Дүрдээ орсон “БЭТ”-ийн балгаар Энержи ресурс хууль, шүүхийн хаалга татах вий…

Тавантолгойн орд үе үеийн эрх баригчдын тэчъяадан шунадаг, би биш бол чи ч биш гэж нээнтэг тавьдаг орд болсоор удлаа.

Уг ордын нийт хэмжээ 110 мянган га. Тавантолгойн ордод гурван компани үйл ажиллагаа явуулдгаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 68.522 га буюу лицензит талбайн 95.5 хувьд, “Энержи ресурс” ХХК 2959 га буюу 4.1 хувьд, орон нутгийн “Тавантолгой” ХК 276.9 га буюу нийт талбайн 0.4 хувьд нь ажилладаг байна.

Гэхдээ энэ бол 2022 оны тоон мэдээлэл. Өдгөө лиценз эзэмшлийн байдал өөрчлөгдсөн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензит талбайн 6.620.000 метр квадрат газрыг “Энержи ресурс” компани 2023.05.10-ны өдрөөс эхлэн эзэмших болсон мэдээллийг бид өмнө хүргэсэн. Онцгой дэглэм тогтоож, аль хэдийнэ мөрдөхөө больсон 1991 оны хуулиар Бүрэн эрхт төлөөлөгч томилоод зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайг “Энержи ресурс”-т шилжүүлчихсэн явдал бол онц ноцтой үйлдэл.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн орд газарт 7.3 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани.  

Гэвч ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийн талбайн газар эзэмших эрхийг бүрэн аваагүйгээс иргэн, аж ахуй нэгжид эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр 4.937.8 га газар олгосон асуудал өмнө нь хөндөгдөж байсан удаатай.

Түүгээр тогтохгүй төрийн өмч бүр эзэнгүйддэгийн жишгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай руу орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нэвтэрч нүүрс алга болсон асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энхболд анх дэлгэн мэдээлж байв. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсныг мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийн тогтоосон бөгөөд энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс” гэх мэдээллийг хийсний дараахан Мэргэжлийн хяналтын алба татан буугдсан нь тохиолдол гэхэд хэтэрхий хачирхалтай.

Өмнө Б.Жаргалсайханыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллахтай зэрэгцэн төрсөн дүү Б.Цогтсайханы нь “Дайцүки” гэх япон нэртэй компани Тавантолгой ордоос 101 га талбайн лиценз шилжүүлж авсан гэгдэн хэл ам таталж байв.

Харин энэ удаад 6.620.000 метр квадрат талбайн эзэмшигчийн нэр “Энержи ресурс” компани руу шилжээд даруй 4 сар өнгөрчихлөө. Харамсалтай нь, Монгол Төр эзэнгүй мэт чимээгүй оршиж байна.  

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн зөвшөөрөл авсан талбай гэдэг нь Монголын ард түмний өмч… Ард түмний мэдлийн талбайгаас хэний дураар ийнхүү Энержи ресурст өгчихөв өө, Ерөнхий сайд аа!!!

Хэдхэн сарын дараа болох сонгуулиар сонгогч бүрийн хамгийн түрүүнд асуух асуулт гэдгийг мэдэж байгаа юу… Давуу эрхийн хувьцаа биш ч газрын дорх баялаг бүх ард түмний өмч байх хуулийн заалт давхар бийг энд нэхэн сануулъя.

Монгол Улсын нөөцийн нэгдсэн санд батлагдсан нөөцийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрээр Баруун өмнөд /Оорцог/, Зүүн /Онч хараат/, Ухаа худаг, Цанхи, Цанхийн баруун, Цанхийн зүүн, Ухаа худагийн баруун, Бортээгийн хойд, Бортээгийн зүүн хэсэгт 3.368.9 сая тонн гэж бүртгэсэн аудитын дүгнэлт бий.

Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд “…Биднийг коронавирус, карантин гэлцэх хойгуур “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн хувьчлахад бэлдэж байна. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авна. Гэхдээ Д.Сумъяабазарын хувьчлах төлөвлөгөө цааш явах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно. Төмөр зам байгуулдаг мөнгө алга болно” хэмээн анхааруулж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлдэж…

Тэгэхээр нүүрсний гэх хэрэг, олныг ханаруулсан жагсаал цуглааны цаана илүү том хулгай явагдсан байж болзошгүй юм. Цухуйж буй сэжүүр нь “Энержи ресурс” компани руу шилжсэн 6.6 сая талбайн мэдээлэл ч юм билүү.

Гэхдээ нөгөө талдаа, хуульд тусгагдаагүй Бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаалт Ж.Ганбатын гаргаж буй шийдвэр бүрийг дараагийн Засгийн газраас буруутган шүүж, “хулгайч, луйварчин”-гаар нь Энержи ресурс дуудагдаад зогсохгүй удирдлагууд нь шоронгийн хаалга татах цаг ирж мэдэх л юм.

Монголын улстөр, өгөө аваа ингэж л явагддаг.

Концессийн гэрээ, худалдан авалтууд гэх гоё гоё саналуудыг өгөөш мэт үмхээд хожим хулгайч, луйварчин болж хувиран адлуулдаг олон олон бизнесмэнүүдийн зовлонг бид хангалттай харж байна.

Хуудуутай гэж үзсэн хувьчлал, худалдан авалт, гэрээ концессуудын буруутнаар хувийн хэвшлийнхэн нэрлэгдэн цахим гавт, хилийн хоригт, хэзээ мөдгүй хэдэн арван жилээр ял сонсох яллагдагчид болчихсон яваа болохоос гэрээ хэлцлийн нөгөө талд суун, гарын үсэг зурж шийдвэр гаргасан үе үеийн эрх баригчид бүгд сураггүй байгаа нь үнэн.

Үүнийг шударга үнэн, хулгай луйвартай тэмцэж байна гэдэггүй юм… Энэ бол улстөрийн увайгүй, арчаагүй тоглолтын л нэг хэсэг.

Тэгэхээр одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч гэх сүртэй нэртэй хэн бүхэн үнэн хэрэгтээ хэн ч биш. Тэд хожмын өдөр Төрийн хатуу хууль цаазын өмнө ял дуудуулж мэдэх бөмбөг атгасан “амиа золиослогчид” төдий гэчихэд хатуудсан болохгүй.

МАН засагласан жилээс эхлэн “Эрдэнэс Тавантолгой”-н бүтэц данхайж, төсөв нэмэгдсэн.

Т.Билгээг “Эрдэнэс Тавантолгой”-н даргаар 2015.01.13-2016.09.01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаанд уурхайд 51, оффист 51 хүн шинээр ажилд орж 16 нь албан тушаал дэвшсэн бол 2016.09.01-2018.04.04-ний хооронд захирлаар ажилласан Д.Ариунболдын үед уурхайд 31, оффист 23 хүн шинээр орж, 18 нь тушаал дэвшсэн байдаг.

Харин нүүрсний гэх хэрэгт холбогдоод буй Б.Ганхуягийг захирлаар ажилласан 2018-2019 онуудад уурхайд 70, оффист 76 хүн шинээр орж, 60 нь албан тушаал дэвшсэн явдлыг МАН-ын их бага дарга нарын цүнх баригчид “хоолонд орсон” юм биш биз гэж хардахаас өөрөөр тайлбарлагдахгүй байгаа нь үнэн.

Гүйцэтгэх захирлаар ажилласан дээрх нөхөд байтугай 1991 оны хуулиар “томилогдсон” Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат гэгч хүртэл дүрдээ итгэн түмэн нөхдийг оруулж, гаргаад зогсохгүй 6.620.000 метр квадрат талбайг Энержи ресурт шилжүүлчихсэн байгаа нь 8 жил дангаар засагласан МАН дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болсныг харуулсан тод жишээ юм.

Ард түмэн тэнэг биш…

Хоёрхон улирлын цаадтай болох УИХ-ын сонгуулиас өмнө энэ мэт онц ноцтой алдаа завхралууддаа залруулга хийж, өнөөдрөөс цааших үг хэл, үйлдэл шийдэл бүртээ зөв алхахгүй бол ирэх он жилүүдэд эрх барих бус эрхээ хасуулахдаа тултал гөвүүлж, шавхуурдуулж мэдэх билээ.

Орчуулах »