Хотын даргын суудал, намын хороотойгоо хэнд хэрэгтэй вэ?!

АН-ын залуучууд хотын дарга Д.Сумъяабазарт хоёр шаардлага тавьж, 72 цагийн хугацаа өгч байна. …Өөрийн хүсэлтээр огцрох, эсвэл үерт өртсөн өрхүүдийн хохирлыг яаралтай шийдвэрлэх… Ингэж шаардсан тэдний товлосон хугацаа дууссан бөгөөд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

Үерийн асуудалд Нийслэлийн Засаг дарга хариуцлага хүлээхийг шаардсан сэтгэгдлүүд цахим хуудаснаас салахаа больсон ч энэ бүгдийн ард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг байгаа гэх буруутгал зэрэгцэн шаардлагын хүчийг сулруулж байна.

Хичээл сургуулийн цугларалттай зэрэгцэн намрын улстөр эхэлдэг жишиг зөвхөн Монголд л бий.

Намрын чуулганы нээлт жагсаалгүйгээр эхэлж байсан түүх ховор. Тэр утгаараа энэ удаагийн сэдэв нь хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах акц бололтой. Найруулагч нь Д.Амарбаясгалан гэгдэж байна.

Тэдний харилцаа эртнээс сайнгүй байсан нь үнэн.

Нийслэлийн намын хороо Д.Сумъяабазарын удирдлагад шилжсэн цагаас тэдний жөтөөрхөл эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз. НИТХ-ын үеэр Д.Сумъяабазарыг огцруулах асуудал үе үе хөндөгдөж, АН-ын гэх тодотголтой залуус мэдээлэл хийдэг нь ч хэвшмэл үзэгдэл болж.

Тэгвэл Д.Сумъяабазарыг огцруулах нь Д.Амарбаясгаланд ямар ашигтай юм бол…

Нэн тэргүүнд Нийслэлийн намын хороо түүний “мэдэлд” ирэх нь зайлбаргүй. Эрх баригч намын генсэк, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүнд нэмээд нийслэлийн намын хороо “ирчихвэл” энэ улсын төсөв хөрөнгө бүхлээрээ халаасанд нь багтах мэт болох биз.

2016 оноос эхлэн Д.Амарбаясгалан намын гал тогоог ахалж, сонгуулийн тактик боловсруулж яваа нэгэн. Түүний удирдсан сонгуулиудын нэгэнд МАН 65, нөгөөд 62 суудал авсан төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ч үнэмлэхүй ялалт байгуулуулсан гавьяатай.

НИТХ-д суусныг нь эс тооцвол намынхаа хаяанаас холдоогүй тэрбээр Тусгаар тогтнолын ордонд хамгийн өндөр эрх мэдэлтэй нь. У.Хүрэлсүх ч, Л.Оюун-Эрдэнэ ч түүний харцнаас дальдчиж, хэлсэн хийснийг нь тэр бүр зөрж чаддаггүй гэж байгаа. Тэрбайтугай М.Энхболдыг хөөж, хөгтэй хөөстэй нь хутгах санаа ч мань хүнийх байсан тухай намынхан нь өдгөө ил далд ярьж байна.

Өөрөөр хэлбэл, “60 тэрбумын” гэх зохиомол дуулианыг Х.Баттулгын баг бус Д.Амарбаясгалан болон Сү.Батболдын “тэжээвэр”-үүд хийсэн юм байх. МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Чулуунзагдын төрсөн эгчийнх нь хүү Эрдэнэтогтохын Амаржаргалын хамтран эзэмшил бүхий “Эй Би Эй Жи” ХХК нь “Шинэ Монгол хаад” группийн байранд байрладаг бөгөөд бүх хэрэг явдлын ээдрээ эндээс эхлэн тайлагдана гэдгийг учир мэдэх эх сурвалжууд хэлж байна.

Тэгэхээр Сү.Батболдоос санаа нь гарч, Д.Амарбаясгалангаар найруулагдан Х.Баттулгын баг командаар “могой” бариулан М.Энхболдыг унагасан болж таарах нь. Ямартай ч, Тагнуулын ерөнхий газрын одоогийн удирдлагууд Сү.Батболдын хүмүүс гэгддэг бөгөөд мөнөөх “60 тэрбум”-ын гэх мянгуужингийн үлгэр мөн тэнд үдээтэй байдгийг мартаж болохгүй.

Сонгууль бүрийн өмнө тойрог горилогчдод хамгийн эрэлттэй нь намын дарга бус Д.Амарбаясгалан байдаг болоод удаж байгаа.

Түүнийг сонгууль удирдсан жилүүдэд намын дарга нар л солигдоод байхаас бус үнэн хэрэгтээ тэр хаашаа ч хөдлөөгүй. Тэр хэрээрээ эрх дарх нь дархлагдсаар өдгөө баргийн цохилтод унахааргүй болж байх шиг байна.

Парламент дахь МАН-ын тодотголт гишүүдийн талаас илүү нь түүний талд гараа өргөнө гэхээр түүний үүсгэсэн хүрээллийн цар хүрээ түвэггүйхэн ойлгогдох биз. Ямартаа Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлсэн атлаа Н.Наранбаатарыг авч үлдэж байхав дээ. Үүнд уурссан Т.Аюурсайхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чичилж, намын даргын эрх мэдэлгүй жулдрайгаар нь дуудаж хашгичсан гэж байгаа.

Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн тэмцэл хэзээний үр дүнд хүрч байсан удаагүй.

Тэр шүгэл үлээж, бөмбөр дэлдээд өнгөрдөг л нэгэн боллоо.

Хөгжлийн банктай дайн зарласан ч улстөрийн гол зээлдэгчид Төрийн ордонд зайдагнаж, зарим нэг нь сайд болон тухалсан ч байх шиг. Замын-Үүд дэх мафитай тэмцэнэ хэмээсэн ч холбогдох хэрэг “хаагдан”, мафийн толгойлогч гэх Засаг дарга Б.Анхбаяр ажлаа хийж явна.

“Нүүрсний хулгай”-н хэрэгтнээр нэрлэгдсэн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарын түрүүч хөшөө, чулуу аргадан хээр хөдөө амарч байгааг нийтээрээ харж байна. Төмөр замын хэрэг, Монголбанк, Байгаль орчныхны газар зарсан асуудал дашийшог…

Хөгжлийн банкны хэргээс Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэрэг тусгаарлагдсаныг ХҮК-ийн бяр, Д.Амарбаясгалангийн мэх гэлцэж байна.

Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байгаа Д.Амарбаясгаланд сануулга болгож Х.Мандахбаярын мэдээллийг ил болгох аядах ч өнөөдүүлд нь салхи сэрчигнэхийн чимээнд ч нөлөөлөхгүй байгаа бололтой.

Д.Сумъяабазарыг хотын дарга, Нийслэлийн намын хорооны даргаар торгоож байгаа хүн нь үнэндээ Л.Оюун-Эрдэнэ.

Эс бөгөөс Шадар сайд С.Амарсайханаас авахуулаад арслан барс шиг ноцогсод олон.

Д.Сумъяабазар “Явж явж чиний баасыг цэвэрлэж байна. Чи хотын даргаар ажиллаж байхдаа юу хийсэн юм бэ. Тарьсан балаг чинь хотыг муухай харагдуулж байна. Гэтэл нэг их нэр цэвэр хүн. Чиний хийсэн булхайг дэлгэж дөнгөнө” хэмээн Шадар сайд руу асах ч өнөөх нь гөлөөг ч гэж тоохгүй өнгөрч байна.

Үерийн асуудал, гамшгийн бэлэн байдалд С.Амарсайхан ч хариуцлага хүлээх учиртай атал АН-аас авахуулаад амтай бүхэн Д.Сумъяабазар руу дайрч буй нь ажил хэрэгч шаардлага гэхээсээ улстөр гэж харагдаж байгаа нь үнэн.

2024 оны сонгуулиас урьтаж Нийслэлийн намын хороог Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын хүсэх нь буруутгах ч зүйл биш. Улстөрийн тавцанд тоглож буй бол тоглосон шиг тоглохыг ямар ч тэнэг хүсэх биз.

Орчуулах »