Улстөрийн ууган хүчин “тэнгэрт” халиад удаж буй юм биш биз… 100 жилийн түүхэн ойн өдрөөсөө хойш энэ намын үйл хэрэг нэг л жигтэй болчихсныг уншигч эрхмүүд ч анзаарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд нэг л биш…

Намын тоглолт нэг хоёрхон хүний гарт шилжиж, үзэл баримтлал үнэт зүйл нь аль хэдийнэ үгүй болсон юмуу гэмээр хэврэг харагдаж байна. Наймын найман жил төрийн эрхэнд үнэмлэхүй олноор оршиж, дангаар эрх барьж байсан атал юунд ингэтэл агзагнаад эхлэв.  

Тэд Ц.Элбэгдоржийг харан айн орилж, “Ачит Ихт” компанид нэгжлэг “хийлгэн” хөл толгойгоо алдахын учир юув?!…

Тэр С.Баярцогтын дүрээр аль эрт л эх орондоо, их улстөрд “ирчихсэн” л байсан шүү дээ, уг нь.

Хоёр ч шатны сонгууль дамнан үргэлжилсэн АН-ын хагарлын үеэр сураг ч үгүй мартагдсан байсан С.Баярцогт гэнэт гарч ирэхтэй зэрэгцэн АН албан ёсны даргатай болж, түүнийг нь Дээд шүүх бүртгээд л, мань эр тэргүүн дэд даргын суудалд сандайлсан зэрэг нь санаандгүй хэрэг биш байсан. Ц.Элбэгдоржийн бие өөр тивд хэдий ч түүний улстөр С.Баярцогтоор дамжуулан үргэлжилж байна гэдгийг улстөр сонирхогч хэн хүнгүй гадарлаж байв.

Ц.Элбэгдорж 1998 онд М.Энхсайханаас Ерөнхий сайдын тамга авмагцаа С.Баярцогтыг Байгаль орчны сайдаар томилж байсныг мартсан хүн үгүй биз. Тэр он цагаас эхлэн АН-д хуваарилагдсан бялууны зүсэм бүр С.Баярцогтод оноогдсоор ирсэн. Ц.Элбэгдорж 2004 онд дахин гүйцэтгэх засаглалын тэргүүн болоход тэрбээр Хэрэг эрхлэх газрын нь дарга болж байв. Улмаар С.Баярын тэргүүлсэн “Стандарт бус Засгийн газар”-т Тэргүүн Шадар сайдаар ажиллаж, 2012 онд АН олонхи болоход тэр УИХ-ын дэд дарга болон лифтэнд “сууж” байлаа.

Ийнхүү оффшор дахь сая ам.доллараа мартатлаа албан тушаалын шат өгсөж, АН-ын нэрийн хуудас болон гялалзаж явав.

Харамсалтай нь, эр хүн туг ч барьж, тугал ч хариулдгийн үлгэрийг үзүүлж Х.Баттулгыг Төрийн тэргүүний тамга гардсаны дараахан Оюутолгойд холбогдох асуудлаар 10 жилийн ял сонсч, давж заалдах шатны шүүхээс 4.8 жил болгуулан төрийн хууль цаазыг уншуулж байлаа. Түүнээс хойш буюу Х.Баттулгыг тамгаа өгснөөс хойш С.Баярцогтод холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналаар танхимаараа дахин хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаан эцэст нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдлыг энд цухас сануулчихад илүүдэхгүй биз.

Ийм байдлаар орон шоронд орчингоо алдаж явсаар хэсэг сураг алдарсан нөхөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ зарлан “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг чөлөөлж Бүрэн эрхт төлөөлөгч томилоод нууцын зэрэглэлд оруулж, хав дарсан байсан оффтейк гэрээнүүдийг ил болгохтой зэрэгцэн дахин гарч ирсэн.

Үйл явдлууд солигддог тэмдэг шиг ийнхүү өөрчлөгдсөөр нүүрсний асуудал босох үед хулгайчаар нэрлэгдэж байсан Х.Баттулга өдгөө Ц.Элбэгдоржоор солигдон, Ц.Элбэгдорж нь МАН-ыг, Монголыг айлгадаг мангас болон “кино зохиол” үргэлжилж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд эрх баригч намын дарга нь үнэн боловч үйл хэрэг нь МоАХ мэт байгааг хэлэх хэрэгтэй. Намын дүрмээсээ гажиж тоглодог Д.Амарбаясгалан ч МАН-ын эрхэмсэг дүр байж чадахгүй байгаа нь үнэн.

Тиймээс улстөрийн ууган хүчин болох МАН 100 жилийн ойгоо үзчихээд л “нүд аньсан” болов уу гэх таамгийг улстөр сонирхогч хэн бүхэн хэлж байна. Одоо харин хоёр дахь 100 жилийнх нь жолоог орлон тоглогчид хэдийнэ атгаж, хүссэнээ нүүж, хүссэнээ нууж, ямар ч сөрөг хүчингүйгээр түүхийн хуудсыг дүүргэж байна.

Үүнийг батлах мэт Д.Сумъяабазарын толгойлсон Нийслэлийн намын хороо МАН гэх малгайд байтугай саравчинд нь ч багтахаа больсныг энэ сарын 27-нд болсон Нийслэлийн намын хорооны 99 жилийн ой харууллаа. Ойг тохиолдуулан өмнөх өдөр нь буюу энэ сарын 26-нд Нийслэлийн намын хорооны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид төдийхөн оролцож, шоовдорлогдсон үрс мэт өрөвдөм өдрийг өнгөрүүлэв.

Өмнө нь дээрх ойн арга хэмжээнд намын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцон баяр хүргээд тогтохгүй мэдээллийг нь www.nam.mn сайтаараа хахтал мэдээлдэг байлаа. Өнгөрсөн онд гэхэд ядаж л Д.Сумъяабазарынхаа мэндчилгээг нийтэлж байсан бол өнөө жил гөлөөг ч гэж дуудалгүй өнгөрөөв.

Тэрбайтугай МАН-ын 103 жилийн ой ч сураг ажиггүй байсныг хэлэх хэрэгтэй. Эх орончдын өдөр хэмээн нэрийдсэн эл өдрөөр Сүхбаатарын хөшөөнд МАН-ын удирдлагууд цэцэг өргөдөг уламжлалтай байсан нь гээгдэж эгээтэй л С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөчихөлгүй өнгөрөв бололтой. Намын нь төв хэвлэл ҮНЭН сонины нийтлэлийн бодлого ч алдагдан гоо зүй, сургалт сурталчилгааны шар сонин болсныг уншигч захиалагчид нь хэлж байна.

Энэ мэт байдлаас нь өлгөж сошиал орчинд эрх баригч намыг МАН бус МАНж нам гэлцэн шоглох болсныг эрх баригч намын энэ цагийг жолоог атгагч эрхмүүд эрхбиш мэдэж л суугаа байлгүй…

Сүр хүч, сүнс сүлдгүй болж орхисон энэ намын горилогчдын нэрс ёстой л МАН бус МАНж гэмээр дуулдаж буйг дараагийн дугаарт дэлгэрэнгүйгээр хүргэх тул энд хүрээд түр орхиё.

Үргэлжлэл бий…

Орчуулах »