Ээлжит бус нэрт “занчилдаан”-ы тов гарлаа

Ээлжит бус чуулганыг энэ сарын 15-ны өдөр товлочихлоо. Г.Занданшатарын удирдах отгон чуулганаар хэд хэдэн сонсгол зохион байгуулахаар зэхсэнийг уншигчид мартаагүй байх.

Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, албан тушаалын наймааг илрүүлэх сонсгол нэр дор М.Энхболд тэргүүтэй хотын фракцийн амбицыг дарж, энэ удаагийн сонгуулиар цөөнх болгох бодлого барьсан эрх баригчдын энэ хаврын тоглолтын гол сценари отгон чуулганаар хийгдэнэ гэж байгаа. Гэхдээ өмнөх сонсголуудын үеийн цочирдом фактын араас өнөө хэр юу ч хийж эхлүүлээгүй байгаа тэдэнд өдгөө итгэх нэгэн үлдээгүй гэчихэд буруутахгүй биз. Хууль хяналтынхан үргэлжлүүлэн шалгаж буй гэх жижүүрийн тайлбар нь үнэн гэж сонсогдохгүй байгааг хэлэх хэрэгтэй. Нийслэлийн газар олголттой холбоотой сонсголыг хаврын тэнгэр мэт сүр бараатай хийлгэчих сонирхол Сү.Батболд нарт илүүтэй байгаа гэдгийг МАН-ын удирдах зөвлөлийнхөн хэлж байна. Эл сүрэн паран дуулианы ард С.Баяр парламентын босго алхах тохироотой байж мэднэ.

С.Баярын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Сү.Батболдыг гүйцэтгэх засаглалын тэргүүн болтол өөд татсан үеийн шарлаж амжаагүй хуудаст эргэн очъё…

Тухайн үеийн МАХН-д элсээд төдийлөн удаагүй байсан хусман шар эрд Ерөнхий сайдын суудлыг С.Баяр өгсөн нь олон хүнд гэнэтийн мэдээлэл байсан байх.

Шударга ёсны тэмцэл эхлүүлнэ хэмээн аагаа багтааж ядан байсан Ц.Элбэгдоржтой хийсэн тохирооны хариуд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч оронд нь өөрөөсөө өөр дуудах нөхөргүй, баг фракцгүй, “хөл” гээч юмгүй нөхрийг өмнөх төрлөө марттал ийнхүү өөд татсан тул Сү.Батболдын хувьд сурвалжлагчийн дүрд тогломор аядан суугаа сиймгэр саарал даргадаа хариу барихаас яалтай.

Тэдний тэр үеийн шаг мад-ын эргүүлэгт Н.Энхбаяр нар эрэмбэ дараагаа алдан шахагдаад зогсохгүй Ц.Нямдоржийн омголон, шазруун зан хатуу хадмын царай харсан бэр мэт номхорч мань эрсийг улстөрийн байтугай шатрын нүүдэлгүй шалдан ноёд байсныг харуулсан хэрэг болсон.

Тэр үед хусман шар эр МАХН-д дөнгөж элсч байсан ч хэтэвч санхүүгийн хувьд хэдийнэ С.Баярын “төлбөр тооцооны хэрэгсэл” болчихсон байсан гэдэг.

Тавантолгойн хамгийн ашиг орлоготой хэсгийг Энержи ресурст өгсөн хүн бол С.Баяр. Энэ шийдвэрийг гаргуулахын тулд Сү.Батболд байдгаа барьж, эцэст нь Ерөнхий сайдын суудлыг “худалдаж” авсан гэх хар хорын ярианд хүртэл орж явав. Үүнийг батлах мэт мэдээлэл буюу Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Чалко”-гийн гэрээтэй хэрхэн холбогдсоныг нүүрсний сонсголын үеэр бултаараа сонссон биз.

Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Тавантолгойн  ордыг эргэлтэд оруулахад улс төрийн хамгаалалт хэрэгтэйн улмаас Т.Бадамжунай, М.Энхболд, С.Баяр, Ц.Элбэгдорж орж байгаа. Та орохгүй юм уу” гэх саналыг Сү.Батболд тавьж байсан гэснийг энэ цагт эргүүлээд сонсчиход гэмгүй л байх.

Нүүрсний сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хэн хэн нь гэрчээр дуудагдсан. 

Сү.Батболд өөрийн чадлаар Ерөнхий сайд болоогүй шигээ намын даргын тамгыг ч өөрийн эрдмээр өвөртөлж чадаагүй, үзээ ч үгүй юм. Намын ялагдалтайгаа хамт суудлаа өгсөн түүнийг Ерөнхий сайд байх үед намын Ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүх, Шадар сайдаар М.Энхболд ажиллаж байв.

Хамтарсан Засгийн газрыг тэргүүлэх Сү.Батболд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржид ухаан мэдрэлээ гартал зандруулдаг, түүнээсээ болж өөрөө бичиг цаас нийлүүлэн шөнө дөл болтол суудаг байсан гэдэг. С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол Ц.Элбэгдорж тэгж тонгочиж чадахгүй нь үнэн тул С.Баярыг буулгах том сонирхлын учиг юу байв гэдэг ойлгомжтой харагдаж байгаа юм.

Хүний шуналд хязгаар үгүйг нотолж, нэгэнт Ерөнхий сайд болсон Сү.Батболд нөлөөллийн  өөрчлөлт хийхээр хэдэнтээ зүтгэсэн ч намынхан нь өөдийн бараа үзүүлээгүй. Учир нь тэр тухайн цаг үе дээр намын дарга болж амжаагүй байв.

Тэр мунгинасаар, хамтарсан Засгийн хатуу хүтүүтэй тулж л байв. Энэ зуурт С.Баяр гадаадад эмчлүүлж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд биеэ бэлтгэж байсан ч сөрөг хүчин тэнэг бишээ харуулж түүнд зориулсан Оюутолгойн гэрээний асуудал гэх “шоглоом”-ыг хэдийнэ бэлтгэчихсэн байсан юм.

Одоо харин Оюутолгойн үр шимийн гэгээн мэдээнүүд яригдаж эхэлсэн ч өрөм, өгөөжийг нь тосгоны галч, түвд банхар гэх нэр хочит нөхөд хүртэхдээ тулж, үндсэн гол дүрүүд үүднээс дээш өндийхөө больсон, буруутвал барьж хоригдож ч мэдэх эргүүлэгт байгаадаа бухимдсаных уу, С.Баяр С.Баярцогт тэргүүтний тоглолт нэлээдгүй үзэгдэх болов.

Тиймээс уул уурхайн лицензтэй холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулна гэх сумын бүжгийн зар шиг самбар огцом тавигдсан нь Сү.Батболд, С.Баяр, С.Баярцогт, цаашлаад Н.Номтойбаярыг дарах хавх гэлцэж байна.

Энэ завсарт ногоон автобусны хэргээр сонсгол зохион байгуулах ЗАР ч бий… Хөнгөн ярьвал Ж.Сүхбаатар, хүндрүүлж ухвал Д.Сумъяабазарт наалдах эл сонсгол эрх баригчдын нэг нэгэндээ зориулж түлхсэн шатрын хүү юм. Хүүг идэж устгаж болно, эрхлүүлж тойглоод бэрс ч болгож болох билээ.

Ямартай ч ээлжит бус чуулган зарлагдлаа.

Ил харагдах нь Л.Оюун-Эрдэнийн зүгээс шударга бусчуудтай хийж буй тэмцэл мэт боловч үнэн хэрэгтээ МАН-аар тогтохгүй олон намд эвлэлдэн хуваагдсан бүлэглэл, эрх ашиг нэгт фракциудын “зодоон” үргэлжлэхэд бэлэн боллоо гэсэн үг.

Богино хугацааны улстөрийн рингэн дээрх үзүүлбэрийн ард Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ.

Томсгосон тойрог тосгоны, банхарын гэгдэх бүлэглэлүүдэд хожоотой харагдаж буй тул сонгуулийн хууль хуучнаараа хэрэгжиж мэдэх шуум улстөрийн хүрээнийхэн дунд байна.

УИХ-ын сонгуулийн хуулийг 2023.07.07-ны өдөр баталсан нь Үндсэн хуулийн 21.4 дэх хэсгийн “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх ноцтой факт нь эл шуумыг нэг талд гаргах үндэслэл болж мэдэх л юм.

Орчуулах »