Сураг алсарсан сонсголын МАРТАЖ болохгүй тэмдэглэл

Л.Оюун-Эрдэнэ ээлжит нүүдлээ зарлачихсан. Нийслэлийн газар олголт, нийтийн тээврийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж үе үеийн хотын дарга нарыг удирдлагын багтай нь “байцаана” гэж байгаа. Тэрбээр Хөгжлийн банк болоод Нүүрсний гэх хэргийн талаар ерөнхий хяналт, баримт факт тойрсон асуудлаар нээлттэй сонсгол явуулсан ч хулгайд нэр холбогдсон, оролцсон намын гишүүддээ хариуцлага тооцолгүй орхисон. Тиймээс цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэн байж хийгдсэн сонсголуудыг эцэстээ “хэрхэн бүлэглэж хулгайлдагийг баримтаар гайхуулсан үзүүлбэр”, “улстөрийн тохиролцооны дэлгүүр” гэх нэр хоч зүүж буй энэ өдрүүдэд газар олголттой холбогдох сонсголыг ч бүлэглэл хоорондын шантааж гэх шүүмлэл хүчтэй байгаа юм.

Арга ч үгүй…

Нүүрсний хулгайг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат гэхэд л 5 өдөр үргэлжлэн түм түжигнуулж, бум бужигнуулж байгаад өдгөө ажин түжин болсон. Хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх жижүүрийн хариулт энд тэнд бий хэдий ч шалгуулаад яллагдаж мэднэ дээ гэсэн нөхөд нь тойрог, нэр дэвшилт, намын жагсаалт яриад явж байхад хэн үүнд итгэнэ гэж…

Өргөтгөн задалж шинжилсэн 30 сэдвийн хүрээнд 5.2 сая тонн нүүрс гаалийнхны суган доогуур гарч, Утааг бууруулсан нэрийдлээр Тавантолгой түлш компанийн ТУЗ-ийн гишүүд 1.1 тэрбум төгрөгийг цалин, урамшууллаар авсан байх нь анхан шатны баримтаар ил болчихоод байхад ядаж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс намын гишүүдтэйгээ улстөрийн хариуцлага эхлээд ярьвал итгэл үнэмшилтэй харагдах нь үнэн юм. Тэгэхээр намын нэр баастсан, нэр холбогдсон асуудлуудаа хуулийн байгууллагаар шалгуулж цагаадчихаад буцаад ирээрэй гэж чадахгүйгээс хойш газар олголтын талаарх сонсгол нэрээр мөнгө, цаг үрэх хэрэг байгаа ч уу, үгүй ч үү…

Сар шинийн золголт нэрээр орон нутагт УИХ-ын ээлжит сонгуулийн далд сурталчилгаа эхэлчихсэн явааг захын тэнэг ч ойлгохтойгоо байна. Тэгэхээр энэ өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалд ойр нөхөд түмэн олноороо хуваан хүртэх байгалийн баялгийг хэрхэн хулгайлж хуваан иддэгийг харуулсан Хоёр дахь шатны сонсголыг тоймлон хүргэе (эл тоймыг холбогдох баримт фактуудын хамт орон даяар тараагддаг Нийгмийн шуудан сонины ээлжит дугаараар дэлгэрүүлэн хүргэх болно). Баялгийн хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхөдтэйгээ улстөрийн хүчнүүд хэрхэн хариуцлага тооцохыг ирэх сонгуулийн санал хураалт хүртэл анхааралтай ажиглаад сонголтоо хийх нь иргэн нэг бүрийн эрхийн асуудал юм. Тиймээс сонсголын тойм цаасаар ч, цахимаар ч заавал түгээх сэдэв мөн билээ.

С зөвшөөрөл буюу 52030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг гаргажээ

Шинжээчийн дүгнэлт: Монгол Улсын 2013-2023 оны аравдугаар сар хүртэл нийт 315.5 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 97.6 хувь буюу 308 сая тонныг БНХАУ руу гаргасан.

Нийт экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хийжээ. Шалгалтын хамрах хүрээтэй холбоотой тус компанийн нийт экспортын хүрээг дөрвөн эх сурвалжаас авч, статистик гаргасан. Гаалийн ерөнхий газраас Гашуунсухайт боомтын мэдээгээр 2011-2022 оны дүн мэдээг гаргажээ. Тухайлбал, 2011 онд 280.8 мянган тонн, 2012 онд 2356.6 мянган тонн гэхчлэн задаргаатай гаргасан бөгөөд нийт хугацаанд 67.5 сая тонн нүүрс экспортолж. Монголбанкны мэдээг Гаалийн ерөнхий газраас мөн эх сурвалж болгож авсан. 2016-2022 онд 70116 мянган тонн нүүрс экспортолсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уулын ажлын тайлангаар нийт экспортод гаргасан нүүрсний хэмжээ 73 сая тонн, Татварын ерөнхий газраас ирүүлсэн АМНАТ-ын тайлангаар баталгаажсан дүнгээс харахад нийт 73 сая тонн нүүрс экспортолсон байна.

Монголд тоон мэдээг нэгтгэн гаргадаг эх сурвалж дутагдалтай учир дөрвөн эх сурвалжийн дата мэдээлэл зөрүүтэй байгаа. Сүүлийн 10 жилийн дундаж үнээр Ганц мод боомтын үнээр зөрүүг тооцож гаргасан. Ингэхдээ хоёр төрлийн нүүрс буюу коксжих, түүхий нүүрсийг адил үнээр зөрүүг тооцож гаргасан байгаа нь тооцооллын хувьд үндэслэлгүй зөрүү гарсан.

Мөн нүүрсний үнээс гадна хоёрдугаарт, тээврийн хохирлын тооцоолол гэж бий. Тээврийн үнийн зардлыг 2020 оныхоор дундажлан аваад бусад бүх онд хасч тооцон нийт хохирлыг 8.9 их наяд гэж тооцсон. Нүүрсний тээврийн зөрүү нь бусад улс орон руу гарсан нүүрсний тоо хэмжээгээр танилцуулна. Гэвч тооцооллын хувьд авч үзвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК зардлын тооцоолол дээрээ зөвхөн 2020-2022 оныг тооцсон. Уурхайн амнаас Ганц мод боомт хүртэл гардаг зардлыг задалсан. Тодруулбал, хилийн хураамж, агуулахын зардалд 5,9, татвар 15-20 хувь, бусад тооцоологдоогүй зардалд гурван хувь, Ганц мод боомт болон Цагаан хад хоорондын тээврийн зардалд тонн тутамд 18,6-30,2 ам.долларыг, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн агуулах болон ачиж, буулгах зардалд 1,7-1,9 ам.доллар тээврийн болон талбайн хорогдолд нэг хувь, уурхайн ам болон Цагаан хад хоорондын тээврийн зардалд 12,4-14,3 хувийг зарцуулсан байна. 2020 оныг дундажлаж нийт үнийг 45 ам.доллараар тооцсон байгаа юм.

2013-2022 оныг бодитоор тооцоолж үзвэл 75 ам.доллар гарч байгаа. Тэгэхээр тооцооллын хувьд нэгдүгээрт, нийт нүүрсний хэмжээгээр, хоёрдугаарт, хасагдах зардлыг тооцсон. Дундаж тооцоолол биш учир тооцооллын зөрүүг өндөр болгож байна.

Алдагдсан боломж: Алдагдсан нүүрсийг тооцоолохдоо эх сурвалжид Үндэсний статистикийн хорооноос нийт экспортлосон нүүрсний хэмжээг авсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Г.Ганболд гишүүний өгсөн ярилцлагын дунд дурьдсан тооцооллын таамаглалыг дэвшүүлсэн. Үүнд, 2013 онд 380 мянган тонн, 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэсэн ярилцлагыг үндэслэл болгож энэхүү тооцооллоор тухайн онуудад нүүрсний экспортын хэмжээг харьцуулж эзлэх хувийг таамаглаж авсан байгаа. Баримтын хүрээнд Үндэсний аудитын хорооны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2022 оны тоон мэдээллийг нэгтгэсэн. Тайланд Монгол Улсын Засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын 1993 оны хэлэлцээрт түүний хэрэгжилтийг хангах тухайд 2010 онд байгуулсан Засгийн газар хоорондын протокол хөтөлж, эрчимтэй хамтарч ажиллах гаалийн байгууллагын ач холбогдол харилцан холбоотой болохыг онцолсон. Тухайн аудитын тайланд хамрагдсан хоёр байгууллагын мэдээлэл, хөндлөнгийн эх сурвалжийн мэдээлэл зөрүүтэй байгаагаас статистик мэдээ зөрүүтэй байгаа юм.

Нүүрс ачиж буулгах терминалын /НАБТ/ пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон “CAIS” систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн С зөвшөөрөл бүхий 487 аж ахуйн нэгжээс 246 тээвэрлэгч нь 52.030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр Гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй. Мөн НАБТ-ын пүүний программд С зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрс тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байгааг шинжээч танилцуулав.

Давхардаагүй тоогоор 9254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаагийн давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр нүүрс гаргасан байж болзошгүй байгаа. Тухайлбал: долоон тээврийн  хэрэгсэл нийт 100-аас олон удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа, 9182 тээврийн хэрэгсэл 1-50 удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолсон байж болзошгүй байгаа. Тухайлбал, Мөнхжаргал гэх жолооч “Жиасмон ложистик” гэх Хятад компанийн нэр дээр 139 удаагийн тээвэрлэлтээр 19,000 тонн нүүрс хулгайгаар гаргаж.

ХХЕГ-аас 30.9 мянган ширхэг ачааны автомашин хилээр гарсан мэдээлэл устсан. Үүнийг сэргээж, хууль хяналтын газар өгсөн.

Устсан мэдээллээс 19201 тооны тээврийн хэрэгсэлд холбогдох мэдээллийг сэргээсэн. Энэ бол давхардаагүй тоогоор 9946 тээврийн хэрэгслийн асуудал. Давхардсан тоогоор 19201 ширхэг тээврийн хэрэгсэл хилээр гарсан асуудал юм. Хоосон тээврийн хэрэгсэл гарсан асуудал сэжигтэй байгаа гэж ГЕГ дүгнэсэн. 2017-2018 оныг шинжлэхэд 186 мянган тонн нүүрсийг 1748 тээврийн хэрэгслээр Гаалийн мэдүүлэггүйгээр, зөвхөн хамтарсан манифестаар нэвтрүүлсэн. Гаалийн хяналтын талбайгаас буюу Цагаанхад- Гашуунсухайт-Ганцмод руу хөдөлж буй бүх тээврийн хэрэгсэл уг ангиллаар нэвтэрч байгаа. Бүрдүүлэлт мэдүүлэг нь гааль дээр нэг хувь үлдээд тээвэрлэгч, худалдан авагч газарт үлдсэн хувь нь очдог. Гэвч энэ мэдүүлэг гараагүй асуудал бий.

Хамаарал: УИХ-ын гишүүн Ш.Альшаагийн нэр дээр “Шанх транс”, “Тив транс”, “Галт ус”, “Баялаг ложистик”, “Шанх ложистик” ХХК гэсэн таван компани бий. Зөвлөх Ш.Мөнхцэцэгийн нь нэр дээр “Эм Жи Өү” ХХК 680 тээврийн хэрэгслээр 52 мянган тонн нүүрс, “Энх дэлгэр говь” ХХК 268 тээврийн хэрэгслээр 21.1 мянган тонн нүүрс, “Зүүн Хөхий” ХХК найман удаа 759 тонн нүүрс, “Мөнх цаст транс” ХХК 442 тээврийн хэрэгслээр 34320 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргаж. Ш.Мөнхцэцэгийг нүүрсний жагсаал болоод тав дахь хоног болж байхад ажлаас нь чөлөөлсөн.

Бусад тээврийн компанийн хамаарал:

  • ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн нэрээр “Эко глобал ложистик”, “Шанхын хэц”, “Алтаннууц”, “Цэцийгуа”, “Дэлгэрэх цагаан овоо”, “Аранзал алаг”, Эко глобал ложистикс, И коммодитс монголиа интеллижент ложистикс, Хансахиус
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий Бүргэд транс, ВВ транс
  • Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Золжаргалын Мэндтранс
  • Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын дүү Б.Болдмаагийн Их хурд хүч
  • ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын Сокобура
  • Ханбогд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Эрдэнэбаатарын Эрдэнэсгалба
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү Б.Батбаярын Шинэст өргөө транс
  • ЦХХХ-ны дэд сайд Ц.Эрхэмбаатарын Нэмэх тээвэр компани
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн Эсдэ компани
  • УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах Ё.Ууганбаярын Голден фрейт, Арвин хишиг ложистик
  • Өмнөговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Жаргалсайхан Говь транс
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Далан гол, Дагалай шарга наян найм транс, Топ транспорт, Хишиг сайхан ундрах, Дайлангийн хишиг тээвэр, Прайд транс, Ивээл сар транс
  • УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү П.Бат-Эрдэнийн Рийч рөүд, Бридж гүрэн транс, Блак кролл лайн
  • УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгийн Стандартмайнинг транс
  • АТҮТ-ийн авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалын МБТАНД,
  • Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий Шууд хур
  • Цогтцэций сумын иргэдийн хурлын төлөөлөгч Э.Болдбаатар Цогт цэций шанх транс
  • Гашуунсухайт авто зам ХХК-ийн дэд захирал Д.Басбиш Говь күрүма
  • УИХ-ын гишүүн асан Д.Зоригт Говьтранс ложистикс
  • Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгч Т.Золжаргалын дүү Т.Гаригцацралтын Шандастранс

Гэрчүүд юу хэлэв: Хамгийн олон удаагийн давтамжтайгаар хулгайн нүүрс гаргасан 20 жолооч, 15 нүүрсний компанийг нүүрсний сонсголд дуудахад жолооч нар ”Бид гаалийн бүрдүүлэлт энэ тэрийг мэдэхгүй, яв гэхээр нь явдаг” гэж мэдүүлэв.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адьяасүрэн нар ч шинжээч болон түр хорооны даргыг мэдээллээ нягтлахыг сануулж байлаа.

Гааль, хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой сэдвээр 53 гэрчийг түр хорооноос дуудсан байв.

ГЕГ-ын дарга нарын томилгоонд Сангийн сайдын нутаг усны хамааралт нөхөд олон байгааг Б.Энхбаяр тодруулан лавлаж байсныг мартаж болохгүй.

Эх сурвалж: Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос хийсэн нээлттэй сонсголоос

Үргэлжлэл бий…

Орчуулах »