Нүүрсний хулгайд нэр холбогдсон нарийн бичгээсээ салчихаад сонгуульд оролцох гэнэ, МАН

Сү.Батболд улстөрийн нүүдлийг урагш хоёр, арагш нэг алхах зарчмаар жигтэйхэн няхуур хийж байна. Саарал ордны сарын тэмдэг гэдэг шиг Төрийн ордноор тоотойхон үзэгддэг энэ эр “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг” форумын Говийн бүсийн хэлэлцүүлэгт оролцож, оролцох бүү хэл индрээс нь үг хэлж ойрын улстөрөө таниулав.

Хөгжлийн банк, нүүрсний сонсгол гээд олны анхаарлыг татсан асуудлууд түүний гарт хөзрийн гол мод болон очиж байгаа гэчихэд ташаарсан болохгүй биз. Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн нарийн бичгийн даргагүй дөрвөн сарыг үдэж буй нь Сү.Батболд болоод Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын зөрчилдөөнтэй холбоотой гэх мессэж шивнээ төдий байснаа болиод өдгөө хэн хүнгүй ярьдаг сэдэв нь болж.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болоод түүний итгэлт “албат” Ц.Чулуунзагдын нэр холбогдсон нүүрсний асуудлыг олны анхаарлын төвд аваачсаны улбаа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоог гацаасантай нь холбоотой гэх жиг жугын учрыг жич мэдээллээр хүргэх тул энд түр орхиё.

Нүүрсний гэх түр хорооны сонсголд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нар гэрчээр дуудагдсан ч Д.Амарбаясгалан ирээгүй. Тэрбээр сонсголд оролцоод Админерал компанитай хамааралгүй гэдгээ итгэл төгс мэдэгдчихийн оронд цахим хуудсаараа нэр төрд халдлаа, худал мэдээлэл түгээлээ, хуулийн байгууллагад хандана хэмээн жон жон хийсэн нь сүүн шүд нь унаж гүйцээгүй гөлөг шиг хэтэрхий сул дорой харагдсаныг хэлэх хэрэгтэй.

Цахим хуудсаараа сүрийг үзүүлсэн генсек өнөө хэр хэнийг ч шүүх, цагдаад өгөөгүй байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр NTV телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлэл болгон хүргэснийг түмэн олон сонссон биз. Тэрбээр “Худал гүтгэсэн шүү гэдэг төрлийн улстөр. Намайг гүтгэчихлээ гээд хуулийн байгууллагад хандвал нөгөө талд нь гүтгэсэн эсэхийг нотлох, шалгах ажиллагаа хийнэ. Тэгэхээр өөрөө, өөрсдийгөө шалгуулах болно. Нотлох баримтуудаа тал талаасаа л аваад очно. Өгөхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг үү” хэмээн сонсогчдод хариулт, дүгнэлтийг үлдээчихнэ билээ.

Үүнээс, Админерал ХХК-тай Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар хамааралтай нь үнэн юм аа, баримтаар нотлогдоно гэх ойлголтыг олон түмэн авсан биз.

Нөгөөтэйгүүр Админерал ХХК-ийн дэд захирал Ц.Лхамжав 30 сая ам.долларын авлигал байж болзошгүй мөнгийг бэлнээр хүлээж авсан гэх гарын үсэг, тамгатай баримт мэдээлэл түр хороонд  ирсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд сонсголын үеэр ч хэлсэн, телевизэд өгсөн ярилцлагадаа ч онцгойлон дурьдав. Хөрөнгө оруулалт байсан бол тус компанийн дансаар орж ирэх ёстой, бэлнээр байсан бол улсын хил гаалийн бүртгэл байх ёстой. Гэтэл 30 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөг улсын хилээр яаж орж ирсэн нь, ирээд ямар хүмүүст очсон гэдэг тодорхойгүй байгаа тул хуулийн байгууллагаар тогтоолгохоор шилжүүлсэн гэх мэдээллийг сайд нэмж өгсөн.

Д.Амарбаясгалангийн хашиж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал нь Авлигатай тэмцэх газарт албан бичиг хаяглах, Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг авах зэрэг хуулийн зохицуулалттай. Гэвч тэрбээр өөрийн нь таалалд нийцээгүй аливаа бичиг сэлтийг хааш нь ч илгээлгүй хав дарчихдаг гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ч, намын нөхөд нь ч хэлж байгаа юм.

Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ уг нь төр, төсвийн сан хөмрөгт хуруу хумсаа дүрсэн хэнийг болов илчилж, хулгайчдыг Монгол Төрөөс, улстөрөөс ч нэгмөр зайлуулна хэмээн сүр хүчтэйхэн гарч ирсэн. Олон нийт ч түүнд нижигнэсэн алга ташилтыг, итгэл үнэмшилтэйгээ хамт өгсөн тул Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргийг нүдээ аниад сөхсөн байх.

Харамсалтай нь, хулгайн мөр бүрт намын болоод номын нөхөд нь, тэр дундаа Х.Баттулга, Д.Амарбаясгалан тэргүүтэн ёс мэт нэр дурьдагдах тул эцэст нь хэн хэнээс нь нүүр буруулах шаардлага гарч дээш тэнгэр хол, дорх газар хатуу болсон гэдэг.

Х.Баттулгын буруу булхайг ухаж, төмөр замын асуудлыг сөхөн далайсан газарт далд, далласан газарт ил байлгадаг болгох санааг анх Д.Амарбаясгалан, А.Амундра нар гаргасан гэх хар хорын яриаг өдгөө Тусгаар тогтнолын ордноор орж гардаг бүхэн ярьж байна. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар “Х.Баттулгыг яллагдагчаар татсан нь үнэн” гэх мэдээллийг олон нийтэд эр зоримогхон өгсөн ч тэгсхийгээд намжсан. Энэ талаар Б.Энхбаяр “Бие, биеэ барьцаалчихсан юм байна лээ. АН, МАН гэлтгүй. Банк, санхүү, хууль хяналт, хэвлэл мэдээлэл зэргийг бүхэлд нь хэрсэн” гэх товч хариулт шидэж харагдана билээ.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход түүний эцэг нэгт ах Б.Баатар, журмын ах Х.Баттулга нар нь чамгүй дэмжлэг үзүүлсэн. Гэвч хүн тэжээвэл толгой цусдахын үлгэрийг үзүүлж Д.Амарбаясгалан, А.Амундра нарын гэх чиглүүлгээр шударга ёсоо Х.Баттулгаас эхлүүлээд байнд ч үгүй, банзанд ч үгүй бумба болсон байх.

Эцэстээ Д.Амарбаясгалангийнхаа эргүүлгэнд унаж Төрийн ордонд ч, Тусгаар тогтнолын ордонд ч эрх мэдлээ хумиулсан хойноо нөхцөл байдлыг олж харсан Л.Оюун-Эрдэнэ одоо л Д.Амарбаясгаланг зайлуулахгүй бол өөр хэзээ ч биш гэх акцийг хөшигний ардаас эхлүүллээ гэх дүгнэлтийг улстөр сонирхогчид хийж байна.

Арга ч үгүй биз.

Улстөрд мөнхийн эрх ашиг, мөнхийн нөхөрлөл гэж байхгүйгээс хойно, нүүрсний хэргээс үүдэлтэй Д.Амарбаясгалан Х.Баттулга нар Л.Оюун-Эрдэнийг зайлуулах хэд хэдэн акц хийсэн гэгдэж байхад хэдий хүртэл чимээгүй тэсэх билээ.

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяртай биечлэн уулзаж нүүрсний сонсгол удирдах саналыг тавьсан гэж байгаа. Үүнийг Б.Энхбаяр өөрөө нотолж, сайд болохоос өмнө надаас “Хулгайтай тэмцэхэд хамт зогсож чадах уу” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам асуусан. Би ч Ерөнхий сайдын хуулийн илд нь байна гэдгээ хэлсэн хэмээлээ.

Тос дотроосоо өтдөг гэдэг… Эрх баригч хүчин албан тушаал, эрх мэдлийн шуналтнууд, татвар төлөгчдийн мөнгө болоод байгалийн баялагт хуруу хумсаа дүрсэн шуналт гишүүдээсээ болж ирэх сонгуулийн өмнө задарч, тэсэрч мэдэхээр байна.

Юуны түрүүнд Намын дотоодод болоод Засгийн газар, цаашлаад УИХ-д хүртэл нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болсон гэгддэг Д.Амарбаясгалан, түүний далайсан газарт далд орж, далласан газарт ил гардаг албат гэх Ц.Чулуунзагд нарын эрх мэдлийг хумих ажиллагааг ойрын өдрүүдэд эрчимжүүлэх нь. Ингэхдээ намын нэр хүндийг шалд нь хүртэл унагасан нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон Ц.Чулуунзагд гэгч нөхөр намын нэрийн өмнөөс Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах эрхгүй хэмээн үзээд, улстөрийн хариуцлага хүлээж өргөдлөө өгөхийг шаардаад эхэлжээ.

Үнэхээр ч улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг үйлдэгдсэн НҮҮРСНИЙ гэх асар том мөнгөн дүнт хулгайн асуудалд нэр холбогдоод буй нарийн бичгийн даргаасаа салаагүй НАМд хэн итгэж саналаа өгөх билээ.

Харин эл ЦЭВЭРЛЭГЭЭг жинтэйхэн эхлүүлж, цэгцтэйхэн дуусгаж чадах бүлэглэл энэ намын ойрын 20 жилийн улстөрийн жолоог чих амар атгаж явах биз…

Орчуулах »