Нам төвтэй төр, Д.АМАРБАЯСГАЛАН төвтэй нам Монголыг юунд хүргэх вэ?

Баасанжавын ГАНБОЛД

Ерээд онд Монголын сэхээтнүүд ардчилсан хөдөлгөөний үзэл бодлын тээгч байж, массыг босгож дэглэм өөрчлөгдсөн. Ингэж улс төрийн тогтолцоо зөв тал руугаа эргэв. Үндсэн хуулиндаа энэ санааг суулгасан.

Улс орны бүх салбар, тэр атугай гэр бүлийн асуудалд хүртэл оролцдог байсан нэг намын тогтолцоог халж олон нам бүхий парламенттай, хууль тогтоох байгууллагад олонхи болсон нам нь засгаа байгуулна, цөөнхи нь эрх баригч олонхи болсон намын сонгуулиар амалсан хөтөлбөрийг биелүүлэхийнх нь төлөө дараагийн сонгууль хүртэл ажилладаг. Сонгогчид 4 жилийнх нь дүн тавьдаг, сайн дүн тавьбал дахин сонгогдоно, муу дүн авбал өөр улс төрийн хүчин гарна.

Харин аль алинд нь нийгмийн хяналтыг тавьдаг сэтгүүлчидтэй, хуулийг нь сахиулдаг шүүгчтэй ийм л системийг бий болгосон.

Гэтэл өнөөдрийн өнцгөөс харахад бүх юм орвонгоороо эргэжээ. Сүүлийн хэдэн жил харсаар байтал манай улс төрийн тогтолцоо хуучин дэглэм рүүгээ гулсан унаж байна.

Нам төвтэй төр бүрэлдэн бий болж, засгийн эрх сөрөг хүчингүй, нэг намд төвлөрч байгааг бид харсаар сууна.

Ялсан намын дарга засаг толгойлох нь дэлхийд тогтсон жишиг ээ. Харин Генсек нь засагт орчихоод томилгоо, тогтолцоо, бодлогын, хариуцлагын бүх шийдвэрийг гартаа зангидаж, бүх эрх мэдлийг хэдхэн хүмүүст төвлөрүүлж байгаа нь тоталитар дэглэмийн үндсэн шинж юм.

Хамаг эрх мэдлээ Генсекдээ шилжүүлчихсэн Ерөнхий сайд авилгал, шударга бусын эсрэг хичнээн дуугараад ч сумгүй буу, шүдгүй арслан мэт харагдах. Нүүрсний хэрэг болон бусад бүх дуулиант хэргийн жинхэнэ эзэн нь гэгдэн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чичлүүлэх нөхөр тохой залгаад сууж байхад Ерөнхий сайдаас дуу авиа гарахгүй байна.

Ерөнхий сайд аа, баян айлын гадаа адуу мал багширдагтай адил, таны биш, харин таны хажуугийн өрөөний үүдэнд хадаг барьсан цүнх баригчид дугаарлан овоорч байна.

Хаалгаараа нэг шагайгаад хараач. Энэ юуг хэлж байна вэ?

Дараагийн номер 1 хүн одоогийн Генсек болно гэсэн яриа ордноор хэсүүчилж байна. Тэр хүнийг авилгалын хунтайж гэж нийгэм даяараа чичилж байхад ганцхан Та таг чиг. Та сахал хочит Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг хоёроос өөр ярих сэдэвгүй, арчаагүй нэгэн харагдаж байна.

Үнэхээр авилгалтай тэмцэх хүсэл байгаа бол кабинетаасаа эхлээч ээ

Нийгэм тэр аяараа Д.Амарбаясгалан болон түүний туслахуудын нүүрсний хэргийн талаар шуугиж байхад яагаад шалгадаггүй юм бэ?

АТГ хаана байна?!

Та яагаад айгаад байгаа юм бэ?!

Хамсаатнуудынх нь гэрт шалгалт ороод байхад ганцхан Та дуугарахгүй байгаад хаацайлах ямар шалтгаан байна вэ? Шударга бустай хийх тэмцэл тань зөвхөн нэг хүнээс болоод эргэлзээ хардлага төрүүлж эхэллээ. Нийгэм хариулт хүлээж байна. Дуугүй байх нь дутагдлыг хаацайлах гол арга болдог. Үгүй бол шалгаад, шалгасан дүнгээ тайлагнаж, олны хардлага сэрдлэгт цэг тавихгүй юм уу. 

МАН-ын дүрэмд төрийн албыг намын албатай хослон хашихыг хориглосон заалт байдаг юмсан. Нийтлэг энэ заалт бүх намд адил үйлчлэх ёстой. Харамсалтай нь эрх баригч намд, генсек Д.Амарбаясгалангийн хувьд энэ заалт үйлчлэхгүй байна. Ялангуяа намын Генсек ЗГХЭГ-ын даргын алба хашихыг хуулиар хориглох хэрэгтэй. Учир нь энэ алба  хашиж буй хүн:

  1. Бүх аймаг, орон нутгийн удирдлагыг хариуцна.
  2. Бүх яамдын зохицуулалтыг хариуцна.
  3. Бүх төрийн өмчит компаниудын удирдлагыг томилоход нөлөөлнө.
  4. Танхимаар ажилладаг ЗГ-ын хуралдааны ажлыг хангана.

Гэтэл ийм нарийн төрийн ажлыг хариуцдаг хүн намын ЕНБД-ыг хийж болох уу…

Д.Амарбаясгалан намын ЕНБД-ын ажлыг давхар хийж байгаа нь ямар хор хөнөөлтэй вэ?

  1. Төрийн алба устаж байна. Ялсан нам бүхнийг авна гэдгээр сонгуулийн үр дүнд ялсан нам төрийн бүх яам, тамгын ажилтнуудыг сонгуульд ажилласан хүмүүсээр дүүргэсэн. Тиймээс төрийн алба хоёр дахин томорсон. Одоо төрд зөв бичгийн дүрмээр бичих байтугай наад захын ажилдаа үнэнч, тогтвортой ажиллаад албан тушаал ахиж төрийн албаны оргил нь болох ТНБД болох хүсэл эрмэлзэл үгүй болсон. “Хоёрдугаар ээлжинд хоолондоо” буюу аль нэг дарга  солигдоход түүний тойрон хүрээлэгчид үгүй болж дараагийн ээлжийн хүмүүс ирнэ. 
  2. Намын дарга нар чадвартай улс төрчдийг бий болгож багаа бүрдүүлэх, дараагийн үеийн улс төрчдийг бэлдэхийн оронд өөрөөс нь илүү хүн гарчихвий гэсэн шиг пялдага бацаануудаар өөрсдийгөө хүрээлүүлж намд цүнх баригчдын цуваа бий болсон. Өглөө босоход нөгөөдүүл нь “төрүүлж өсгөсөн даргынхаа” араас хутга шаана. 
  3. Намаар амьдардаг бүхэл бүтэн давхарга бий болсон. Ажил хийж цалин орлоготой байснаас намын гишүүн болж сонгуулиар мөнгө хийх нь байнгын бага цалин авснаас нэг удаа байр, машины мөнгө хийх, цөм хийх алтан боломжийг олж харжээ. Энэ үзэгдэлд МАН, АН харгалзахгүй, хөгшин залуу гэлтгүй, эр эмийн ялгаа үгүй “ухуулагч”, “ажиглагч”, сонгуулийн штабын ажилтан, менежэр, урлаг, спортынхон, бөх, уяач, нутгийн зөвлөл, мянгат малчид, улс төр судлаачид гээд оролцохгүй хүн үгүй.  
  4. Эцэст нь, ингэж их намчирхсан нийгэмд чадалтай, мэргэжлийн хүмүүс амьд үлдэх үү, Үгүй. 2024 оноос хойш энэ улсад дээрх хүмүүс Монголоос дайжиж оюуны урсгал гадагшлана.

Төгсгөлийг НИЙГМИЙН ШУУДАН сониноос

Орчуулах »