Л.Оюун-Эрдэнэ ачаагаа “баглаж” байж мэднэ

МАХН-ын байрыг галдаж, таван хүн амиа алдсан 2008.07.01-ний хэргийг дахин сэргээчихлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн шүүгээнд удтал дарагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо хийгдэн Н.Мягмар тамгаа гардав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаарал бүхий нөхөр О.Амарсанааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Б.Нандинболорыг томилсон. УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ам нээж, Ц.Элбэгдоржийн толгойлдог МАНАН бүлэглэлийн “хохирогч” болсноо зарлалаа. Тэрчлэн ичигсэд хөдлөх цагаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эрх чөлөөтэй болсноо дуулган, Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэхээ мэдэгдэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Улаанбаатараас ярьж байна” гэх ярилцлага, ухуулгын алин болох нэвтрүүлгийн дараагаас шил дараалан өрнөсөн үйл явдлууд энэ.

Гурван цаг гаруй үргэлжилж, эгээтэй л унтуулчин алдсан нэвтрүүлгийн чиг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг онилж, хачирт нь намынхаа авлигач түшмэдтэй эвлэрэхгүй гэх жижүүрийн үг, АН-ыг хагалан бутаргахгүй байхын төлөөх нигүүлсэнгүй сэтгэл хоёроо нэлээдгүй ярих шиг болов. Шүүх байгууллагын асуудал тэртэй тэргүй Ерөнхий сайдын хувьд бөөсний онигоо шиг байнгын дурьддаг сэдэв нь болсон тул энд мөн орхиогүй.  

АН-ын хагаралд санаа чилээсэн гэх атал Ц.Элбэгдоржийг чичлэхийн учир юув?

Сонгууль бүрийн гол сэдэв С.Зориг агсны амиа алдсан хэрэг байдаг бол Л.Оюун-Эрдэнийнх Ц.Элбэгдорж бололтой. “Шударга 5” гэх лоозон барьж эхлэхээсээ Ц.Элбэгдоржийн талаар ам ангайсан тэрбээр энэ сонгуулиар жинтэйхэн үргэлжлүүлэх нь.

ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Ц.Элбэгдорж найзуудтайгаа нийлж компани байгуулаад оффшор бүсэд мөнгө угаасан. Энэ бүхэн нотлогдсон учраас тэр эх орондоо ирж чадахгүй байгаа. Гутлаа тослоод зангиагаа зүүгээд шалгуулна гэж бүлтрээд байсан, хаана байна. Одоо ирээч” хэмээн сийгүүлэхэд Ц.Элбэгдорж “Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая” гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэсэн хариу барьсныг энэ зуурт эргэн саная.

Тэрчлэн 2021.05.05-нд тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын хуралдаан зарлаж АН-ын гишүүдийн өлсгөлөн зарласан асуудлыг хэлэлцэж байв. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ “Нэг намын асуудал яахаараа Үндэсний аюулгүй байдлын асуудал болчихдог юм… Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж та хоёрын зодоонд бид ямар буруутай гэж” хэмээж байлаа.

Түүнээс хоёр жилийн дараахь, 2023.03.24-ний өдрийн чуулганы индэр дээрээс “Х.Баттулга Ц.Элбэгдорж хоёрын зуурсан бантанг цэвэрлэх гэж үйлээ үзэж байна” гэхчлэнгээр Л.Оюун-Эрдэнийн “улстөр” бүрт барьж авдаг мод нь Эбэ болсон гэчихэд хилсдэхгүй.  

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нам байгуулна гэх мессеж шидээд хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө.

Хөгшин хүн үхэхээрээ айлгадаг шиг МоАХ-гоо нам болгоно гэсээр намынхаа удирдлагуудтай удаа дараалан тохиролцооны ширээний ард сууж дөнгөсөн түүний энэ мэх өдгөө газар ахихаа болив бололтой. Түүнийг энэ удаагийн мандат хуваарилалтад онцлох үүрэгтэй оролцуулахгүй байгаа гэдгийг намынхан нь хэлж байна.

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт мандат, намын нэрийн жагсаалт хуваарилалтын ажлыг намын даргаасаа ч давуу эрхтэйгээр хийх болсон тул хийцгүйрсэн Л.Гантөмөр хөдөөгүүр ишиг хургахан эргүүлдэж, зарим үед лайвчин Д.Мөнх-Эрдэнэд загнуулсгээд өдөр хоногийг өнгөрөөж яваа.

Лидер биш лойдрыг нь намын даргаар тавьчихвал аливаа яриа, тохироонд чих зөөлөнтэй хэмээн Л.Гантөмөрийг дэмжсэндээ Х.Баттулга болоод МАН-ынхан алдсан байх. Түүнтэй эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн зүйл дээр тохиролцон гар барилцсан гэх хэдий ч өдгөө АН-ын гол нүүдэл Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын гарт шилжидгээ шилжиж, хугацааны хувьд эрх баригчид юу ч амжуулж дийлэхээргүй болчихсон гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Ц.Элбэгдоржийн тал санхүүжилтээ хилийн чанадаас босгож, энэ удаагийн сонгуульд жинтэйхэн оролцох бэлтгэлээ хэдийнэ базаачихсан тул Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн ийнхүү нэвтрүүлэг хүртэл бэлтгэн нэлээдгүй бухимдалтай байгаа гэлцэнэ.

Найман жил засагласан МАН сонгогчдын итгэлийг нэгэнт алдаж, өнөөгийнх шиг үнэмлэхүй олонхи болж чадахгүй нь удаа дараагийн судалгаагаар нотлогдож буй нь үнэн.

Ядаж байхад холимог тогтолцоо МАН-д хэзээнээсээ ээлтэй байгаагүй. Томсгосон тойрог буюу бүсчилсэн хувилбар МАН-д гэхээсээ улстөрийн шинэ хүчинд илүү таатай байх бөгөөд энэ нь ч ажиглагдаж, хэд хэдэн газрын судалгаанд Н.Номтойбаярын байгуулсан Үндэсний Эвсэл ихээхэн жин дарж орж ирсэн нь эрх баригчдыг мөн тэвдүүлж байна.

Тиймээс ядаж АН-ыг алгандаа багтааж, эе эвдрэлцүүлэхгүй байх нь Л.Оюун-Эрдэнэд тустай харагдаж буй биз. Тэрбээр “Өс санасан бол тэр чигт нь хувааж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхгүй байж болох байсан” гэх эерүү сэтгэлийг илэрхийлэх гэсэн боловч энэ үг нь МАН-ын үнэлэмжийг бүр дордуулчихсаныг сошиал орчин дахь олон нийтийн санаа бодлоос харж болж байна. Түүний хэлсэн “тэр чигт нь хуваах” гэдэг үг АН-ын хагарлыг МАН хийж ирсэн, “Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхгүй байж болох байсан” гэдэг үг нь Дээд Шүүх эрх баригчдын заавраар ажилладаг гэдгийг нотолсон нотолгоо боллоо гэлцэж байгаа.

Түүнчлэн АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нартай санамж бичиг байгуулснаа ярьсан нь эл гурван намын хэсэг бүлэг нөхөд дараагийн парламент дахь эрх мэдлийн хуваарилалтаа хэдийнэ зурчихсан гэдгийн илрэл биз. Үүнд саад учруулах хамгийн том тээг нь Ц.Элбэгдорж байж таарна. Ингэж харвал Ц.Элбэгдоржийг “намнасан” хар бараан мэдээллүүд ихэссэн нь санаандгүй хэрэг биш бөгөөд цаашид улам бүр ихэснэ үү гэхээс багасахгүй биз. Магадгүй түүний эргэн тойрны нөхдөөс баригдаж хоригдох, ойр зуурын ял сонсох энүүхэнд ч байж мэднэ. Том улстөр, том эрх ашиг дагасан золиос нь харин хэн байх бол… Энэ талаар хангалттай ихийг өгүүлэх тул энд түр орхиё.

Л.Оюун-Эрдэнийн тавих хоёр дахь сум Шүүх байгууллага болон Н.Номтойбаярыг чиглэх үү?

“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн үеэр Ц.Элбэгдоржоос гадна байсхийгээд Шүүх байгууллагыг эрх баригч намын дарга чичилж байв. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаандаа Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 50 хувийг томилсон. Ц.Элбэгдорж болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хэрэг шүүхэд шилжээд гацдаг талаар тэрбээр ярилцлагын төгсгөлд онцолсон.

Энэ бол онц ноцтой мэдэгдэл юм.

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн нэр хүндэд халдсан гэж болмоор энэхүү нэвтрүүлгийн дараа тэрбээр УИХ-ын чуулганд, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр “Авлигатай холбоотой асуудал гишүүдийг бужигнуулж “хосыг нь шувтарлаа”. Удахгүй шүүгчдийн асуудлыг ил болгоно” гэх дайвар мессэж шидсэн.

Түүний энэ мэдэгдлийг улстөрчид М.Энхболд, Н.Номтойбаяр нарын нэгэнд хаяглалаа гэлцэж буйг энд тэмдэглэхэд илүүдэхгүй биз.

Газар олголттой холбоотой нээлттэй сонсголын үеэр М.Энхболдын фракцийг тавгүйтүүлж, ирэх сонгуульд нэр дэвшихээргүй, дэвшлээ гэхэд сонгогдохооргүй болтол нэр төрөөр нь  “гутлаа арчина” гэлцэж буй энэ үед дээрх мэдэгдлийг М.Энхболдод наан бодох нь ташаа таамаг биш ч байж мэдэх л юм. Намынхаа Бага хурлын үеэр ганцаардан суусан М.Энхболдыг сонгуульд нэр дэвшихгүй хэмээн ойр тойрноос нь мэдэгдэх хэдий ч эвслийг толгойлж буй Н.Номтойбаярт дэм үзүүлж байгаа нь Л.Оюун-Эрдэнэд хэрхэн таалагдах билээ.

Тиймдээ ч ярилцлагынхаа үеэр “Манай намд байгаа дамчин бол М.Энхболд. Зуучлагч нь Ж.Бадамжунай. Улаанбаатар хотод баригдсан хорооллуудаас стандартын дагуу зөвшөөрөлтэй баригдсан барилга байхгүй. Бүгд авлига өгөөд байшингаа барьчихсан” гэх мэдэгдлийг хийж, барилгын салбарынхныг, тэр дундаа хорооллоор нь барилга барьдаг С.Нямдаваа, Б.Чойжилсүрэн нарыг “авлига өгөгчид” хэмээн давхар нэрлэчих шиг болсон.

Тэрбээр үе үе “Шүүгчдийн асуудлыг ил болгоно” гэсээр хэдэн хаврыг үзэж буй тул эцэстээ үүнийг нь Шүүх засаглалд үзүүлдэг сүрдүүлэг, Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит бөөсний онигоо гэгддэг болсон нь үнэн.

Н.Номтойбаяр нэр дэвшихийн тулд нэрээ цагаатгуулах шаардлагатай.

Шүүх байгууллага түүний улстөрийн карьерт цэг тавих эсэхийг эцэслэх эрхийнхээ дагуу удаа дараа нэр хүндэд нь халдсаар ирсэн Л.Оюун-Эрдэнэд хариу болгон цагаатгачихаж мэднэ гэдгийг улстөр сонирхогчид хэлж байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн дараагийн бай нь Шүүхийн байгууллага болон Н.Номтойбаяр гэлцэж буй биз.

Үүнийг батлах мэт тэрбээр MCS-ийн Ж.Оджаргал, МАК-ийн Б.Нямтайшир нарт зориулж чуулганы хуралдаан дээр хэдэн үг шидлээд авсан. Түүний барьж гүйж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн ард Х.Баттулгыг бий хэмээн хэд хэдэн эх сурвалж хэлж байгаа. Хэзээнээсээ MCS-т таатай байгаагүй Х.Баттулга энэ төслийг Ж.Оджаргал, цаашлаад Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар тэргүүтэнд зориулсан гэлцэж буй нь сонирхолтой л мессэж.

Нам доторх ганцаардал нь намаа галдахад хүргэдэг үү?

Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохиролцоонд хүрч чадсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын томилгооноос харагдаж байна. Төрийн тэргүүний зээ дүү О.Амарсанааг эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн өөрийнх нь хүсэлтээр чөлөөлүүлж, Б.Нандинболорыг томилчихлоо. Ингэхдээ О.Амарсанааг Авлигатай тэмцэх газрын даргаар томилох тохироотойгоор ийн чөлөөлүүлсэн гэх мэдээлэл эрчтэй тархаж байна.

Тэрчлэн Д.Амарбаясгалан ч хоосонгүй саналтайгаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоог хийлгэсэн гэгдэж байгаа юм.

Гэхдээ Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын харилцаа өргөс авсан мэт сайжрахгүй нь үнэн. Ядаж байхад Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүд кабинетийн зарчмаар ажиллаж чаддаггүй нь тэднийг улам бүр холтгодог биз.

Энэ бүхнээс гадна хүний намыг эвлүүлэх байтугай өөрийн намын эе эвийг эвдэж ирсэн Л.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа үеэр хэн хэнийг нэр дэвшүүлэхгүй вэ гэдгээ санаандгүй ам алдах байдлаар хэлнэ билээ. Тэрбээр “Нийгэм авлигыг, авлигачдыг үзэн яддаг болсон. Үүн шиг үр дүн гэж хаана байгаа юм. Гүйцэтгэх засаглал Шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Шүүх засаглалд бүлэглэл үүрлэсэн” гэхийнхээ хажуугаар Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Ж.Мөнхбат нарыг нэрлэн, тэднийг нэр дэвшүүлэхгүй төдийгүй цаашид ч дэмжихгүй гэдгээ илэрхийлчихсэн. Тиймээс түүний ярилцлагын дараа “гомдогсдын арми” хүрээгээ тэлж, намын даргаа огцруулах асуудлыг далд хүрээнд өрнүүлээд эхэлсэн гэлцэж байна.

MCS бүлэглэлийг ч оролдож эхэлсэн нь нам доторх галыг улам өрдсөн үйлдэл болоод тогтохгүй нам доторх MCS-чүүд “гомдогсдын арми”-тай уулзан Л.Оюун-Эрдэнийг сандаргаад авч.

Тэрчлэн Д.Сумъяабазарыг Өвөрхангайд буюу Хангайн бүсэд нэр дэвшүүлэх мандат өвөртлүүлэн нийслэлийн намын хороог Х.Нямбаатарт авч өгөх Л.Оюун-Эрдэнийн үйлдэл гэрэлд цохигдон олон хүний унтууцлыг төрүүлж, хуурай ах нартаа алгадуулсан гэлцэж байна. Уг нь намын даргын энэ шийдэл нөхцөл байдлаа мэдэрсэн ганц зөв хувилбар байсан байж мэднэ. Хангайн бүсэд, ялангуяа хамгийн их хүн амтай Өвөрхангай аймагт Х.Баттулгын эсрэг сөргүүлэн тавих хэнийг ч бай “арчаад” дуусгах нь үнэн тул эл тойрогт Д.Сумъяабазараас өөр зөв сонголт энэ намд үгүй юм.

Ийнхүү будилж цөхөн, бараг илүүдсэн гэмээр ярилцлагынхаа араас тэр 100 жилийн түүхтэй намын удирдлага байхад хэтэрхий жул, интертейнмент нь ихэдсэн “бацаан” гэх нэр хоч зүүж эхэллээ.

Үнэндээ ч түүний интертейнмент нь ихэдсэн болов уу.

Ердөө хоёрхон сарын дараа болох сонгуулийн өмнө ҮНЭНээс хэт хол зөрсөн мэдэгдлүүд хийж, баримт дутсан нэвтрүүлэг цацаад зогсохгүй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нэрийн дор дахиад л дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөж мэдэх эмзэг асуудлыг яаран зүтгүүлж, гоомой хандаж буй нь харагдаж байна. Тиймээс түүнд “гомдогсдын арми” хурдтайгаар хүрээгээ тэлсний илэрхийлэл болж нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлахыг шаардсан жагсаалын “дарцаг” болсон жүжигчин У.Цогтбаяр хэвлэлд ярилцлага өгөн “Х.Баттулга 200 саяыг өгье гэж, мөн Л.Оюун-Эрдэнийн талаас бэлэн мөнгөтэйгээ ирсэн” хэмээн ам нээлээ. Энэ нь авлигыг үзэн ядаж байна гэсэн намын даргын үг үйлдэл амьдрал дээрээ асар хол зөрдгийн ноцтой нотолгоо боллоо гэх хүчтэй шүүмжлэлийг нийгэмд дэгдээгээд байна. Тэрчлэн жүжигчин У.Цогтбаярын эл мэдэгдлийг даргадаа гомдсон намын гишүүдийн зүгээс нүүлгэж буй эхний “чулуу” гэлцэж буй бөгөөд цаашид илүү том “чулуу”-нууд орж ирнэ гэж байгаа юм.

Үүнийг Л.Оюун-Эрдэнэ ойлгосон, мэдэрсэн байж мэдэх л юм. Тэрбээр “МАНАН гэх системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй” хэмээн ачаагаа баглаж байгаа хүн шиг мэдэгдэл хийснийг хэн хүнгүй анзаарсан биз. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ унавал Х.Баттулгын хийрхэл ч намжина гэж олон бүлэглэл үзэж буй тул түүний зүг нүүлгэж эхэлсэн “чулуу” татарна гэж үгүй л болов уу…

Орчуулах »