээн суух нь сэтгэлгээний хоцрогдол, сэтгэлгүйн гамшиг гарцаагүй мөн юм.

Тиймээс төр, төсвийн байгууллагын ажилтан Төрийн бус байгууллага байгуулчихаад хамар дор нь хандив нэрээр хэдэн зуун саяар нь мөнгө бөөгнүүлж суугаа явдалд Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба ч анхаарал хандуулчихад буруутахгүй хэрэг.

Олон зуун төгсөгчийн төрөлх сургууль, төрж өссөн сум суурингаа гэсэн чинхүү сэтгэлийн дор хэсэг бүлэг нөхдийн мөнгө угаах гэмт үйлдэл ч явагдаж байгаа юм билүү, хэн мэдлээ…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »