Ногоон автобусны дуулиан захиалагчтай гэгдэхийн учир юув?!  

Тэрбээр 2023.09.24-29-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажилласан. Түүнтэй хамт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, АН-ын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ХҮН намын дарга Т.Доржханд нараас гадна Ерөнхий сайд асан С.Баяр явсан байв.

Ингэхдээ Д.Амарбаясгалан түрүүлж Германд очсон бөгөөд араас нь УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл очсон гэдгийг эрх баригч намын хэвлэлээс хэлж байгаа юм.

Герман улсыг зорих болсон шалтгаан нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй парламент үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой гэнэ. Парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай хэмээгээд туршлага судлахаар ийнхүү мордож.

Харин Д.Амарбаясгаланг тус улсад ажиллах үеэр Германы Newsdirect.com сайтад “Д.Амарбаясгалангийн авлигын хэрэг Монгол Улсыг тогтворгүй болгож байна” гэх гарчигтай нийтлэл цацагдан эрх баригч намын генсэкийг ихэд цочирдуулсан гэж байгаа.

Нийтлэлд Д.Амарбаясгаланг улстөрийн сайн стратегич гэж тодотгохдоо ЖДҮ-ийн сангаас зээл аваад уснаас хуурай гарч чадсан зэргээр тайлбарласан байх жишээтэй. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд болон Д.Амарбаясгалан нарын хамаарал, тэдэнд холбогдох хуулийн этгээд, нүүрсний хэрэгт хэрхэн хутгалдсан талаар бичиж.

Д.Амарбаясгалан тэр даруй цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, энэ бүхэн гүтгэлэг хэмээн бухимдаад Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл цемент, Дарханы төмөрлөгтэй холбоотой нөхөд, эсвэл нүүрсний хэрэгт шалгагдаж буй этгээдүүдийн зүгээс хийсэн ажиллагаа гэх болчимгүй хардлага шидэж буй харагдсан.

Харин эрх баригч намынхны хувьд үүнийг генсэкийн гэнэдүүлэх тактик хэмээн харсан байх агаад нийтлэлийн захиалагч нь мэдэгдэлд дурьдагдсан нөхөд биш, эсрэгээрээ Д.Сумъяабазар болон түүний хэвлэл, пиар хариуцагчид байх өндөр магадлалтайг хэлж байна. Учир нь нийслэлийн намын хороог авах акцыг С.Амарсайханы зүгээс удаа дараа хийсэн гэх бөгөөд үүнд эгдүүцсэн Д.Сумъяабазар гадны хэвлэлээр дамжуулан Д.Амарбаясгаланд хариуг нь өгсөн гэлцэж байгаа юм. Түүгээр зогсохгүй үүнийг ойлгосон Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бус МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар мэдэгдэл гаргасан, энэ таамаг зөв бол тэрбээр тун удахгүй жинтэй хариу барина хэмээн улстөр сонирхогчид дүгнэж байв.

Үнэхээр ч энэ явдлаас ердөө хоёр хоногийн дараа ногоон автобусны дуулиан дэгдэв.

Намрын их ажлын өдрүүд, чуулганы нээлтийн өмнөх долоо хоногийн сүүлтэй давхцан ХҮН-аас мэдэгдэл хийж, ногоон автобусны тендер хуудуутай байгааг илчилсэн нь цаг хугацааны хувьд санаандгүй гэж харахад гоомойдохоор байгаа юм. ХҮН-ын дарга Т.Доржханд энэ өдрүүдэд Д.Амарбаясгалантай хамт Герман улсад ажиллаж байсан шүү дээ.

Ногоон автобусны дуулиан талд ассан түймэр мэт эрчилж, чуулганы нээлт болсон даваа гарагийн өглөө Ж.Сүхбаатар учиргүй гэмшсэн царайгаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь Д.Сумъяабазарын өгзөг дор гулсуур ивж өгсөнтэй адил явдал болчихсон.

Ерөнхий сайдын зүгээс Д.Амарбаясгалангийн эзгүйд Ж.Сүхбаатарыг чөлөөлөөд, Д.Сумъяабазарыг авч үлдэхээр бэлтгэл ажлыг хангасан байсан ч асуудал нэгэнт хальж хоёуланг нь явуулахаас өөр шийдэлгүй болсон гэж байгаа.

Тэгэхээр Д.Сумъяабазар ажлаа өгөх мэдэгдлийнхээ хажуугаар Д.Амарбаясгалангийн нэрийг хоёронтоо дурьдсан нь унахдаа хий дэмий шороо самардсан явдал биш бололтой. Тэр 2020 оны сонгуулиар Д.Амарбаясгалангийн дэмжлэгийг авч байгаагүй шүү хэмээн хэлсэн нь ногоон автобусны ард улстөрийн зодоон явж буйг илэрхийлсэн хэрэг байж.

Харин тэдний толхилцоон дунд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өөрсдийн нүүдлийг хийчихээд буй нь энэ гэх боловч үүнийг Хууль зүй дотоод хэргийн яамнаас Х.Нямбаатарыг холдуулах гэсэн Д.Амарбаясгалангийн давхар мэх явчихлаа гэж үзэх хэсэг бүлэг бас байна.

Төгсгөлийг НИЙГМИЙН ШУУДАН сониноос

Орчуулах »