Иргэний боловсрол хичээлийг хасахаар ханцуйлж яваа юм биш биз, Л.Энх-Амгалан сайд аа!!!

Ирэх хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 5-6 хичээлийг хасч, цөөлөхөөр болсон. Хасагдах хичээлийн жагсаалтын эхэнд 6-8 дугаар ангийн Иргэний боловсрол, 9-12 дугаар ангийн Иргэний ёс зүйн боловсрол хичээл эрэмбэлэгдсэн мэдээлэл байна.

2010 оноос эхлэн Ерөнхийлөгчийн зарлигаар орж эхэлсэн дээрх хичээл 2012 оноос гарын авлагатай болсон. Харамсалтай нь төдийлөн ач холбогдолтойд тооцогддоггүй энэхүү хичээлийг 2016 онд мөн сургалтын хөтөлбөрөөс хасах тухай ярьж байв.

Тухайн үед Ерөнхий боловсролын сургуулиудын Түүх, Нийгмийн ухаан, Иргэний боловсролын хичээлийн багш нар, сургалтын хөтөлбөрийн багийн эрдэмтэд мэдээлэл хийн эсэргүүцсэнээр асуудал тэгсгээд намжсан байдаг.

Үе үе хасагдчих гээд байдаг тус хичээл 2019 онд БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг ажиллах үед “дүү”-тэй болж, бага ангийн сургалтын хөтөлбөрт “Монгол ёс, хүмүүжил” нэртэй шинэ хичээл нэмэгдэн сурах бичиг ч шинээр хэвлэхээр болж байв.

Улмаар 2023 онд буюу өнгөрсөн жил Иргэний боловсролын хичээлийн сурах бичигт дүн шинжилгээ хийхэд Иргэний ёс зүйн боловсрол сургалтын хөтөлбөрийн агуулга нь иргэний боловсролын талаарх мэдлэгийг орхигдуулсан, сурах бичгийн агуулга нь шууд заасан, номлосон, лекц хэлбэрээр байгаа нь сурагчид бие даан үзэл бодлоо илэрхийлэх, олон ургалч үзлийг таниулах, шүүн тунгаасан бүтээлч сэтгэлгээнд суралцах ур чадвараа хөгжүүлэх боломж олгоогүй, “Монгол хүн билгээрээ, хятад хүн мэхээрээ, тангад хүн шидээрээ” гэсэн агуулгаар бичиг үсгийн соёлын түүхийг өгүүлсэн нь агуулгын хувьд тохиромжгүй, соёлын хэвшмэл ойлголтыг илэрхийлсэн гэхчлэн гадуурхагдаж, ирэх оноос хасагдахдаа тулсан нь энэ бололтой.

Уг нь дээрх хичээлээр иргэн гэх нэр томьёоноос эхлэн төлөвшил, хүмүүжил, ёс суртахууны талаар танин мэдүүлэх, нийгмийн харилцаанд зөв хүн бүтээх чухал зорилготой гэдэг.

Тэр дундаа иргэний үнэмлэх аваад, эрх үүргээ ухамсарлаж, нийгэм төртэй харилцах харилцаанд хэрхэн яаж оролцох вэ гэдэгт суралцагчийг бэлтгэх ёстой. Улмаар үндэсний уламжлалт сэтгэлгээний болон соёлын үнэт зүйлс, ёс заншлаа дээдлэн амьдрал ахуйдаа хэвшүүлэн өвлүүлж хөгжүүлдэг, үндэсний ухамсар, бахархалтай иргэн болж төлөвших, иргэний сахин биелүүлэх зан үйлийн болон эрх үүрэг, хариуцлагын хэм хэмжээг мөрддөг, шударга ёсыг дээдэлдэг, хариуцлагатай, идэвхтэй, бүтээлч иргэн болж бэлтгэгдэх гол агуулгаар дээрх хичээлийг сурагчдын сургалтын хөтөлбөрт багтааж байв.

Гэтэл өдгөө улам чанаржуулж, агуулгыг өргөтгөх тухайд биш сургалтын хөтөлбөрөөс бүрмөсөн хасах тухайд ярьж байна.

Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг Зөрчлийн хэрэг эзэлж байгааг Цагдаагийн байгууллагын тоон мэдээнээс харж болно. Жилдээ 2.7 сая орчим зөрчил шалган шийдвэрлэдэг талаар Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн Б.Энхболд ч хэлж байсан удаатай.

Энэ оны зөвхөн хоёрдугаар сард гэхэд улсын хэмжээнд 237.615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байх юм.

Зөрчил гэдэг хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 298 зөрчилд хүүхдүүд холбогдож зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан гашуун мэдээ байна.

Хүүхдүүд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атал тээврийн хэрэгсэл жолоодсон, гэмт хэрэг зөрчил, түргэн тусламж, аюулт ослын талаар эрх бүхий байгууллагад худал дуудлага мэдээлэл өгсөн, Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан, нус, цэр, тамхины иш хог хаясан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан, хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж, зодсон” зэрэг зөрчилд ихээр холбогдсон байгаа нь Иргэний ёс зүйн хичээл хасагдах бус илүү чанаржиж, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан лекц практик байдлаар ЦАГаа нэмэн орох ёстойг харуулж байгаа юм.

Хүн бүр эцэг эх болно. Хүн бүр жолооч болно.

Одооноос бага ангид ордог Монгол ёс хүмүүжил, дунд ахлах ангиудад ордог Иргэний боловсрол, Иргэний ёс зүйн боловсрол хичээлүүддээ авто замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, автомашины цонхоор татсан тамхины ишээ шидлэхгүй байх, өөрийн нь эрх бусдын эрхээр хязгаарлагддаг зэргийг ухуулж, зөрчвөл Зөрчлийн хэрэгтэн, энэ хэм хэмжээ нь хэтэрвэл Эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг зааж сургавал наанадаж гурван жилийн дараагаас соёлтой, гэмт хэрэг зөрчилд холбогддоггүй иргэд нийгэмд хөл тавих юм биш үү, Л.Энх-Амгалан сайд аа!!!

Өсвөр насны хүүхдүүдийн биесээ дээрэлхэхгүй байх, доромжилж гадуурхахгүй байх талаар үр дүн муутай постер шидэн мөнгө цаг үрж байхаар Боловсрол шинжлэх ухааны яам нь Хууль зүй дотоод хэргийн яамтайгаа хамтраад Гэмт хэрэг, зөрчлийн албаа сургууль, хүүхдийн орчинд ажиллуулбал бодит үр дүнтэй ажил болох биш үү.

Хараалын үг хэрэглэх, ахмад хүнийг хүндэтгэхгүй байх, хог хаях, олон нийтийн газар бүдүүлэг авир гаргах, шүлсээ хаях нь Зөрчлийн хэрэг гэдгийг гудамжинд өлгөсөн самбараар бус, боловсрол мэдлэг олж авах хичээлийн танхимд нь ойлгуулж өгвөл энэ жинхэнэ АЖИЛ юм.

Иймээс “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг хасах бус харин ч эл хичээлээр дамжуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль эрхзүйн өндөр мэдлэгтэй, боловсролтой иргэн болгох ЧИГ болгон ашиглана уу, Боловсрол Шинжлэх ухааны сайд аа!!!

Орчуулах »