Д.Амарбаясгалангийн ГУРИЛ Ерөнхийлөгчийн эсрэг нүүдэл үү, хөндөх АСУУДАЛ уу?!

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хаяагаа хадардаг зан хаврын урьтай зэрэгцэн хүчтэй хөдөлж эхлэв бололтой. Сүүлийн үест гурилаар халхавчлан У.Хүрэлсүх, Х.Баттулга нартай тэрсэж байна гэх хардлага улстөрийн хүрээнийхний дунд газар авлаа.

Ам л нээвэл мал, малчин, гурил, тэжээл ярих болсон эрх баригч намын генсек баруун хязгаараас нэр дэвшинэ.

Говь-Алтай, Завхан аймаг ган гачиг зуд турхантай, малчид өвс тэжээлийн эрэл сурал болж, үгээ хэлж, үсээ зулгаах болсон нь түүний пиар болж  “Гурил үйлдвэрлэгчид бол мөлжигчид. Гурилынхан хүчтэй, лобби сайтай гэж эс хэллүү. Үсрээд гараад ирж байна. Бүхэл бүтэн парламентад суудалтай нам, намын даргад нөлөөлчихөж. Гол гол гурилчид АН-аас нэр дэвшихээр горилж байгаа сонсогдсон. Аргагүй юм байна. Ер нь гурилын үнэ 3-4 дахин өсөж 3000 төгрөгт хүрсэн шалтгаан чинь цаанаа айхтар улстөр юм байна” гэх гэнэт ухаарсан цочмог дүрийг бүтээж байгаа. Хүсвэл Засгийн газрын тогтоолоор олгодог хөнгөлөлттэй зээлийг олгохгүй байх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлд нь ч цэг тавих дархан эрхтэн байж ийнхүү цочир дүр гаргах нь муухай харагдаж буй нь үнэн.   

Сүүлийн хоёр жил, түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан цагаас хойш гэхэд л Засгийн газрын тогтоолоор гурил үйлдвэрлэгчдэд 170.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байхад тэр хаана байсан юм.

  • 2022 онд гурил үйлдвэрлэгч 7 аж ахуйн нэгжид 69.2 тэрбум төгрөг
  • 2023 онд 101.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг.

Хөнгөлөлттэй зээлийн зорилго нь үнэ нэмэхгүй байх. Харамсалтай нь гэрээний заалт биелэгдэхгүй байсан ч зээл олголт зогсоогүй. Үүний хариуцлагыг Д.Амарбаясгалан өөрөө хүлээх учиртай байтал хэнийг хуураад байгаа юм?!

Түүний, гал тогооны ахлахаар нь ажиллаж буй Засгийн газар инфляци хөөрөгдсөн. Цалингийн доод хэмжээ, тэтгэвэр тэтгэмж нэмэхдээ дагасан үнийн хөөрөгдөл, инфляцийг барих бодлого, хөтөлбөр боловсруулаагүй. Тэгэхээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаа ингэтэл муудахад хүргэсний буруу түүнийх.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын “Нүүрс ярихаар гурил яриад бултаад байгаа” гэх үг хий хоосон, дэмий чалчсан зүйл биш… Өнгөрсөн хугацааны турш юу л бол юу хийж болох байсан атал өнөөдөр гэнэт гурилын салбар руу дайрч шүлсээ үсчүүлэх нь сонгууль угтсан улстөр гэхээс өөрөөр харагдахгүй байна.

“Улаанбаатар гурил”-ын эзэн нь Ц.Баатарсайхан. “Ургац” гурилыг түүний дүүгийн компани үйлдвэрлэдэг. Бүхий л салбарт хөл тавьсан түүнийг “Таван богд”-ын гэдгээр олон нийт андахгүй. Түүнд хэвлэлийн “Улаанбаатар принт” компани байдаг нь Д.Амарбаясгалангийн аазгайг хөдөлгөсөөр ирсэн гэх яриа өдгөө далд байхаа хэдийнэ больж. Хэвлэлийн салбарын тендерийн мангас гэгддэг Д.Амарбаясгалангийн ихэнх ажил “Улаанбаатар принт” рүү алдагдаж буй нь түүний аашийг хөдөлгөөд байж мэдэх л юм.

“Атар гурил” бол Х.Баттулгын дүүгийн үйлдвэрлэл хэдий ч энэ салбарынхан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын өөрийнх нь гэдэг. Эрх баригч намын генсек удаа дараа АН-ынхан гэж гурил үйлдвэрлэгчдийг чичилсэн нь Х.Баттулга руу чиглэсэн ч байж мэдэх. Түүнийг Х.Баттулгад сул талаа атгуулсан бөгөөд мултрахын тулд Л.Оюун-Эрдэнийн гараар могой бариулах ажиллагааг хэдэнтээ хийлгээд бүтэлгүйтсэн гэлцдэг нь сонирхолтой л жиг жуг.

Тэр завсартаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй гадаад дотоодоор хэдэнтээ явангаа эв эеэ ололцон Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас буулгах тохироог өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр хийсэн эвгүй хүн гэх “нус” түүнийх. Хөвсгөл нуурын эрэг дээр У.Хүрэлсүхийн алчуурыг барилцан амарч, Төрийн тэргүүний албан айлчлалуудад хэдэнтээ багтсан түүнд энэ зэргийн “нус” наалдахаас ч яалтай. Х.Баттулгын зүгээс тэдний дундаар “хар муур” гүйлгээгүй бол Төрийн тэргүүн болоод эрх баригч намын генсекийн нийлсэн “улстөр” нэлээдгүй газар авах байсан гэдгийг ойр тойрныхон нь ярьсаар л яваа.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход ихээхэн дэмжлэг үзүүлж явсан хүн бол яахын аргагүй Х.Баттулга.

Тэд нэгэн үе Сү.Батболд болон Ерөнхийлөгчийн сонгуулиас улбаатай эвдрэлцээд байсан ч эрх ашиг нь хэр удаан салах билээ. Тиймээс л Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал”, Х.Баттулгын буудайн эсрэг босон суун орилж буй нь энэ биз.

Түүнийхээр Засгийн газраас гурил, малын тэжээлийг тэглэх Гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар ОХУ-аас гурил вагон вагоноор орж ирээд олон түмэн бид үнэгүй шахам талх иднэ гэж байгаа. Украин Оросын дайн эхэлснээс долоон сарын дараа гурилын үнэ нь огцом өсч, 2 жилийн дотор 50 хувь нэмэгдсэн Орос улсаас шүү дээ… Засгийн газрын “ахлах тогооч”, хормогчтой сайд ингэж тооцохоор энэ Засгийн газар энэ хүрээд тарсан нь ч дээр байж мэднэ. Гурил байтугай шатахуун ч таг тасарч мэдэхээр нөхцөл байдал Орост үүссэн байхад ийм үл бүтэх зүйл ярьж явахынхаа оронд нефтийн хоёр ч үйлдвэрээ дэлбэлүүлчихсэн Оростой арай өөр асуудал хэлэлц чи гээд чихрийн худалдаачин Ж.Ганбаатараа чихдэж суувал жинтэй харагдах нь үнэн юм.   

Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, Хүнсний хувьсгал аяныг эхлүүлэхдээ “Аюулгүй хүнсийг дотооддоо бэлтгэж, иргэдээ хангана” гэх хаана хаанаа дэмжим уриалгыг гаргасан. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, тэр дундаа Хэрэг эрхлэх газрын дарга нь ийнхүү “эсрэг” ажиллаж эхэлснийг явуургүй улстөр гэхээс өөрөөр юу гэх билээ.  

Д.Амарбаясгаланг генсекийн суудал, эсвэл Хэрэг эрхлэх газрын дарга хоёрынхоо нэгийг сонгохыг У.Хүрэлсүхийн зүгээс зөвлөж нэг, зандарч хэд үзсэн гэдэг. Гэвч тэр Төрийн тэргүүнээс ч дээгүүр тоглогч болсон гэдгээ харуулж, жишим ч хөдөлгөөн хийсэнгүй.  

Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх нарыг “тосон” шалан дээр танц эргүүлж дэвшүүлэхийг нь дэвшүүлж, тэвдүүлэхийг нь тэвдүүлэн зайлуулсан гэлцдэг Д.Амарбаясгалангийн дэргэд өдгөө Л.Оюун-Эрдэнэ ч тайван бус байгаа юм байх.

Н.Энхбаярыг МАХН, МАН болон тусгаарлагдан явахад хэвлэлийн албыг нь хариуцаж суусан энэ эр төдийгөөс өдий хүртэл алгуурхан “нүүж”, түүнд улсын өмчит үйлдвэрийн газрууд, цахим харилцаа шуудан илгээмжтэйгээ бүгд “оччихсон” байхад улстөрийн нам эвсэл, бүлэг фракциудын аль нь ч анзаарах сөхөөгүй өнөөдрийн өөх, маргаашийн уушгийг булаацалдан хэрэлдэж буй бөгөөд түүнд өдгөө дархан эрх л дутуу гэдгийг ойрын нь нөхдөөс хэлж байна.

Сонирхолтой л мессэж…

Орчуулах »