Тендер халхавчаар Бортээгийн ордыг бүхэлд нь авах санаархал гэгдэх Сураг алсарсан сонсголын МАРТАЖ болохгүй тэмдэглэл-5

Шинжээчийн дүгнэлт: Өмнөговь аймгийн Тавантолгой ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалт. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод “Эрдэнэс тавантолгой” ХК Цанх Бортээг, Ончхараат, Бортолгой оорцогийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК Цанхын уурхайг 2010 оноос ил уурхайн аргаар олборлож эхэлсэн бөгөөд Бортээгийн чулуун нүүрсний ордыг 2022 оноос ил уурхайн аргаар олборлохоор үйл ажиллагаа эхлүүлээд явж байгаа. Тус компанийн Бортээгийн тусгай зөвшөөрлийн нөөцийн хувьд Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэлгээгээр Бортээг хэсгийн үнэлгээ 3,7 их наяд гэж гаргаж байсан бол 2023 оны есдүгээр сарын байдлаар биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасч тооцсон дүнгээр 404 их наяд төгрөг байхаар байна.

Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээг өмнөд хэсгийн MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл.

“Эм Эм Маркет” ХХК 2019 онд “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээг /өмнөд/ хэсгийн MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл” боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч 527,9 сая төгрөгийн үнийн дүнтэй ЭТТ-2019/630 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан хүлээлгэж өгсөн.

Тендерийг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан. Энэ хугацаанд тендерийн шалгаруулалтад хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан.

Эхний тендерийг Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгаснаар компанийн санхүүгийн боломжгүй болсон, дээд газраас шийдвэрлэсэн гэсэн 2 үндэслэлээр цуцалсан.

1. Тендер нь нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлтэл хөрөнгийн эх үүсвэр шаардлагагүй байсан.

2. Дээд газрын шийдвэр гэдэгт албажсан тайлбар, албан бичиг зэрэг ямар нэг үйлдэл хийгдсэн баримт байхгүй байна.

Хурлын тэмдэглэлээс үзэхэд тендер шалгаруулалтыг зогсоох үндэслэл бүхий бодит шаардлага, шалтгаан нөхцөл тогтоогдоогүй.

Хоёр дахь удаагаа зарлагдсан тендер шалгаруулалтад “Си -Ар Найнтээн бюро Монголиа” ХХК 799.8 тэрбум төгрөгийн үнийн санал, “Монголиа контракт майнинг сервис” ХХК, “Өсөх зоос алтан говь” ХХК, “Спэйшлмайнинг сервис” ХХК-ийн түншлэл 707.0 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Харин захиалагч тал болох “Эрдэнэс Тавантолгой” ХХК  нь Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендерээс татгалзжээ.

“Монголиа контракт майнинг сервис” ХХК, “Өсөх зоос алтан говь” ХХК, “Спэйшлмайнинг сервис” ХХК-ийн түншлэл Сангийн яаманд тендерээс татгалзсан Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй тухай гомдол гаргасан боловч 2021.09.13-ны өдрийн 4/442 дугаартай албан бичгээр гомдлоосоо татгалзах тухай мэдэгдсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Захиалагч тал бүх тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2021.09.15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар “Бортээгийн уурхайн гэрээт олборлогч”-ийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог шинэчлэн байгуулав.

Гурав дахь тендерийг зарлаж 2021.10.18-ны өдөр материал хүлээн авч нээхэд цорын ганц оролцогч болох “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-уудын “МТАС” түншлэл 715.9 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байдаг.

Үнэлгээний хороо тендерийг хянаж үзэн “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэн 2021.11.01-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2021.11.17-ны өдөр гэрээ байгуулсан байна.

Шинжээчийн зүгээс тендер сонгосон шалгаруулалтыг үнэлбэл “МТАС” түншлэл шалгарах боломжгүй байсан нь баримтуудаар нотлогдож байгааг танилцуулав.

Үүнд, сүүлийн гурван жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.4 тэрбум төгрөгөөс багагүй. Үүнийг компани тус бүрээр авч үзвэл “Спэйшлмайнинг сервес” ХХК-иас бусад нь шаардлага хангаагүй.

“Админерал” ХХК 2021.07.02-нд гадаадын иргэнтэй хуулийн этгээд хамтран байгуулж, гүйцэтгэх захирлаар Хасбаатарыг томилж байсан. “Админерал” ХХК байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсад нэг ч ажилтан байхгүй гэж НДШ төлөөгүй. Тус компани үйлдвэр болон барилга байгууламж барих зорилгоор Цогтцэций сумын Бортээгийн уурхай дээр 35 га газар эзэмшэх эрхийг 2022.02.23-нд авсан.

Тендерийг тухайлсан аж ахуй нэгжид зориулан хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаад тендер шалгаруулсан байж болзошгүй байна. Эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог өөрчилсөн. Энэ нь “МТАС” түншлэлийн гишүүн “Админерал” ХХК болон “Таван хур” ХХК-д давуу байдал үүсгэх зорилготой гэж үзэхээр байна.

Хамаарал: Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн дөрвөн оролцогч компанийн хамаарал бүхий нэгдлийг танилцуулав.

1.         “Монголиан контракт майнинг сервис” ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолт 70 хувь, нүүрс борлуулалт 30 хувийг хариуцдаг. Тус компанийн үүсгэн байгуулагч нь “Хишиг арвин индустриал” ХХК. Эцсийн өмчлөгч нь Б.Хишигдорж, Х.Батхишиг нар бүртгэлтэй. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани гэсэн үг.

2.         “Спейшлмайнинг сервис” ХХК нь өрөмдлөг тэсэлгээг 100 хувь хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга. Б.Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү.

3.         “Таван хур” ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолтын 30 хувь, нүүрс борлуулалтын 10 хувийг хариуцдаг. Эцсийн өмчлөгч Дагвадоржийн Саруултуяа, Дорждалайн Даяндэмэд. 30 хувийн хувьцааг “Тэргэннүүр” ХХК эзэмшиж байна. “Тэргэннүүр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Гончигдамба гарьд, С.Энхболд, Б.Болд-Эрдэнэ, Б.Баярсайхан, О.Гантулга нар бүртгэлтэй. “Бүргэд транс” ХХК нь Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхолтой. Үүсгэн байгуулагч нь Павуудайн Самбуу. Эцсийн өмчлөгч нь Дашзэгвийн Дагвадорж. Тэрбээр 80 хувийг нь эзэмшдэг. Д.Дагвадорж нь “Тавантолгой транс” ХХК-ийг эзэмшдэг. Эл компаниараа УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй нэгдмэл ашиг сонирхолтой. “Таван хур” ХХК-ийн 40 хувийг “Рейн клауд” ХХК эзэмшдэг. Э.Мөнх-Эрдэнэ, Б.Төмөр, Л.Баярмагнай, Б.Амгалан, Дорждалайн Даяндэмэд нарын таван үүсгэн байгуулагчтай. Эцсийн өмчлөгч нь Болдын Амгалан. Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү.

4.         “Админерал” ХХК нь Нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант ХХК. Эцсийн өмчлөгч Ц.Лхамжав. Гүйцэтгэх удирдлагаар БНХАУ-ын иргэн Хасбаатар бүртгэлтэй. Тэд мөн “Моновант” ХХК-ийн үүсгэн байгуулагчид. Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК Хонг Конг улсад бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигчид тодорхойгүй. Гүйцэтгэх захирлаар Wang Xuping. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Quzhou Longyuan Trading Co LLd-ийн хувьцаа эзэмшигч тодорхойгүй. Гүйцэтгэх захирал Zhang Xinzhou. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ хийсэн. “Моновант” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Лхамжавын дүү Ц.Чулуунзагдын нэр дээр хоёр ТББ, нэг компани бүртгэлтэй. “Төрөлх Алтай” НҮТББ нь найман үүсгэн байгуулагчтай бөгөөд нэг нь Д.Амарбаясгалан. Мөн “Мкаст” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ц.Чулуунзагд.

Гэрч юу хэлэв: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гэрчээр дуудагдсан ч орон нутагт томилолттой яваа гэх шалтгаанаар оролцоогүй.

Харин МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулаанзагд оролцож, “Админерал” ХХК-тай Д.Амарбаясгалан болон өөрөө хамааралгүй гэх мэдэгдлийг хийв.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд: Төрд өндөр дээд албан тушаал нэг ч өдөр хашиж байгаагүй. Өнөөдрийн албан тушаал ХОМ мэдүүлдэг төрийн албан тушаал биш. Улстөрийн намын байгууллагад ажилладаг. “Админерал” ХХК надтай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Тендерт ялахад нь дэмжлэг, нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй. Төрсөн ах нь учраас энэ компанитай хамаатуулсан мэдээлэл ихээр цацагдсан. Тухай бүрт тайлбар өгсөн. Тендерт ялахад ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Манай ах намайг хүүхэд байхад бизнес хийдэг байсан. Одоо ч хийж байгаа. Надтай надгүй хийдэг. Улстөрийн намын байгууллагад ажилладаг учраас улстөржүүлсэн зүйлс явсан. Мэдээж сонгууль дөхчихсөн, нэлээн өрсөлдөөнтэй болж байна. Өрсөлдөгчөө намнах ажлууд хийгдэж байгаагийн нэг гэж харж байна.

“Админерал” компанийн дэд захирал Ц.Лхамжав: Манай борлуулалтын орлого өнөөдрийг хүртэл 0 байгаа. Бортээгийн нүүрсний уурхайд зориулж үйлдвэрээ огт төлөвлөгөөгүй. Манайх ганц нүүрсэн дээр биш өндөр технологи дээр ажилладаг компани. Би Германы нүүрсний шинжлэх ухааны доктортой хамтран ажилладаг. Монголын ихэнх нүүрс говьдоо бий. “Говийн нөхцөлд хуурайгаар нүүрс баяжуулах технологи олж өгөөч” гэдэг саналаар 2019 онд эхний уулзалтыг Германд хийсэн. Хамгийн эхлээд германы нэр бүхий компанитай холбож өгсөн. Германд нүүрсний уурхайнууд нь хаагдсан учраас нүүрсний үйлдвэр нь Австралид байсан. Байршил нь холдсон учраас Хятад руу хандсан. Ингээд өмнө нь таньдаг байсан хөрөнгө оруулагч хоёр компанитай дээрх технологийг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар ярьсан. 2021.01.11-нд санамж бичиг зурсан. Хоёр хөрөнгө оруулагчтай хамтран. Хуурай технологиор нүүрс боловсруулж, баяжуулах туршилт хийгдсэн. Туршилтын хариу нааштай гарсан учраас 2021.07.02-нд компани байгуулсан. Тэр болтол би Бортээгийн уурхайн тендер зарлагдаад, цуцлагдаад явж байсныг мэдээгүй л явж байсан. Бид компаниа байгуулаад Цогтцэций сумын ИТХ руу “үйлдвэрээ барья, газар олгож өгөөч” гэж хандсан. Цогтцэций сумын Иргэдийн хурлаар хоёр удаа орсон. 

Би QR кодтой лавлагаа аваад ирсэн. Манайх улсад 6 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. 2021 онд 15.6 сая, 2022 онд 127.9 сая, 2023 онд 279.6 сая төгрөгийн НДШ төлсөн. НДШ төлөөгүй гэдэг мэдээллээ залруулаарай. Манай компанийн РД буруу бичигдсэн байна” хэмээв.

Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга О.Бат-Амгалан: Гүйцэтгэх захирлаас тушаал гарсан өдөр Бортээгийн уурхайн тендер шалгаруулалтын бичиг баримтыг яаралтай баталж, энэ 7 хоногтоо зарла гэдэг үүрэг өгсөн. Үүний дагуу Үнэлгээний хороо хуралдаж, гуравдугаар сарын 19-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон tender.gov.mn дээр тендерийг зарласан. Зарлаад нэг хоноод маргааш нь буюу 21-ний өдөр Худалдан авах ажиллагааны газрын дарга Бат-Эрдэнэ “Гүйцэтгэх захирлаас үүрэг өглөө. Зарласан тендерээ яаралтай буцаа. Тендерээ тат” гэсэн. Ямар учраас ингэж байгаа вэ, албан бичиг байна уу гэхэд “Байхгүй, Гүйцэтгэх захирал өгсөн. Дээрээс буюу холбогдох эрх бүхий байгууллагаас ийм үүрэг өглөө” гээд тендерийг татуулсан. Зогсоож байгаад үргэлжлүүлэх юм болов уу гэсэн чинь бүх тендерийн баримт бичгийг устга, энэ тендерийг цуцаллаа гэдэг үүрэг өгсөн гэв.

Үнэлгээний хорооны гишүүн /ЭТТ ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга/ Д.Уужимсанаа : Баруун цанхи, Зүүн цанхиас гадна Бортээгийн нүүрснээс ашиг олъё гэж тухайн үед яригдаж байсан. Баяр-Эрдэнэ дарга ТУЗ-ийн тогтоол гаргасан. “Админерал” ХХК-нд 404 их наядын давуу байдал олгосон гээд гараад ирлээ. ТУЗ чинь яриагүй байхад намайг зөвшөөрөл гаргаж, давуу байдал бий болгосон гэж байна. Гэтэл ТУЗ дээр энэ асуудал их яригдсан. Захирлуудын зөвлөл, УУХҮ-ийн яам гэхчлэн маш олон шат дамжлагатайгаар танилцуулагддаг зүйл. Ажлын даалгавар дээр ийм зүйл байгаагүй. Хоёр бичиг өгсөн. Би хэн нэгэн хүнээс нууж аваачаад ганцаараа өгчихсөн зүйл байхгүй. Хэлтэс, ТУЗ, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” компани дээр ч яригдсан асуудал.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Өнгөн дээрээ ЭТТ ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 700 тэрбум төгрөгийн тендер мэт харагдаж байна. Гэвч 2012 онд 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 онд 404 их наядын үнэлгээтэй нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах, олборлох монопол эрхийн тендер болж хувирсан.

Иймээс тендер гэж ярих уу, тендер халхавчаар Бортээгийн ордыг бүхэлд нь авах операци явагдсан уу гэдэг шинжээчийн дүгнэлтэд тодорхой гарлаа.

Энэ ажиллагааг зохион байгуулахад Үнэлгээний хорооний гишүүд оролцжээ. Тэр тусмаа Үнэлгээний хорооны гишүүн Д.Уужимсанаа гэдэг хүний нэр олон дурьдагдаж байна.

Тухайлбал, Худалдан авалтын газарт Д.Уужимсанаа санал хүргүүлэхдээ “Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан компани нь манай компаниас тогтоосон үнийн дагуу олборлосон нүүрсийг бүрэн борлуулах байдлаар үйл ажиллагаа явуулахаар тендерийн бичиг баримтад тусгаж шийдвэрлүүлэх саналтай байна. Энэхүү концепц нь 3 жилийн төсвийг ТУЗ-өөр батлуулахад дэмжигдсэн санал болно. Манай компанид эдийн засгийн хувьд учруулах дарамт бага, нэмэлт орлого олох давуу талтай гэж үзэж байна” гэсэн бичиг өгч байж. Ганцхан өгүүлбэрээр Бортээгийн уурхайн нүүрсийг бүрэн борлуулах эрх өгсөн байгаа юм. Энэ нь 150 тэрбум ам.доллар буюу 404 их наяд төгрөгийн эрх шүү. ТУЗ зөвшөөрсөн гэж Д.Уужимсанаа та худал хэлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар: Би 2017.10.23-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тохоон томилогдож байсан. Уул уурхайн салбар нь зөвхөн нүүрсний тухай ойлголт биш. Тухайн үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан У.Хүрэлсүх даргаас үүрэг даалгавар авсан. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүлэг ордыг ямар байдлаар цааш авч явах бодлогын шийдэл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлтэй ажилласан.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болгосноор гадаадын хөрөнгө оруулалт татах санал дэмжигдсэн. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарснаар нүүрсний хулгай гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байсан.

Гэвч олон улсын хөрөнгийн биржийн өндөр шалгуурыг тухайн үеийн ЭТТ ХК давж дийлээгүй. Техник, эдийн засаг, хууль эрх зүйн орчноороо дийлэхгүй юм байна гэх шийдвэрт хүрээд байлаа. 2018.08.08-ны тогтоолоор эрх шилжүүлэх буюу УУХҮЯ руу эрх шилжүүлээд

•           Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30 хувь

•           УУХҮЯ 70 хувийн оролцоотойгоор ЭТТ-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэхээр явсан.

Бидний тооцооллоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг байгуулаад энэ компанид суурилан цаашдаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажил 90 орчим хувь нь хийгдсэн байсан.

Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтсэн юм бэ?

Д.Сумъяабазар: Улстөржилт. Хүний өөрийн нэгдсэн аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж, зогсоосон. Уг нь өнөөдрийн нөхцөлд хүрэхгүй байх бололцоо байсан. Нүүрсний борлуулалтын далд ашгийг дэмжсэн тогтвортой байдлыг бий болгох, ашиг сонирхлоо хадгалах үүднээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг зогсоосон.

Төгсгөлд: Нүүрсний сонсголын хоёр дахь шат иймэрхүү дүн мэдээтэй өндөрлөв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулаагүйд олон хүн бухимдал тээн үлдсэнтэй зэрэгцүүлэн бухимдал дээр нь дуудаад ч ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэн матрын нулимс шингэсэн цучил нэмж байсныг учир мэдэх бүхэн ойлгож байсан биз.

Олны анхаарлыг татаж байсан Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий гэгдэх “Админерал” ХХК нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй нь, ГХО компаниуд нь нийт 47 мянган тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авсан зэрэг нь анхаарал татах өнцөг мөн. Улмаар 47 мянган тонн нүүрсийг ямар үнээр худалдсаныг ч нэхэн тодруулах нь зөв юм.

Тэрчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд өөрийн хамаарал бүхий компанийн барьсан, жилд 1.5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудлаар шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжээд байгаа гэх атал энэ удаагийн сонсголд дуудагдаагүй нь асуулт хэвээр үлдсэн.  

Сонсгол даргалагч Б.Энхбаяр “Улсын хилээр ямар ч бүртгэлгүйгээр, “ногоон гэрэл”-ээр хэсэг бүлэг хүмүүсийн, улс төрийн хамаарал бүхий компаниудын машин гардаг тухай жагсаалттай танилцлаа. Арав гаруй жил үргэлжилсэн энэ хулгайд үүнээс өөр ямар баримт хэрэгтэй вэ. Гаалийн байгууллага, үүнийг хариуцсан Сангийн яам энэ асуудалдаа онцгой дүгнэлт хийх шаардлага үүслээ. Энэ нь цаашлаад татвартай холбогдоно” гэснийг бид орхигдуулж болохгүй. Гаалийн байгууллага тойрсон томилгоонд Сангийн сайдын нутаг усныхан байгаа гэх мэдээллийг ч нарийвчлан тодруулж удахгүй болох сонгуулийн сонголтод нь нэмэр болгон уншигчдад хүргэх нь зөв юм.

Энэ бүхэнтэй зэрэгцүүлэн Тавантолгой түлш компаниас өөрсдийгөө шагнасан бүдүүн зүрхт, ичих булчирхайгүй увайгүйчүүдийг ч мартаж болохгүй…

Эх сурвалж: Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос хийсэн нээлттэй сонсголоос…

Жич: Сонсголд дурьдагдсан фактуудын дэлгэрэнгүй мэдээллийг “Нийгмийн шуудан” сониноор үргэлжлүүлэн хүргэх болно.

Орчуулах »