Сонсголтой зэрэгцэн 3 гишүүний эрхийг түдгэлзүүлэх шуум дэгдлээ

Арван сар тээсэн нүүрсний сонсгол амаржих өдрөө зарлалаа. Хоёр үе шаттай сонсголын эхнийхэд 175 хүн гэрчээр оролцох гэнэ. Б.Ганхуягийг эс тооцвол Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа тэргүүтэй АН-ын сүрэг сүргийн манлайнууд Хууль зүй дотоод хэргийн сайдад “байцаагдах” нь…

Харин эл зартай зэрэгцэн түлш шатахууны хомсдолд ундууцсан иргэд ирэх амралтын өдрүүдэд төв талбайд жагсах тухай мэдээлэл түгэж эхэллээ.

Үүнийг нь “Түлш тасрах байтугай шүлс хатахад босч ирдэггүй иргэд хаанаасаа биесээ олоод нэгдэнэ гээд байгаа юм, шатахууны хомсдол нэрийн дор Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг унагах зорилго агуулж буй биз” хэмээн олонх нь болгоомжлон харж байгаа. Ж.Ганбаатар сайд өнгөрсөн хугацаанд шатахууны нөөц хэвийн гэж байснаа нүүрсний түр сонсголоос долоо хүрэхгүй хоногийн өмнө аргаа барсан амьтан мэт “сүнсгүй” тайлбар хийж буй нь ч ийн хардахын үндэс болж байна.

Ж.Ганбаатарыг өдгөө хүн бүр намын генсектэй ил далдгүй холбох болсон.

Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазарыг муриж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай үгсэн Баянгол дүүргийн намын хороонд “эзэн” суусан хэмээн түүнийг нөхөд нь буруутгасаар байгаа.

Нүүрсний сонсголоос айн тэчъяадсан хэсэг бүлгийн нойргүй өнгөрүүлж буй шөнүүдийн зэрэгцээ авлигын шүүхийн асуудал МАН-д гал өрдөөд байна. Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар өргөн бариулсан ч өнгөрөгч долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйгээс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй. Баасан гарагт Байнгын хороо хуралдах байсан ч мөн ирц хүрээгүйгээс мөн хойшилсон. Гэхдээ ирц хүрээгүй гэхээсээ дотооддоо асуудлаа тохиролцож чадахгүй байгаатай холбоотой гэчихэд илүү онох биз.

Уг нь авлигын шүүх байгуулах асуудал гэнэтийн, шинэ содон зүйл биш юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар дагнасан шүүх байгуулах тухай аль эрт хөндөн, байсхийгээд олон улсын туршлага ярьж, энэ талаарх судалгааг ч хийлгэж байв. Харамсалтай нь, эрх баригчид Спикерийнхээ яриаг гөлөг гаслахын дайд ч тоож сонсохоо болиод удсан. Харин түүний тэгтлээ удаан ярьж ирсэн асуудал энэ удаад хэнд хэрэгтэй болсон юм, гэнэтхэн өндрөө авч, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирээд тогтохгүй Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарыг нүүр тулсан уулзалт хийхэд хүргэв.

Хуулийн төсөлд авлигын хэргийн шүүх байгуулах хүртэл энэ төрлийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй буюу шат алгасаад давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхээр тусгасан байгаа юм. Салбарын сайдын хэлснээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ авлига, албан тушаалын хэргийг эцэслэн шийдвэрлэдэг болох төдийгүй Дээд шүүх хэргийг бүхэлд нь хянана гэж байгаа.

ЖДҮ, Хөгжлийн банк, Тусгай сангууд, Төмөр зам гэхчлэн тоймгүй олон авлигын хэргийг эрх баригчид нээчихээд буй ч өдгөө ямар ч үр дүн гаргаагүй хэвээр. Тэд энэ чигээрээ гэлдэрсээр ирэх сонгуульд ялагдвал өөрсдийнхөө хүзүүнд дүүжлүүрийн гогцоо зүүчихээд дараагийн эрх баригч, дараагийн Засгийн газарт үзүүрийг нь атгуулсантай ялгаагүй хэрэг болно.

Найман жилийн турш намынхаа эрх мэдлийн төлөө нүдэлдэн, тэрийгээ ч энийгээ ч гэмт хэрэгтэн хэмээн цоллосоор тэдний буух цаг болов.

Ардчилсан нам өнгөтэй, өөдтэйхэн болоод ирэх сонгуулиар олонх болж чадвал наанадаж 4, цаанадаж 20 жил МАН-ыг өөрсдийнх нь нээсэн дээрх хэргүүдээр өөдийн бараа үзүүлэхгүй барьж, багтааж чадахаар харагдаж буй нь нууц биш.

Энэ удаагийн нүүрсний сонсголоор Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь юу хэлэхээс хамаарч эрх баригч намын толгойн “вагон” солигдоно. Тиймдээ ч Б.Ганхуягийг эхний, Т.Аюурсайханыг хоёр дахь шатны сонсголд гэрчээр дуудахаар болсон биз. Тэдний аль аль нь АН-аас нүүрсний хулгайч нэр заан чирэх нь юу л бол…

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Шалгалтын явцад тодорхой тооны гэрээ олдохгүй байгаа. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тайлбар авна” гэсэн нь намын дотооддоо тохироо, наймаа хийх гэж буй юм биш биз гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа.

Ер нь ч дуулиант хэрэг дэгдэх бүрт эрх баригчидтай холбогдох материал алга болсон гэх тайлбар хэвийн үзэгдэл болсоор удав. Өмнө нь Боловсролын зээлийн сангийн мэдээлэл устсан, сэргээгдэх боломжгүй хэмээн салбарын сайд нь мэдээлж байсантай энэ удаагийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбар яг л адилхан сонсогдож байна.

Энэ мэтчилэн эрүүл, үнэн эсэх нь эргэлзээтэй харагдаж, дуулдаж буй элдэв мэдээллийн хажуугаар Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан, Ш.Адьшаа нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокуророос оруулж ирэхээр зэхсэн тухай шуугиад эхэллээ…

Мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаарт…

Орчуулах »