Үлээсэн “шүгэл”-дээ ороогдсон ЭРХ БАРИГЧдыг хүндхэн сонгууль хүлээж байна

УИХ-ын сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг Бага хурлаараа гаргаж, мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүллээ.

Найман жил дангаар Засагласан эрх баригч намын Бага хурал өнгөн дээрээ тун даруухан, баг хорооны уулзалтархуу болж, мөрийн хөтөлбөрөө батлав. Гэхдээ эл хайрцаглагдсан байдал нэг л жихүүцэм, удирдлагууд нь гэдсэндээ хөлөө жийлцэн хэзээ мөдгүй араас нь “хутга зоохвий” гэмээр хүйтэн байсныг хэлэх хэрэгтэй.

Намын дарга Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, мандат олгохгүй хэмээн генсектээ зориулсан мэт мэдэгдлийг хийсэн бол Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол хэмээн сийгүүлэх нь тэдний харилцаа тэгтэл сайнгүй байгааг харуулсан хэрэг биз.

Генсекийн зүгээс хэн нэгнийг эд хөрөнгө, эрх мэдлээр нь бус мэдлэг чадвар, дадлага, туршлага, тойргийн сонгогчдын үнэлэмжийг харгалзаж нэр дэвшүүлнэ гэх жижүүрийн үгтэйгээ зэрэгцэн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнбугай ч нэр дэвших эрхтэй хэмээсэн нь яалт ч үгүй өнгөрсөн хугацаанд намынхнаа “ухаж” сэндийчсэн дарга руугаа шидсэн мессэж хэмээн ойлгогдож байв.

Үүнээс нь санаа авуутаа шүүхээс 40 сая төгрөгийн торгуулийн шийтгэл сонсоод байгаа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш тул би УИХ-д нэр дэвших эрхтэй” хэмээн сөргүүлж харагдсан. Үгүй гэх аргагүй л юм… 

Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэсэн байр сууриндаа намын дарга хатуу зогсч чадвал генсек Д.Амарбаясгалангаас гадна Бага хурлын гишүүдийн талаас илүүгийнх нь асуудал хөндөгдөнө гэдгийг намын гишүүд нь хэлж байна. Тиймээс олонх нь генсекийн үгэнд найдлага тавьж ирэх тавдугаар сараас өмнө хуулийн байгууллагын “данс тооцоо”-ноос нэр усаа цэвэрлэх ажиллагааг яаран эхлүүлж буй юм байх.

2024 оны сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 20-нд тодрох эрх зүйн зохицуулалттай байгаа.

Тэгэхээр улстөрийн намууд дөрөвдүгээр сарын 29-н гэхэд сонгуульд оролцох эсэхээ эцэслэн, тавдугаар сарын 14-20-ны хооронд нэр дэвшигчдээ зарлана гэсэн үг.

Үүнээс 20 хоногийн дараа буюу зургаадугаар сарын 10-наас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж 17 хоног үргэлжлэх хуулийн заалттай тул амжиж нэр цэвэрлэхээр гүйлдэх нь аргагүй биз. Хөгжлийн банкны хэргээр ял сонссон эрхмүүд гэхэд л давж заалдах шүүхийн процессийг “яаравчлуулах” хүсэлтийг холбогдох газруудад тавиад эхэлсэн гэх мэдээлэл бий.

Энэ байдлаараа Л.Оюун-Эрдэнийн “үлээсэн” шүгэл бүр худлаа болж, нэр холбогдсон бүхэн цагаадаад хэрэг нь хэрэгсэхгүй болчихвол эсрэгээрээ намын даргын нэр хүнд шалаар нэг болж, дарга өөрөө тойргоос өндийхийн эцэсгүй сөрөг сурталчилгаа болох нь зайлбаргүй. Одоогийн байдлаар элдэв хэрэгт нэр холбогдсон бүхэн ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа өгчихсөн байгаа гэдэг нь намын даргын хувьд сайны дохио биш л байх.

Уг нь Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, боловсролын зээлийн сан, ногоон автобусны хэрэгт холбогдсон болгоныг нэр дэвшүүлэхгүй гээд гүрийчихвэл түүний имиж хэдэн жилдээ ГОЁ.

Харамсалтай нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол гэх генсекийн шахалтад хүлэгдэн өөрийн эсрэг сөрөг пиарын сценарит “гарын үсэг” зурахаас аргагүй болж буй нь ойрын өдрүүдийн үйл явдлаас харагдаж байна.

Үүнийг нүүрсний гэх хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын “Хэрэг шүүхэд шилжиж, шүүхээс гэм буруугүй нь тогтоогдвол сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүргүүлнэ” гэсэн мэдэгдэл нотолж буй юм.

Бага хурлын өмнөхөн МАН-ын доторх томоохон фракциудын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай уулзалдсан. Энэ үеэр сонгуулиар хүчээ нэгтгэн оролцохыг намын даргын зүгээс хүссэн ч фракциуд “Нам найман жил засагласан хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, татвар нэмэгдсэн, түлш тасалдаж иргэд шатахууны эрэлд хонон өнжин дугаарласан, шударга ёсны тэмцлийн үр дүн суларч үүрэг хариуцлага хүлээсэн хүн байхгүй байгаа зэргээр намын нэр хүнд урд хожид байгаагүйгээр унасан нь намын даргын арга ажиллагаатай шууд холбоотой” хэмээн жишүү харцгаасан мэдээлэл бий.

Намын дарга ч Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нэгэнт оройтсон гэдгээ нуулгүй хэлсэн юм байх.

Үнэндээ эрх баригчид цалин тэтгэвэр нэмж, хувьцааны мөнгө олгох ажлыг эрчимжүүлэх зэргээр тогтвортой үйл ажиллагаа явуулахыг оролдож буй хэдий ч гуравдагч намын орон зай сонгогчдын сонирхлыг татаж байгаа нь үнэн.

Орчуулах »