МАН-д ассан гал түймэр болон дэгдэх вий…

У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 6 жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллах анхны хүн боловч хугацаанаасаа өмнө буусан анхны Төрийн тэргүүн болох эрсдэлд мөн ойрхон байна.

Ямартай ч тун ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газарт өөрчлөлт орох нь тодорхой болов бололтой.

Хиймэл оюун ухаан ашиглаад дэлхийн олон улс орны удирдагч, урлаг спортын оддыг яриулж, дуулуулж, уйлуулж хүртэл технологийн хөгжлийг харуулдаг, ингэхдээ жинхэнэ хуурамчийг ялган таних аргачлалуудыг нь цуг бүтээж, түүнийгээ үнэгүй ашиглуулдаг, нэг талдаа наргиан мааз хэлбэрийн боловч нөгөө талдаа аль улсын технологийн салбар илүүтэй хөгжиж буйг харуулсан Deepfake Монголоос өөр оронд байдаг л зүйлийн нэг болсон гэчихэд буруутахгүй. Энэ аргачлалаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж, мэндчилгээ дэвшүүлж буй мэт байдлаар хийсэн нь учир ойлгодог хүмүүстээ бол Хятадын IT технологийн салбар хичнээн хурдтай хөгжиж буйг харуулсан, хэл шинжлэл утга найруулгын ямар ч алдаагүйгээр хятад хэлийг хиймэл оюун ухаанд таниулж чадсаныг харуулсан явдал байв. Үүнийг боловсрол, мэдлэгтэй иргэд хэн боловч Youtube сувагт үнэ төлбөргүйгээр, хог нэгээрээ байдаг хуурамч жинхэнийг таних аргачлалыг ашиглаад л учрыг ойлгочих асуудал юм. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба, Тамгын газар нь хүртэл сүр дуулиан болгон гоомойтов…

Ичиж үхмээр гэдэг үгийг энд ашиглачихад хэтийдсэн болохгүй биз.

Манай улсад суугаа гадаадын иргэд, IT технологийнхон эл сүржигнэлийг үзээд хичнээн шоолж, зугаагаа гаргасан бол… Ялангуяа Төрийн тэргүүний хэвлэл мэдээллийн албаны мэдлэг, мэдээллийн хоцрогдол энэ явдлын үеэр илүүтэй тод харагдсаныг хэлэх хэрэгтэй.  Хэвлэл мэдээллийн алба, албаны нь дарга Ө.Золбаярын www.ergelm.mn сайтын тодруулгад өгсөн хариулт Ерөнхийлөгчийн дүрсээр хийсэн Deepfake-ээс илүүтэйгээр хоёр улсын харилцаанд сэв суулгахвий гэсэн түгшүүр төрүүлж байсныг нуух юун. Тэрбээр тус сайтын асуултад “Хятадын “Талын дуу хоолой” хэмээх радио апплейкшн ашиглаж, Ерөнхийлөгчийн мэндчилгээг хятад руу хөрвүүлсэн байна. Бид Гадаад харилцааны яамаар дамжуулан радиогийн хамт олныг залруулга хийхийг шаардсан хүсэлт явуулах гэж байна. Залруулга хийхгүй бол олон нийтэд буруу ойлголт, мэдээлэл өгч байна” хэмээн “Талын дуу хоолой” гэх радиог нэр заан буруутгажээ. Улмаар өөрийн нүүр хуудастаа тайлбар хийхдээ хиймэл оюун ухаан ашигласан технологийн олон аргачлалын нэг болох Deepfake-ийн талаар ямар ч ойлголтгүйгээ харуулсны зэрэгцээ бүхэл бүтэн улсын Төрийн тэргүүний Хэвлэл мэдээллийн албаны дарга гэж хэлэхэд ичмээр сул дорой, үхээнц тайлбар тавьсан байв.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл хийн эл Deepfake-ийг зохион байгуулалттайгаар тараасан хоёр Монгол иргэнийг шалгаж байгаа, БНХАУ-ын хуулийн байгууллагад хандсан талаар мэдээлэв.

Үнэндээ Ерөнхийлөгчийн Тамгын газар ч ийм зүйлд ач холбогдол өгөн сенсацилж, хийсэн байж болзошгүй гэх залууст эрүүгийн хэрэг үүсгүүлэх нь ёстой л дэлхийн шившиг юм даа.

IT технологийн салбар хөгжихийн хэрээр хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн модел, загварууддаа улс орнуудын ерөнхийлөгчдийг буюу олны танил болсон нүүр царайг ашиглан олон нийтэд таниулдаг байдал хэвийн л зүйл болсон. Гэхдээ энэ салбарынхан эл аргачлалдаа өндөр ёс зүй, хариуцлагыг давхар сахиж AI уу, жинхэнэ нь үү гэдгийг ялган таних шийдлийг хамтад нь бүтээж, түүнийгээ үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олон нийтэд өгсөөр ирсэн. Тиймээс Deepfake-ийн моделд ашиглагдсандаа өнөөг хүртэл аль ч улсын төрийн тэргүүд гоншигнож, Хэвлэлийн албад нь сүрийг үзүүлж байсангүй. Тэрбайтугай, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь технологийн салбарын залуус царай, дүрсийг нь ашиглан элдэв үг, өгүүлбэр хэлүүлж, түүнээ олон нийтэд нээлттэй ашиглуулж байхад тэрбээр “Ийм эрх чөлөө, ийм хөгжилд хүрэх ардчиллыг авчирсандаа би баяртай байна” гээд зогсч байсан сайхан жишээ бий…

Тэгэхээр өнгөрсөн өдрүүдийн явдал, түүнд огло үсрэн боссон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэвлэлийн алба ямар эмзэг, турьгүй, айдас хүйдэстэй байгаа вэ гэдгээ харуулсан, дэлхийн IT технологийн хөгжлөөс хичнээн хол хоцорсноо таниулсан кэйс боллоо гэчихэд хэтийдсэн дүгнэлт болохгүй биз. Төрийн тэргүүний дэргэдэх албадууд ийм болчимгүй байгаа нь үнэндээ эмгэнэл л дээ.

Сүүлийн үед У.Хүрэлсүхийг буруутгасан, огцруулахыг шаардсан мэдээлэл цахим орчинд тасрахаа больсон нь үнэн. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд цэрэг татлага болон амиа алдсан албан хаагчдын хэрэгт хариуцлага хүлээхийг нийгмийн сүлжээгээр эрчтэй шаардаж байгаа. Буруутгах ч аргагүй. Харамсалтай нь, олон нийтийн бухимдал, цөхрөлийн цаадах асуудлыг олж харахаас илүүтэй энэ бүхний ард Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг байна гэх мэдээлэл улстөрийн хүрээнд өрнөөд эхэллээ.

У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нар эртнээс таагүй харилцаатай байж ирсэн нь эл хардлагын эхлэл болж байж мэдэх.

ЯАГААД гэдэгт хариулт олохын тулд цаг хугацааг ухраасан эрэл хайгуул хийж үзье…

…2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдан У.Хүрэлсүх Шадар сайдаар улирч байлаа. М.Энхболд “60 тэрбум” гэх зохиомжоор намынхандаа яллагдан албан тушаалаа өгч байв.

Уг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд өрсөлдөж, Ерөнхий сайдын суудлыг У.Хүрэлсүхэд өгөхөөр 2016 оны сонгуулийн өмнөхөн тохиролцсон ч 2016 оны сонгуулийн үнэмлэхүй ялалтын дараа М.Энхболд У.Хүрэлсүхэд өгсөн амлалтаасаа буцаж хувь тавилангийн эргүүлгийг өөрөө өөрчилчихсөн гэдэг.  

Энэ бүгдийн дараахан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын суудлаас буулгах кампанит ажил МАН-д өрнөж, У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан нарын найруулгаар Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар гүйцэлдүүлсэн гэх мессэж өдгөө хэн хүнд сонин байхаа нэгэнт больж.

М.Энхболдын оронд МАН-ын даргаар Зүүний хүчний холбооноос У.Хүрэлсүх, “Нийслэл” гэх фракциас Ж.Эрдэнэбат нар нэр дэвшиж Тусгаар тогтнолын ордон тийм гэхийн аргагүй хуваагдалд орчихсон байсан үеийг уншигчид төдийлөн мартаагүй байгаа болов уу.

Ж.Эрдэнэбатыг нам удирдах хэмжээний лидер биш, туршлага, улстөрийн замнал нь У.Хүрэлсүхийн дэргэд жулдана гэх харьцуулалт цахим орчинд давалгаалж, “хөдөөний болхи”-оор нь дуудсан даапаалал хэрээс хэтэрч байв. Улмаар У.Хүрэлсүх өөрийг нь Ж.Эрдэнэбат тагнаж чагналаа гэх мэдэгдэл хийн, түүний захиалгаар МАН-ын байрны хамгаалалтын албаны залуус амь насанд нь халдахыг завдлаа гэлцэн ёстой л детектив кино шиг өдрүүд байсан уу гэвэл байсаан.

Ингэтэл бужигнасан адал явдлын дараа “У.Хүрэлсүхийг хэн тагнасан”, “Тагнаж чагнасан үйлдлийг хаана, хэн хэрэг нээн шалгасан юм бол” зэрэг асуултууд хариултаа ололгүй орхигдсон.

Энэ талаар тухайн үеийн Шадар сайдын ажлын албанаас “Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шууд удирдлагад ажилладаг, хэргийн талаар удаа дараа мэдээлэл өгөөд байхад шалгахгүй байгаа учир АТГ-т хандана” гэж байсны дараахан АТГ-аас “У.Хүрэлсүх гэдэг хүн өөрөө энэ хэргийг зохион байгуулж, зориудаар бичлэг хийн тараасан. Ж.Эрдэнэбат энэ хэрэгт холбоотой нь тогтоогдоогүй” гэх мэдээллийг өгч байв. Улмаар дүү У.Отгонбаяр, н.Амарсанаа нарыг оролцуулан өөрийгөө зориудаар мөрдөж мөшгүүлсэн, эвлүүлэг бичлэг хийн тараасан нь тогтоогдсон тул “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” зүйл ангиар яллагдагчаар татаж шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байгаа гэлцэн шуугиж байсан нь тухайн үеийн хэвлэлүүдэд баримт болон үлджээ.

Дээрх явдал ийм байдлаар намжсан ч алдарт 7 концессийн гэрээ Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг үргэлжлүүлэн боомилов. У.Хүрэлсүх Шадар сайдын суудлаасаа татгалзан “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улстөрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улстөр бизнесийн цөөн хэдэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, хайцаалж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тантай хамтарч ажиллахаас татгалзан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна. Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна” хэмээгээд огцрох өргөдлөө өгч байсан юм.

Улмаар тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы албан бланк дээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж УИХ-ын даргад өргөн бариад МАН-ын 32-ын бүлэг, АН-ын гишүүд, бие даагч С.Жавхлан гишүүний дэмжлэгээр огцруулж байлаа. 

Ж.Эрдэнэбат хариуд нь “Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяг дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь, чиний алдаа дутагдлыг би хүлээнэ” гэх үгийг У.Хүрэлсүхэд хаяглаж байв. Гэхдээ улстөрийн хүрээнийхэн Ж.Эрдэнэбатыг нааш харан ийнхүү инээмсэглэмэгцээ цааш харан У.Хүрэлсүхэд зориулсан ЖДҮ-гийн асуудлыг гаргаж шидээд хар хороо тайлсан гэлцдэг.

Тэдний талцал үүгээр дууссангүй.

2020 оны сонгуулийн өмнө Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас УИХ руу оруулна гэх мэдээлэл хөвөрч, улмаар 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ж.Эрдэнэбатыг 461 дүгээр ангид 20 гаруй хоног саатуулсны улмаас тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж чадаагүй. Энэ нь У.Хүрэлсүхийн зүгээс ЖДҮ-гийн асуудлыг ил болгосонд нь “талархсан” хариу бэлэг гэлцээд өнгөрсөн.

Гэтэл сүүлийн үест Ерөнхийлөгч рүү чиглэсэн элдэв таагүй мэдээллийн урсгалын эхийг Ж.Эрдэнэбатын зүгээс тавьж буй гэх барим тавим шуум дахиад л дэгдэв.  

Тэртэй тэргүй дотооддоо галтай явж ирсэн МАН-д тун удахгүй түймэр дэгдэх юм байх. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, намын даргаас нь буулгах ажиллагаа нам дотор эрчимжиж дараагийн Ерөнхий сайд, намын даргаар Ж.Эрдэнэбат Д.Амарбаясгаланг нэрлэн, генсекийн суудалд Я.Содбаатар, Х.Булгантуяа нар яригдаад эхэллээ.

Үргэлжлэл бий….

Орчуулах »