Иргэд ч, эрх баригчид ч Имартын “касс”-нд дугаарлан ЕС дуусахыг хүлээж байна

МАН гарман дээр морио юүлэхээр үймэлдэж байна. Уг нь гурван долоо хоног тэсчихвэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар гурав дахь жилийнхээ ойн дарсыг буудуулна. Гэвч түүнд тэр өдрийн төлөөх хундага тулгах боломж олгохгүй байж мэдэхээр эрх баригчид дээр дороо оролцож байна. Гурвын гурван жил тогтвортой сууж, бүх үеийн Засгийн газраас эрх мэдэл, идэх уух нь элбэг хангалуун байсан атал сонгуулийн өмнө хэлэх үг, хийсэн ажилгүй сууж байна хэмээн тус намын томоохон бүлэглэлүүд даргадаа адаг дүн тавьж буй юм байх.

Шударга ёсны тэмцэл өрнүүлж, 5Ш ажиллагаа эхлүүлсэн түүний Засгийн газар Т.Бадамжунайг олж ирсэн ч, бусдыг нь алдаад дуусч байгаа нь зэм ярих хангалттай шалтгаан гэгдэж байна. Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргалаас эхлээд эрээд олддоггүй эрдэнэс, сурагаас цаашгүй сувднуудтай болсон нь нам доторх Сү.Батболдын фракцид өлгөгдөх гогцоо болчихсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Найман жил сөрөг хүчингүй сагалзаж, цаашдаа ч тэдэнгүй эрх барьсаар байж мэдэх он жилүүдийн гол тоглогч болохыг хүсэхгүй хэн байх билээ.

Томилгоо бүрээс шимтэйг хүртэж, намын дотоод дахь кнопын тоогоо барьсаар ирсэн Сү.Батболдын хувьд ирэх сонгуулийн өрөг нэн чухал. УИХ-д таван удаа сонгогдсон ч санаачилсан хууль, ахалсан ажлын хэсэг байгаагүй гэх тодорхойлолтыг түүнд наачихад тэгтэл хилсдүүлсэн болохгүй. Гэсэн атлаа тэр хий алдахгүй “нүүдэг” нөхөр юм. Алдах “хөрөнгө” ихтэй хүн арга ч үгүй байдаг биз.

Гурван шатны шүүхээс ял сонссон С.Баярцогтыг гэнэт цагаатгаж, улстөрд эргэн ирэх боломжоор хангуулсан төдийгүй сахал хочит Д.Эрдэнэбилэгийн гарт дахь хөзрүүдийг Д.Амарбаясгалангийн өмнөх ширээн дээр шидэж өгсөн кадр Сү.Батболд гэгддэг.

Өнөөх нь зуусан идшээ юунд алдаа аж.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрыг хүртэл “өөрийн” болгож, Blue Sky дахь оффисын байранд нь хувийн пиарын “алба”-аа оруулаад “цалинжуулчихсан” гэгдэж буй хар хорын жиг жугийг намын нь байрны гадуур гүйх ноход хүртэл сонсч байна.  

Ц.Элбэгдорж, Сү.Батболд нар улстөр дэх эртний хамтрагчид.

Тиймээс Тагнуулын Ерөнхий газрын удирдлагуудад Сү.Батболдын гэгдэх нөхөд очиж, Д.Эрдэнэбилэгийн энгэрийн халаасанд байсан хөзрүүд Д.Амарбаясгалангийн мэдэлд шилжсэн зэрэг нь бүлэглэл хоорондын улстөр болохоос тохиолдол биш гэдэгт итгэх хэрэгтэй болох нь. Эрдэнэтийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгт зуучилж, тухайн үеийн эрх баригчид хооронд “тоглолт” хийсэн гэгддэг Б.Хурц өнөөдрийн АН-д голлох байр суурьтай оролцож байхад тогтож анзаарахгүй гээд ч яалтай билээ. Тэд Д.Амарбаясгаландаа хөөрхөн алаг бөмбөг атгуулж гадна гаргачихаад, өөрсдөө гэр дотор хол ойрын хов базан, хор зуурсаар найман оны ард гарсан байж мэдэх л улс. Өдрөөс өдөрт нас биед хүрч буй Д.Амарбаясгалан төдийгөөс өдий хүртэл “наадаж” ирсэн бөөр алаг бөмбөгүүд нь хэзээ нэг өдөр өөрийн нь толгой дээр тэсэрч мэдэх “наадгай” байсан гэдгийг сүүлийн үеийн баривчилгаа, элдэв сонсгол тэргүүтнээс олж харсан байж болно. Түүний хүссэн “бялуу” бүрийг бүлэглэлүүд нь татгалзалгүй өгсөөр ирснийг бодох л хэрэгтэй. Сайхан ч зүйл биш л байх.

2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар Тавантолгойг Энержи ресурст өгч байсан үеийг энэ удаад нэгбүрчлэн саная. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогт ажиллах болсныг санаандгүй томилгоо гэвэл гэнэн дүгнэлт болно. Үүнээс найман жилийн дараа, 2014 онд Тавантолгойг Энержи ресурс болон Хятадын Шенхуа Энержи-д шилжүүлэхээр “улайрч” Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан нар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржоор дэмжүүлэн зүтгэлж байсныг бид биш улстөр дэх түүхийн хуудсууд гэрчилнэ. Өдгөө тэд АН-ын толгойд С.Баярцогтыг залж, хошууч генерал Б.Хурцаар “хамгаалагч” хийлгэж орхиод, эрх баригч намын тамгыг Сү фракцид атгуулахаар тооцоолсон мэт харагдаж буй нь үнэн.

Тэдний сценари дахь Засгийн газрын тэргүүн, зүтгүүлж чадвал намын дарга ч болгож болох дүр нь Ч.Хүрэлбаатар байх.

Урт нэртэй хууль, эсвэл бөхийн цол шиг дуудагддаг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд гэх гуншинт Ч.Хүрэлбаатарт дээрх бүлэглэлээс өөр хэн ийм гонжролдсон хэргэм “олгуулж” чадах билээ.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулан байж шүү дээ, базарваань.

Тэдэнд М.Энхболдын фракц төдийгүй У.Хүрэлсүх ч дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон гэх мессэжийг энд дурьдахад илүүц болохгүй биз.  

Сү.Батболдын гэх улстөрийн бүлэглэлд Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Н.Энхболд тэргүүтэн нэрлэгддэг бол, М.Энхболдод Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нарын кноп бий…

2021 онд Сү.Батболд төрийн эргэлт хийх нь хэмээн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох мэдэгдэл хийсний дараахан гэсэн үг.

Тухайн үед Сү.Батболдыг их хэмжээний авлига авсан, хууль бус хөрөнгө нуун дарагдуулсан хэргээр Нью-Йоркийн шүүхэд өгсөн тухай мэдээлэл ч гадна, дотны хэвлэлүүдэд цацагдаж байв. Гэвч удалгүй Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэлээ буцаан татсан гэлцээд, түүнд хаяглагдсан төрийн эргэлтийн сураг ч ор үндэсгүй алга болсон.

Тэр 2021.01.28-ны өдөр мэдэгдэл хийсний маргааш Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдон, тангараг өргөж байв. Өдгөө түүнийг эл өдрөө ямар нэгэн акц эхлүүлэх нь гэлцээд дээр доргүй бужигнаж буйг хэрхэн нуултай. Тэрбайтугай, Ч.Хүрэлбаатарын удам судартай холбоотой хуурмаг өгөөшийг бэлтгэн Х.Баттулгын талд хаяж өгсөн гэх цочирдом шуум ч намын удирдах түвшинд өчигдрөөс яригдаад эхэллээ.

Ер нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд намаас дэмжлэг үзүүлбэл дэвшинэ хэмээн мэдэгдэж зогссон хүний амбиц тийм амархан бөхнө ч гэж юу байхав.

Түүний тэргүүлж байсан Засгийн газрын үед Оюутолгойн гэрээ, Чалкогийн өр, оффтейк гэрээнүүдийн суурь тавигдсан байдгийг мартаж болохгүй.

Нүүрсний сонсголоор энэ эрхмийн нэр олонтаа дурьдагдсан ч гэрчээр дуудагдаагүй нь сонирхолтой л факт. Өнөөдөр эрх баригчид болон тэдэнд ойр улстөрчдийн эргэн тойрон ихээхэн бужигнаантай өнжинө. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэх тул энд түр орхиё.

Үргэлжлэл бий…

Орчуулах »