Ж.Ганбат, П.Сайнзориг, Н.Мягмар, Д.Оюунхорол нар цаашид хэвийн “өнхөрч” чадах уу?!

Тэд Засгийн газраас томилогдсон “Бүрэн эрхт төлөөлөгчид”… Гэхдээ хуулинд ийм албан тушаал байхгүй.

Монгол Улсад Бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх зүйн зохицуулалттай ганц субьект байдаг нь Монголбанк. Үйл ажиллагаа нь доголдсон арилжааны банкинд төв банкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилох эрхтэй бөгөөд эрх зүйн зохицуулалт нь тодорхой гэсэн үг.

Харин компанийн тухай хууль болон Төрийн өмчийн тухай хуульд Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилох тухай ямар нэг зүйл заалт байхгүй юм.

Өмнө буюу БНМАУ-ын хуульд энэ талаарх зохицуулалт байсан уу гэвэл байсан. Өмч хувьчлалтай холбоотойгоор Засгийн газарт эрх олгох тухай хууль 1991.01.04-нд батлагдан бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх зүйн орчинтой болсон ч энэ нь тавхан жил мөрдөгдсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан.

Энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 1996 он гэхэд 1992 оноос өмнөх бүх хуулийг хүчин төгөлдөр бус эрхт тооцохоор УИХ-д даалгаснаар 1992 оноос өмнөх бүх хуулийг 1996 оноос эхлээд дагаж мөрдөхөө больсон гэсэн үг.

Үүнийг одоогийн парламент улам бүр баталгаажуулаад энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоолоор 1991 оны БНМАУ-ын хуулийг барьж, мөрдсөөр буй асуудалд цэг тавихыг Засгийн газарт үүрэг болгочихсон. Тэгэхээр Засгийн газраас энд тэнд тогтоосон онцгой дэглэм, Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг хүчингүй гэж үзэж болохоор байгаа юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа хоёр автобус хүнтэй очоод бараг л лацадсан. Тухайн үед Бүрэн эрхт төлөөлөгч томилоогүй ч албан бус төлөөлөгч нь Л.Оюун-Эрдэнэ шахам байв.

Харамсалтай нь, онцгой дэглэм тогтоож, хугацааг нь сунгасан тэдгээр өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрт байдал дээрдэх битгий хэл дордож, Х.Бадамсүрэнгийн тансаглал хэрээс хэтэрсэн олон баримт хэвлэл мэдээллээр цацагдаж байлаа.

Засгийн газрын 2021.08.18-ны хуралдаанаар Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалт хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгчөөр, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилсон нь хуулиас гадуур жаалсан асуудал хэмээн тухайн үедээ нэлээдгүй  шүүмжлэл дагуулсан.

Төрийн албаны тухай хуульд “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэсэн албан тушаал, зэрэг дэв байхгүй ч олонх болсон эрх баригчдад энэ огт падлийгүй бололтой.

Хууль бус энэ мэт томилгоо улам төгсөрч 2022.10.26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.

Үүнээс сар хагасын дараа буюу 2022.12.09-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон нутгийн “Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, мөн л Бүрэн эрхт төлөөлөгч гэх нэршлээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилов.

Мөн өдрийн хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон байдаг.

Тэдний хэн хэн нь ажилтныг чөлөөлөх, томилох, хөрөнгийг зарцуулах, аудитын шалгалт оруулах, хүссэнээ хуулийн байгууллагаар шалгуулах бүрэн эрхтэй байгаа нь аймшигтай.

Уг нь тоглоом хүртэл өөрийн дүрэмтэй, дагаж мөрдөх эрх зүйн зохицуулалттай…

Харамсалтай нь МАН найман жилийн турш дангаар эрх барьсны эцэст хууль гууль болж, салбар бүрт Бүрэн эрхт нэрт “гахай”-тай болов. Энэ талаар “ажил үүргийн давхардлыг бий болгож байж болзошгүй” гэх гоё үгээр Төрийн албаны зөвлөл ганц удаа ам нээгээд таг болчихсон.

Сангийн яамныхан бүрэн эрхт төлөөлөгчдийн сарын цалин, ажлын хөлс гээд эдийн засагт учруулах, төсөвт ирэх дарамт хэмжээгүй ихэссэнийг өөр зуураа ярих ч ил хэлж зүрхлэхгүй өнөөг хүрэв.

Хоёрхон улирал өнгөрөөд УИХ-ын ээлжит сонгууль болно, Засгийн газар шинээр байгуулагдана. Тэр цагт хуульд байхгүй “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэх нөхдийн гаргасан шийдвэр, түүнээс үүдсэн аливаа асуудлын хариуцлагыг хэн хүлээх бол…

Энэ бүх онцгой дэглэм, Бүрэн эрхт төлөөлөгч гэх томилгооны цаана хичнээн гэрээ, хэлэлцээр явагдсан байгаа бол?! Бидний өмнөх нийтлэлд дурьдагдсан “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас “Энержи ресурс”-т шилжүүлж өгсөн явдал ганцхан жишээ нь…

Хуульч Д.Ганбаяр “Төрийн мэдэлд орсон бүхэнд луйвар явагдаж, төр оролцсон бизнес болгон дампуурдаг. Үйлдээгүй хэргийнх нь төлөө сошиалоор яллаж, эцэст нь бүхнийг төрийн мэдэлд нэрээр өөрсдийн эзэмшилд шингээдэг тогтолцоонд мэргэшээд удаж байна” хэмээн хатуухан шүүмжилснийг мартаж болохгүй.

Монгол Улс ардчилсан парламентын тогтолцоотой гэж дэлхийд зарладаг ч, үнэн хэрэгтээ хөрөнгөтний нийгмийг алгассны гороор өмчтэй, хөрөнгөтэй нэгнээ хулгайч гэж хардаг, цоллодог, хувийн хэвшлийг үзэн яддаг эрх баригчидтай нь үнэн.

Эцэстээ энэ хардлага, үзэн ядалт нь өвчин болж дотоодын хөрөнгө оруулагчид, тэргүүлэх татвар төлөгчдөө бусдын нүүр харахын эцэсгүй болтол чичилж, боомилж, хааж боон хянаж цагдан ялладаг нь болсныг захын иргэн хэлэх биз.

Тэрбайтугай бизнес эрхлэгч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч гурван иргэн тутмын хоёр нь цахим гав, хилийн хоригтой хоригдлууд болж хувирсан хэмээн тоон дүнгээр ярьж байна.

Үр дүнд нь хөрөнгө оруулагчид үргэж, Тавантолгой дулааны цахилгаан станцаас эхлээд мөнгөгүйн зовлонд нэрвэгдсэн мөрөөдлийн компаниуд л цаасан дээр эрийж байгаа нь гашуун үнэн юм.

Орчуулах »