Д.Амарбаясгалангийн “шунал” У.Хүрэлсүхийг унагаж мэдэх нь буюу МАН тойрсон ШУУМ

УИХ-ын дарга Г.Занданшатар бачуурч байна. Тэр ирэх сонгуулийн дараа улстөрөөс “зодог” тайлахдаа тулж, У.Хүрэлсүхэд хөсөр хаягдсандаа ихэд уурсч байгаа. Уураа барьж дийлэхээ байхдаа улстөрд гол дүр булаацалдан, хэдийнэ хэрэг биш болон замхарчихаад буй нүүрсний сонсгол хийхийг шаардан генсэкийн нервийг барж, Засгийн газрын гурван сайдыг зэмлэн намын даргынхаа эмзэг цэгт үе үе хатгаж үзэж байна. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох, хичээлийн шинэ жилийг халуун зунаар эхлүүлье гэхчлэн олон нийтийн дэмжлэг авах суваг хайн бэдчих ч өнөөх нь тусыг эс олно. Намын нэрийн жагсаалтад Г.Занданшатарыг багтаах зай байхгүйг Д.Амарбаясгалан шулуухан хэлсэн нь үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх түүнээс хэдийнэ зайгаа авсны илэрхийлэл хэмээн намынхан нь ёстой л тамхины цэгийн яриа болгон жиг жуг хийж байна.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН нэрсийн жагсаалтдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс багтаана гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь зарлачихсан. Үүнтэйгээ зэрэгцүүлэн хуучцуулаа жагсаалтад эрэмбэлэхгүй, эсрэгээр нь тойрог руу илгээнэ гэдгээ хэлээд авна лээ. УИХ болон Засгийн газрын гишүүдийг тойрогт өрсөлдүүлэх, эс бөгөөс дараагийн Засгийн газарт сайд горьдохгүй (энэ намынхны хувьд сайдын суудал гэдэг АЖИЛ бус ШАГНАЛ бололтой) гэсэн амлалт, дэнчингийн хэмжээгээр жагсаалтад багтаах зэрэг тетрис шиг олон шалгуур тавьсан нь намынханд нь таалагдахгүй байгаа.

Найман жил засагласан МАН-д барилдахаасаа таахалзах гэгчээр шуугиулсан, шүгэлдсэн ажил их ч үр дүнд хүрсэн нь нэг ч үгүй.

Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хэрэг, төмөр замын дуулиан гээд сонсоход сүртэй, онц ноцтой бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүд мэт байсан боловч өдгөө бүгд албан тушаал, эрх мэдэл хэтрүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг ганц нэгхэн нөхрийн шуналын үйлдэл болоод замхарч байна.

Үүний горыг ТОМИЛОЛТ хэмээн орон нутгийг зорин шуугиулсан Л.Оюун-Эрдэнэ л хатуухан, халуухан мэдэрсэн байх. Түүнд ард түмэн олигтой үг сонсгоогүй, хаа ч очсон хөөгдөж туугдан, загнуулж зүхүүлсээр эцэстээ шууд дамжуулалтаа хязгаарлахад хүрч байв. Тэгэхээр тус намаас тойрогт илгээгдэх нөхөд амаргүйг туулна. Үүнд дургүйлхсэн Д.Амарбаясгалан Дэлхийн зөнгийнхнөөр улсыг удирдуулахгүй хэмээн уурссан талаар Төрийн ордныхон шивэр авир хийж, тархи толгойн дээгүүр нь хар турлиахууд шөнө өдөргүй эргэлдэх болов.

Ирэх сард болох намын Их хурлаар Л.Оюун-Эрдэнийн гурван жилийн тайланг сонсч, намын гишүүд нь дүн тавина.

Үүнээс урьтаж намын Бага хурал хуралдах товтой байгаа. Өнгөрөгч хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тоглолтод нэг ч гишүүн саад бололгүй зам тавьж өгсөн байхад аль аль нь АН, ХҮН намын угшилт нөхдийг ЗӨВЛӨХ хэмээн залснаар өөрийн намынхан нь өрөөгөөр нь шагайх ч эрхгүй хатавчинд хэвтсэн гэлцэн ихэд ууртай явна.

Бухимдлын буу үүрч, стрессийн сэлэм эргүүлсэн бага хурлын гишүүдээс Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын дунд тэлээ хурга шиг гүйж ЗӨВЛӨХ нэртэй занзайж, тэр энэ бүх нөхдийг нь ойртуулалгүй алгуураар холдуулчихсан херо Б.Баатар, А.Амундра нар айхгүй ч аягүй гэгчээр жийрхэж байгаа нь лавтай. Тун ойрын эх сурвалжийн хэлснээр хоноц хоноцдоо дургүйн үлгэрээр А.Амундра нь Б.Баатараа Засгийн эрх мэдлээс холдуулчих санаагаар “Топар гэдэг чинь авгайлга биш доромжлол, энэ нэрийг Б.Баатар оноогоод зогсохгүй шаардлага үүсвэл хугацаанаас нь өмнө татах хэд хэдэн хувилбарт сценари халаасалчихсан явдаг шүү” гэх мессэжийг У.Хүрэлсүхэд өгсөн гэлцэж байна. Тийм ч учраас өнгөрөгч зунаас эхлээд аялал, ажил гээд нийслэлээс гарах бүх хөтөлбөртөө Ерөнхийлөгч Д.Амарбаясгаланг гэргий мэт дагуулж, очсон газар орон бүртээ миний залгамж халаа, итгэж болох, хол явах залуу хэмээн танилцуулдаг, тэдний халаасанд Б.Баатар, Х.Баттулга нарын хэзээ ч гаргаж мэдэх сценарийн эсрэг төлөвлөгөө явах болсон юм байх. Нарийн ширийн мэдээллийг батлах боломжгүй ч “Топарын гэргий” гэх шинэ ёгт утга агуулсан нэр хочтой болсон генсэк рүү Х.Нямбаатар ч ёозгүй байгаагаа илэрхийлэн Т.Доржханд руу Д.Амарбаясгалан та хоёрын найз байх надад хамаагүй шүү гэсэн хатуухан чулууг нүүлгэж буй харагдсан.

Эрх баригч намын бага хурал хаалттай хаалганы цаана, хайрцаглагдсан хүрээнд өрнөдөг байсан бол энэ удаад Бага хурлын гишүүд коммунизм үнэртсэн аргачлал дор чинь бүлэг хулгайчид хувийн компани шигээ зоргоороо авирлаж, жинхэнэ гишүүдийг сөөм сөөмөөр зайлуулж дуусгалаа гэлцэж байна.

Энэ ч үнэн. Тус намын жинхэнэ батлахтангууд одоо л босч тэмцдэггүй юм бол дараагийн бага хурлын үед бүгд хашааны гадна хэдийнэ гарч, хэн ч биш болох биз.

Ойрын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн Цэцэд дуудахаар ХҮН хөдөлгөөнд орсон гэх шуум дор Тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөнтэй болчихож. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэм, Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ийн ажлын тайланг Засгийн газрын өнгөрөгч сарын сүүлийн хуралдаанаар сонсч, дүгнэсэн. Ингэхдээ БЭТ-ийн ажлыг өндрөөр үнэлж, компанийн эдийн засгийн бүх үзүүлэлт өсөлттэй гарч, хариуцлагатай сайн ажилласан гэж үзэн энэ сарын 26-наас дахин БЭТ томилох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлж байв. Гэхдээ нааш харж эл мэдээллийг өгмөгцөө цааш харан БЭТ томилох асуудал БНМАУ-ын хуулиар зохицуулагдаж, өдгөө эрх зүйн зохицуулалтгүй явагдаж байгаа хэмээгээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргуулахаар ХҮН-д “захиалга” өгчихсөн гэх хардлага хүчтэй тархаж байна.

Одоогоор Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод аудитын газрын дарга Х.Мөнхжаргалыг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа.

Түүнийг БЭТ Ж.Ганбатын “сүүдэр” гэлцэх болсоор удсаныг энд дурьдчихад илүүдэхгүй биз. Х.Мөнхжаргал нь Төрийн банкны Дотоод аудитын газрын захирлаар 2018.10.24-нөөс ажиллаж эхэлсэн нэгэн. ТУЗ-ийн даргаар нь тухайн үед Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат ажиллаж байсныг мэдэхгүй хүн ховор биз. Улмаар, 2022.10.26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, хуульд байхгүй “бүрэн эрхт төлөөлөгч” гэх зохиомол хээлтүүлэг шиг юм гаргаж ирээд, түүндээ Ж.Ганбатыг томилж байлаа. Түүний араас Х.Мөнхжаргал дагалдаж, 2022.12.01-ний өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирлаар ажиллах болсон байдаг.

Ийм байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-д хяналт тогтоогоод байсан Л.Оюун-Эрдэнийн “бүрэн эрх” ирэх сард дуусгавар болно. Үүнтэй нь зэрэгцээд хуулинд байхгүй БЭТ гэх статус гаргаж ирээд улсын чухал объектуудад “хувийн” хяналт тогтоон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн ХҮН намаас Ерөнхий сайдыг буруутгах юм байх. Үүнд хотын дарга Х.Нямбаатар уурсаж, чуулганы хуралдааны үеэр Т.Доржхандын асуултад хариулахдаа “Сая хуулийн төслийг таны их дотны найз Д.Амарбаясгалан танилцуулсан. Би үгээ өөрөөр чинь их айхтар чиглүүлж заалгахгүй” хэмээн тэсэрсэн гэлцэж байгаа.

Т.Доржханд, Д.Амарбаясгалан нарын “нөхөрлөл”-ийг нам дотроос нь ийнхүү цочмог зарласан явдал эрх баригч намын бүлэглэлүүдийн хоорондын “зодоон”-ыг улам өрдсөн биз.

Цавчаа ногооны хэргийг ХҮН дэлгэснээс Д.Сумъяабазар намын байрны найман давхраас өөр орох газаргүй болж, Ж.Сүхбаатар давхар дээлээ тайлаад зогсохгүй гэрэл үзсэн жоом шиг сэтгүүлч харуут зугтаж яваа. Тэд энэ бүхний цаана Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төдийгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байгаа хэмээн хардаж, генсэкийн өгсөх замын үзүүрт торсон бүхнийг энэмэтчилэн цэвэрлэсээр байх юм бол Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах хувилбарт шилжихээс өөр замгүй гэлцээд тэнд эндгүй бүлэглэн уулзаад эхэлж.

Тэрбайтугай, Л.Оюун-Эрдэнийг аль хэдийнэ ашиглахаа больсон БНМАУ-ын хуулийг дагаж мөрдөн, улсын онц чухал объектуудад “хувийн” хяналт тогтоосон хэмээн буруутгаж, ХҮН нэрээр Цэц рүү очно гэгдээд буй албан бланкийг ч Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нар Францад явахдаа ноороглосон гэх шуум намын дотоодод эрчтэй тархаж байна.

Үүнийг батлах мэт ХҮН-ынхан Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын өргөн барьсан хуулийн төслийг эсэргүүцэж, улмаар огцруулах акц өрнүүлэх талаар цухалзуулаад авсан. Уг акцийг А.Амундра удирдана гэх бор шувуу ч саарал ордноор хэдийнэ нисэлдээд эхэлж…

Үргэлжлэл бий…

…Үргэлжлэлийг XI.13-ны өдөр хэвлэгдэх Нийгмийн шуудан сониноос…

Орчуулах »