Гай болохоор ЗАЙ бол гэгчээр Ж.Ганбаатараа солиод өг, Ерөнхий сайд аа!!!

Шатахуун түгээх станцуудад төрөөс Бүрэн эрхт төлөөлөгч маягийн хүн томилж, түүнээ сүр дуулиантай зарлаад эхэлж. Хичнээн шившигтэй, гутамшигтай шийдвэр, үйлдэл вэ… Бизнес эрхлэгчид, үндэсний хөрөнгө оруулагчдаа үл хүндэтгэдэг, дарамталж дээрэлхдэг тэнэглэлээс чинь гадныхан цочиж, зогтусч байна эрх баригчдаа!!!

Өөрийнхөө илүү гэрт, махны амбаарт ороод үүцээ шалгаж буй мэт ямар бүдүүлэг, увайгүй юм бэ гээд жигшин зэвүүцэж байна.

БНМАУ-ын хуулиар өмнөтгөл хийн Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд Бүрэн эрхт төлөөлөгч томилж байсан Засгийн газрын үйлдэл нэгэнт буруу жишиг болон халдварлаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нь хувийн хэвшлийн үйл ажиллагаа, данс тооцоонд хуруу дүрж, хяналтандаа байлгана хэмээн шившгээ хутгаж эхэллээ.

Ингэж дураар авирлаж, дунд чөмгөөр жиргэн татвар төлөгчдөө элдэвлэхгүй ээ эрх баригчид аа!!!

Ачааны хүндийг үүрэлцэн дотор гадаргүй зүхүүлж зандруулж ирсэн импортлогчдодоо дэм болж, ОХУ-ын Засгийн газартай уулзаж учран, өнөө хэр хоригтой хэвээр байгаа өвлийн түлшний асуудлыг хэлэлцэж өгөхийн оронд увайгүй байдлаар нэр хүндэд нь халдан, хэвлэлийн хурал хүртэл хийлгэн шившиглэх чинь гутамшигтай байна.

Ж.Ганбаатар аа, үүнийхээ оронд дэлхийн зах зээл дээрх нефть бүтээгдэхүүний үнэ савлаж байхад Монголд үнийг тогтоон барих нь болзошгүй хомсдол үүсгэн, бизнес эрхлэгчдээ сөхрүүлэх нь ээ гээд Засгийн хуралдаандаа ширээ шаагаад босооч, гоё…

Шатахуун нь улсын эдийн засгийн суурь үзүүлэлт болдог тул эрх баригчид хариуцлагаас эмээн үеийн үед нефть импортлогчдыг дүүжлүүрийн гогцоонд өлгөсөөр ирсэн ч одоо цаг өөр болсон, олон нийт бөмбөрцгийн хэмжээнд сэтгэж, уншдаг болсон.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас илгээсэн Бүрэн эрхт төлөөлөгч гээч сайн дурын уран сайханч нь хувийн хэвшлийн үйл ажиллагаа, тооцоо блансаас эхлээд нөөц, агуулахуудын байршлыг ч мэдэж, судлах ёстой юм гэнэ.

Нефть бол дэлхийн эдийн засаг, стратегийн амин, эмзэг бүтээгдэхүүн. Хэн дуртай нь гүйж хүрээд чихрийн агуулах ухаж байгаа аятай суудаг газар биш юм.  

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хоёр ч удаа нефтийн салбар дээрээ барьц алдаж буй нь асуудал импортлогчдод бус салбар хариуцсан сайддаа байна гэдгийг адгийн тэнэг ч ойлгохоор ил байна. Хил гаалиар орж ирж буй түлш шатахууны хэмжээ өмнөх жилийн татан авалтаас буураагүй байхад хомсдлын алдааг салбарын сайдтай бус импортлогчидтой ярина гэдэг шившиг юм.

Тэрчлэн Төрөөс үнийг нь хүчээр хязгаарлаж ирсэн зохицуулалт огтын ч үр дүнгүй байгааг нийтээрээ харж байна. Тиймээс ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР гээч харалган бодлого, хуульчилсан үнийн боолтноос болж хувь, хувьсгалын бүх ажил ТЭГ зогсоход хүрч буй энэ өдрүүдэд стратегийн онц чухал бүтээгдэхүүн болох АИ92-оо яаралтай горимоор хэлэлцэн, үнийг чөлөөлүүлэх нь шуурхай, зөв шийдэл болохоор байна, Ж.Ганбаатар аа!!!

Өнөөдрийн эл хомсдол эрэлт, нийлүүлэлтээ тооцоолоогүй бодлогын яам, харьяа агентлагийн нь 100 хувь буруу хэмээн эдийн засагчид хэлж байхад бурууг бусдад тохохоор хувийн өмч дээр БЭТ томилон, сав суулгыг нь ухна хэмээн дөргүй зүтгэсэн тэнэглэл чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг зогтусан, буцаж зугтахад хүргэсэн хортой үйлдэл болж байна.

Зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно.

Өнөөгийн эрх баригчид хуйгаараа солигдоно.

Тэр үед өнөөдрийн болсон болоогүй БЭТ-үүд, үндэсний хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагчдаа зовоож буйн гэм чинь зэм болж, ЯЛ асуугдах хар өдөр болон хувирчихсан байхвий, ЗАСГИЙН ГАЗАР!!!

Тиймээс хөдлөх, хэлэх бүртээ буруу давхиж, ядран чадран амь зууж яваа иргэддээ түвэг учруулж буй Ж.Ганбаатар тэргүүтнээ чаддаг мэддэг боловсон хүчнээр нь, политикийн яриа хэлцэл хийчихэж чадах зангарагтай улстөрчөөр нь солиод өг, МАН-ын дарга аа!!!

Дэлгүүрийн “худалдагч” дэлхийн түвшинд харах, хүрэх болоогүй юм байна гэчихэд хатуудсан болохгүй биз… Эс бөгөөс сайдтай, салбартай нь бус Засагтай, танхимтай ярьж мэдэх хаврын УРЬ айсуй байна!!!

Орчуулах »