Эрдэнэс тавантолгойн лицензтэй талбайг “Энержи ресурс”-т шилжүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК эзэнгүйджээ. Иргэн бүр 1072 ширхэг хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит эл байгууллагын эд хөрөнгийг “Энержи ресурс” халаасласан гэх мэдээлэл цахим орчинд дэлгэгдээд эхэллээ.

Уг нь Эрдэнэс Тавантолгойг авлигач, хулгайчдаас “аврах” ажилллагаа Засгийн газрын түвшинд өрнөж, онцгой дэглэм тогтоон, Бүрэн эрхт төлөөлөгч хүртэл томилоод удаж байгаа юмсан. Харамсалтай нь, онцгой дэглэм нь онцгүй дэглэм болж хувирсан “Эрдэнэт” үйлдвэрийн араас “Эрдэнэс Тавантолгой” ХК орчихсон бололтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайн 6.620.000 метр квадрат газрыг “Энержи ресурс” компани 2023.05.10-ны өдрөөс эхлэн эзэмших болсон онц ноцтой мэдээлэл өчигдрөөс эхлэн сошиалд тархаад байна. Уг талбайг “Энержи ресурс” компанид эзэмшүүлэх шийдвэр үүнээс 14 хоногийн өмнө буюу 2023.04.27-ны өдөр гарсан байх юм.

Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компанийн лицензийн талбайг хувийн өмчид шилжүүлсэн шийдвэр онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан гэсэн үг.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа сунгах тухай саналыг УИХ-д 2023.04.19-ний өдөр хүргүүлж, УИХ-аас 2023.04.21-нд олонхиороо дэмжин сунгаж байв. Гэтэл үүнээс ердөө зургаахан хоногийн дараа буюу ажлын 5 хоног дотор амжуулаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайг “Энержи ресурс” компанид шилжүүлчихсэн байгаа нь яахын аргагүй онц ноцтой үйлдэл мөн юм.

Тавантолгойн бүлэг ордод “Эрдэнэс Тавантолгой”, жижиг Тавантолгой, “Энержи ресурс” гэсэн гурван компани зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг.

Хэдий нэг бүлэг ордод зэрэгцэн олборлолт явуулдаг ч лицензтэй талбайн хэмжээ, олборлосон болон борлуулсан нүүрс, нүүрсээ баяжуулсан эсэхээс жилийн эцсийн борлуулалт, ашгийн хэмжээ нь эдгээр компанийн тухайд ихээхэн ялгаатай.

“Эрдэнэс Тавантолгой”-г залгих сонирхол “MCS” буюу “Энержи ресурс” компанид эртнээс байсаар ирсэн гэхэд хилсдүүлсэн болохгүй.

Нэг хэсэг “Эрдэнэс  Тавантолгой” ХК дампуурсан гэх яриа өндрөө авч, хувьчлах эсэхдээ тулж байгаад эцэстээ Энержи ресурсээс явуулсан худал мэдээлэл гэгдээд намжиж байв. Тухайн үед Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Эрдэнэс Тавантолгой аль дээр дампуурчихсан гэж хэлж байсныг уншигчид санаж буй биз. Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “танайх “цаасны” компани болно. Танай эзэмших 51 хувийг “Энержи Ресурс”-т өгнө. Асуудал өөр хувилбараар явах боллоо” гэж тус компанийн захирал Я.Батсуурьт хэлж байсан нь С.Баярцогтыг АН-ын даргаар өрсөлдөнө гэх үестэй зэрэгцэн биеллээ олчихсон нь энэ биш байгаа?!

Үүнээс гадна 2013 оноос эхлэлтэй “Тавантолгойн цахилгаан станц барих төсөл” нэрт сүржин нэртэй баг командыг анхаарлын гадна үлдээж болохгүй болж…

Монгол Улсын Засгийн газар 2016.06.28-ны өдөр Монголын талаас “MCS” групп болон гадны хөрөнгө оруулагч болох Японы “Марубени” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээгээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450мвт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барих ёстой ч өнөөг хүртэл станц ашиглалтад ороогүй.

Тавантолгойн дулааны цахилгаан станцыг хөдөлгөх, “төслийг эрчимжүүлэх” асуудал байнга яригдсаар ирсэн ч ажин түжин байсаар эцэстээ “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг байгуулж, захирлаар нь Г.Тэнгэр гэх нөхрийг томилсон.

Төрийн тодотголтой бүхэн төсвийн мөнгийг гарын салаагаар урсгадгийн жишгээр энэ газар ч цар тахлын үед 463 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авч түмний бухимдлыг дээд цэгт хүргэж байв. “Юникплайтс” компаниас 79 сая төгрөгөөр үйлчилгээний зориулалттай суудлын автомашин, “Монгол Хьюндай автомотив”-аас 105 сая төгрөгийн үнэтэй суудлын машин, “Моннис Моторс”-оос “технологийн зориуллалттай, аюулгүй ажиллагаа хангасан тээврийн хэрэгсэл” нэрээр 279 сая төгрөгийн автомашин худалдан авсан баримтууд нь өдгөө ч  шилэн дансанд бий.

Өнөөг хүртэл цаасан дээрээ үлдсэн “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг 199.0 сая төгрөгөөр тогтоосон нь огиудас хүрэм өндөр дүн гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Үүгээр тогтохгүй тус компани Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 02 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн зөвхөн хурлын зардлыг гэхэд 60.2 сая төгрөгөөр баталсан нь татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүйгээр үрж буйн сонгодог жишээ болох биз.

Улмаар хувьцаа эзэмшигчдэд 51.4 сая төгрөгийн цалин олгохоор баталж, тогтоолын дагуу тайлант жилд ТУЗ-ын төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй 5 гишүүн тутамд 20.2 сая төгрөгийн цалин олгосон фактыг аудитын дүгнэлтээс харж болно.

Ингэтэл үрж цацсаар атал “Тавантолгой дулааны цахилгаан станц” өнөөг хүртэл баригдаагүй хэвээр, тэнэг хүн маллах мэт тендэр гээч байсхийгээд зарлагдсаар байгаа явдлыг эрүүл үзэгдэл гэж харахад дэндүү хайран. Цаасан дээрх эл компани, түүний захирал гэх Г.Тэнгэртэй холбогдох асуудлыг үүнээс жичдээ хүргэх тул энд ингээд орхиё.

Хууль ёсны гэхэд төвөгтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат гэх нөхрийг Засгийн газрын гэхээсээ илүүтэй Энержи ресурс-ын “томилгоот” хэмээн олон нийт шүүмжилж байна.

Уг нь Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж байсан билээ.

Бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхтэй гэсэн үг.

Гэтэл эрх баригчдыг шүүмжлэгч хэсэг бүлэг нөхдийн үзэж буйгаар Ж.Ганбат нь хууль бус томилгоот нэгэн болж таарч байна. Түүнийг БНМАУ-ын хуулиар “томилж”, Бүрэн эрх олгосон байх тул түүний томилогдсоноос хойших “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх шийдвэр хүчингүй, хууль бус болно гэлцэж буй юм. 

Уг нь энэ талаар буюу 2023.04.20-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай хэлэлцэхдээ 1991 оны БНМАУ-ын онцгой дэглэмтэй холбоотой хэсгийг тухайлан хөнджээ.

Тус хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Цаг тулсан гээд буруу яваад байж болохгүй. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг чинь хуулиар төрийг жолоодно гэсэн үг. Үүнийг Засгийн газар дээрээ ярих ёстой” хэмээн анхааруулсан аж.

Нэмж тайлбарлавал, Засгийн газарт эрх олгох тухай хууль 1991.01.04-нд батлагдаж, бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх зүйн бичиг баримттай болж байж. Өмч хувьчлалтай холбоотойгоор гэсэн үг.

Улмаар 1992 онд Үндсэн хууль батлагдан, 1992.01.16-нд Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан байдаг.

Энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 1996 он гэхэд 1992 оноос өмнөх бүх хуулийг хүчин төгөлдөр бус эрхт тооцохоор УИХ-д даалгасан байх аж. Тэгэхээр 1996 оноос эхлэн 1992 оноос өмнөх бүх хуулийг дагаж мөрдөхгүй болсон гэсэн үг.

Үүгээр тогтохгүй, эл заалтыг үл ойлгон маргасаар ирсэн бүхий л асуудалд цэг тавих үүднээс 2023.01.19-ний өдрийн 08 тоот тогтоолоор 1991 оны БНМАУ-ын хуулийг барьж, мөрдсөөр буй асуудалд цэг тавихыг Засгийн газарт үүрэг болгосон байх аж. Тэгэхээр Засгийн газраас тавьсаар буй онцгой дэглэм, бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа нь “хүчингүй” болсон хуулиар зохицуулагдаж яваа нь өөрөө хууль бус явдал гэгдэж байна.

Тэгэхээр 2023.04.20-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлсэнчлэн БНМАУ-ын хуулиар тушаалд томилогдсон хүнд Монгол Улсын хууль үйлчилж, мөрдөгдөх үү?!

“Эрдэнэс Тавантолгой”-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нэрээр очсон цагаасаа эхлэн хомроглон халсан халаа сэлгээг нь хүчин төгөлдөр гэж харах уу?!

Тэрбайтугай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 6.620.000 метр квадрат талбайг “Энержи ресурс” компанид шилжүүлсэн явдлыг ч Засгийн газрын зүгээс хийгдсэн ажил, шийдвэр гэж үзэх боломжтой юу…

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Наж Могой үндэсний холбоо

Орчуулах »