Төрийн тэргүүд ТӨВийн бүсэд СУМ тавих нь

Эрх баригч намын гишүүд нэгнийхээ аминд хүрэх шахам мандатын төлөө нүдэлдэж байна, тавдугаар тойрог дээр… Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг хамарсан эл бүс нутгаас 10 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргөх эрхзүйн зохицуулалттай. Эл 10 мандатын төлөө зөвхөн МАН-д гэхэд л 30 шахам нөхөр горилж горьдсон хүсэлтээ өгчихсөн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн голлон тоглогчид эл тойрогт хүч үзэх бөгөөд өрсөлдөгчдийг нь Л.Оюун-Эрдэнэ намнаж буй.

Н.Энхболдыг дэвшүүлэн зайлуулж буй эл бүсэд горилогчдыг Сангийн сайд Б.Жавхлан тэргүүлж байгаа. Дарханыг зорих нүүргүй болсон энэ эр эцгийн нутаг Сүхбаатар аймагт дэвшихээр горилсон ч мандат олдохгүй нь тодорхой тул лам олдохгүй бол Цэрмаа ч яахавдаа тулсан.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хүлхэж, ЖДҮ-гээс халаасалсан ширэн нүүрт эгчийгээ яам дамнуулан даргын суудалд эрхлүүлж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрийн хамаарал бүхий арилжааны банк руу урсгадаг гээд эрх мэдэлд удаан байлгаж боломгүй хар мэдээлэл Сангийн сайд Б.Жавхланд хаяглагддаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүс гэгдээд буй тавдугаар тойрогт Б.Жавхлангаас гадна  Ж.Энхбаяр, Ч.Ундрам, Б.Баттөмөр, С.Лүндэг нарын ЖДҮчин, Боловсролын зээлийн сангийн тонуулчид гэх гуншинт нөхөд орж ирэх аяс бий.

Б.Жавхлангийн намтар, улстөрийн зам мөрийг У.Хүрэлсүхээс салгаж ойлгох боломжгүйтэй адил Ж.Энхбаярыг ч алсхан харж болохгүй. Түүнийг бусдын адил ЖДҮчин хэмээн чичилдэг ч Жижиг дунд үйлдвэрлэлийг утгаар нь хөгжүүлсэн байдгаараа бусдаас ялгарчихаад байдаг эр.

Монголын суурь хөрөнгөтэй улстөрчдийн эгнээнд эрэмбэлэгддэг тэрбээр Алтай нутгаас сонгогдож байсан ч Д.Амарбаясгалангийн далд “соёонд” хатгуулж, хадруулаад зайгаа тавьж өгсөн байх. Гэхдээ Сэлэнгэ дэх үхрийн ферм, Дархан-Уул дахь Буудай зочид буудал зэрэг бодит бүтээн байгуулалтуудыг нь даган орон нутгийн цөөн боловч иргэдийн жижиг дунд бизнес цэцэглэж, тодорхой тооны гэр бүлүүд ажлын байртай болсон, Газар капитал банк бус санхүүгийн байгууллагынх нь уян хатан зээлийн нөхцөл иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нэмэр болдог зэрэг ярих хэлэх юмтайдаа энэ тойрогт ирж буй биз.  

Алаг нүдэн Б.Баттөмөр ч Д.Амарбаясгаланд “хөөгдсөн” гэдэг. Нэгэн үе гаалийн, татварын гэх тодотгол өмнөө чирч явсан түүнийг өдгөө У.Хүрэлсүхийн хөлөг дээрх “тэмээ” гэлцэх болж. Шатахууны магнайтуудын нэг мань эр тендер байтугай ЖДҮХС-гийн жижиг зээл ч голохгүй цохидог гэж байгаа. Өөрийн хамаарал бүхий “Мондем” ХХК-аараа ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан, авахдаа тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос “Авах ёстой юм аа авмаар байна, хурдал” гэж яаруулсаар аваад явсан гэдэг. Үүнийг нь У.Хүрэлсүхийг давхар “матсан” хуншгүй араншин хэмээн намынхан нь нэг хэсэгтээ жиг жуг хийж байв. Түүнийг АТГ-аас ч нүүрсний гэх хэрэгт нэр цохож байсан ч тэгсгээд намжсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх С.Лүндэг мөн эл тойрогт горилж яваа. Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч АНУ-д суралцсан ч эргэн төлөөгүй гэх бараан толботой. Түүний төлбөр өнөөгийн ханшаар 110 гаруй сая төгрөг.

Түүний саналыг хуваалгахаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Лүндэгийн Наранбаатарыг оруулж ирж байгаа гэлцэж байна. Намын хэд хэдэн удаагийн сонгууль удирдсан генсекийн тухайд саналын хуудаст овог нэр ижил хүмүүс бичигдэх хэн хэндээ халтай гэдгийг сайн мэдэх хойно эл хардлага үнэний ортой ч байж мэдэх. Гэхдээ түүнд Ерөнхийлөгчийн эсрэг ажиллах энэ цаг үед ямар хэрэгтэй гэж?!… Хангалттай олон хүнийг нь баруун аймгаас шахчихаад дахиад юу “шантаажилж” овог нэр андуурагдах кадр чихэж байгаа хэрэг юм бол, сонирхолтой л шахаа… Эл тойрогт Д.Амарбаясгалан дутаж өгвөл уг нь намдаа дэмтэй юм.

Намбарын Энхбаярын тухайд “Ерөнхийлөгчийн” гэгдсэн бүсэд Б.Тулгатаас гадна УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ч.Ундрам, А.Сүхбат, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нарыг зүтгүүлж байна. Тэдэн дундуур “Шилэн” Цогоо ч чихцэлдэж харагдсан. Эдэн дундаас Д.Өнөрболор, Ч.Ундрам нар хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүйн үлгэрийг хахтал үзүүлж эцэстээ хоёулаа мандатгүй хоцорч мэдэхээр байгаа. Учир нь гэдсэндээ хөлөө жийлцсэн бүсгүйчүүд эцэстээ савнаасаа хальж намдаа түвэг чирч магадгүй талаар намын толгой хавьд ярилцсан мэдээлэл байна.

Учир нь тэдний үс гэзгээ зулгаалцсан тойрогт АН-аас намынх нь Тэргүүн дэд дарга С.Баярцогт өрсөлдөхөөр орж ирнэ. Төвийн бүсийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг түүнд МАН-ынхны тогоон доторх зодоон хөгжилтэй санагдаж улам бүр дэврээсээр, өнгө хөг нэмсээр өөрөө ард нь хөнгөхөөн хэдхэн төгрөгөөр шөмбийтөл гараад ирж мэдэх л нөхөр. Түүний хувьсагчид юу ч сэдэж, юуг ч хөдөлгөж мэднэ гэдгийг Сэлэнгэ, Дарханы хөтөл булаалдсан хүүхнүүд мэдэхгүй байна гэдэг сонин.

Ц.Элбэгдоржийн хоточ гэгддэг түүнтэй хамт мөн Ц.Элбэгдоржийн бөмбүүлэй гэгддэг С.Эрдэнэболд нэр дэвшихээр эртнээс тоос босгож яваа.

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, Төвийн бүсийг булан тохойгүй самнаж ирсэн тэрбээр Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Ш.Сүхбаатарын хүү. АН-ын залуучуудын төлөөлөл болсон түүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан таван жил нь өөрт нь туршлага ч өрөөлд онилж шидэх бай болсоор ирсэн. Нөгөө талдаа, аав Ш.Сүхбаатар нь УИХ-ын гишүүн асан Лу.Болдын “Бодь цамхаг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг нь Х.Баттулгын дэмжлэгээр нэр дэвшиж байгаа гэх бараан мессежийг ч нийтэд өгдөг. Үүнийг нь батлах мэт өнгөрсөн хугацааны турш төвийн бүсээр Ц.Тувааны хөсөгт дайгдан давхисан гэдгийг тавдугаар тойргийнхон хэлж байгаа.

Х.Баттулгын баттай квот нь УИХ-ын гишүүн Ц.Туваан. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн туслахаар улстөрд хөл тавьсан тэрбээр Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болоход дэдээр нь томилогдож байв. АН-ын тамгыг булаалдсан их хагарлын эхлэлийг тавьсан хөгийн эрээр намынхан нь Ц.Тувааныг нэрлэдэг.

Тэрбээр энэ удаад С.Эрдэнэболдоос гадна Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Үүрийнтуяаг хөтөлж яваа. Үе үе С.Эрдэнийн гэх харьяалал гарч ирдэг ч Х.Баттулгын хаяавчнаас төдийлөн холдоогүй гэдгийг улстөрийн хүрээнийхэн мэдэх биз.

АН-ын гэх ерөнхий нэртэй ч дийлэнх бүс, тойрогт Х.Баттулгын гэх бүлэглэл нэлэнхүйдээ газар авсныг хэн хүнгүй хэлж байна. Тухайлбал, мөн л женкогийн гэгддэг П.Тогтохбаяр эл бүсэд горилон хүсэлтээ өгч. АН засагласан 2012 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч, аймгийнхаа Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллах болсон нэгэн.

Ц.Тувааны гараас тавихгүй гүйж яваа А.Батсуурь ч эл бүсэд орж ирнэ. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх гэхээсээ “Өег гурил” ХХК-ийн эзэн гэдгээр олон нийт таних биз. 2018 онд түүний хамаарал бүхий компаниудтай холбогддог аж ахуйн нэгж ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан нь олон нийтэд очих боломжийг замаас нь хулгайлагчдын нэг гэх таагүй мессежийг өөрт нь нааж ирсэн.

Ийнхүү тавдугаар тойрог Д.Амарбаясгалангийн зүгээс У.Хүрэлсүхийн уясан С.Лүндэгийн эсрэг тавьсан Л.Наранбаатарыг нь эс тооцвол эрт эдүгээгийн Төрийн тэргүүнүүдийн дундах өрсөлдөөн болох нь бололтой.   

Орчуулах »