МАН хөрөнгөлөг гишүүдээсээ салж нам дамнасан бүлэглэлд очих цаг ойртов бололтой

Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө ч мэдэлгүйгээр нам дамнасан бүлэглэлийн гар хөл болж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсч, тэртэй тэргүй хөл толгойгоо олохгүй бужигнаж байсан Удирдах зөвлөлөө улам бүр бужигнуулж орхив бололтой.

Ямартай ч Д.Сумъяабазараас Нийслэлийн намын хорооны тамгыг хурааж Х.Нямбаатарт шилжүүлэх тулгуу шийдвэрт эрх баригчид хүрэв. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг зарласны маргааш буюу энэ сарын 21, 22-нд “цавчаа ногоон”-той холбоотой нээлттэй сонсгол товлосон нь түүнийг тахимаа өгөхөөс аргагүйд хүргэсэн хэмээн эх сурвалжаас хэлж байна.

Уг нь өнгөрөгч лхагва гарагт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ сарын 20-нд товлосон Бага хурал болон хурлаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахтай холбоотой горилогчдын рэйтингийн судалгааны үр дүнг хэлэлцэхээр төлөвлөж. Гэвч энэ үеэр Д.Сумъяабазар Д.Амарбаясгалан нар ам мурийж, эцэстээ гар зөрүүлэх хэмжээнд хүрсэн бөгөөд үүний дараахан Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болсон юм байх.

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан ногоон автобусны дуулиан дэгдэхэд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргааар ажиллаж байсан Ж.Сүхбаатар хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн бол Д.Сумъяабазар “Буруугүй, ажлаа өгөх шаардлагагүй” хэмээж байсныг уншигчид мартаагүй биз. Гэвч тэрбээр ийн хэлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөө рүү итгэлтэйхэн гүйж орсон бол гарч ирэхдээ чөлөөлөгдөх болсноо мэдэгдэн өргөдлөө өгч байв. Ингэхдээ нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгөөгүй бөгөөд үүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн тохироо нь гэлцэж байсан юм.

Харин, өнгөрөгч лхагва гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаас хэдхэн цагийн өмнө Д.Амарбаясгалан “Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм. Нүдийг боож, чихийг нь бөглөөд, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирсан болгох нь” хэмээн ааш авир нь багтаж ядсан авгайцуул шиг пост шидсэн. Түүнийг нь олон нийт хэтэрхий зуумтгай хүн юм гэлцэж байв. Учир нь Д.Сумъяабазар огцрох үедээ “Ногоон автобусны гэрээ хийх чиглэлийг Д.Амарбаясгалан өгсөн гэж хардаж байна” гэж хэлээд бууж байсныг энд эргэн саная. Тэрбээр Д.Амарбаясгалантай барилцаж авах үедээ Зариг тэргүүтэн хэвлэлийг “ногоон автобусны мөрөөр” гэх нэрийн дор урд хөршид ажиллуулж улыг нь ухсан хэмээн уурссан гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Магадгүй л юм. Хятад компаниуд хэн нэгэнд баримт сэлтээ шалгуулаад далан долоон булчирхайгаа тоочин улс орны дотоодын хэрэгт их бага хэмжээгээр оролцохоор ил оролдоно гэдэг юу л бол… Монголын хууль хүчнийхэн үнэмлэхээ үзүүлээд очсон ч үүдээ нээхгүй харилцагчид шүү дээ.

Гэхдээ нэгэн үе Тусгаар тогтнолын ордонд хаан заан мэт авирлаж байсан Д.Амарбаясгалангийн авир аяг дарагдах нь дарагджээ. Тэр ОДОД болохын өвчнөөр хангалттай удаан “өвчилсөн” нь үнэн. Түүнийг эл өвчнөөс нь Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нар салгасан гэлцдэг. Зарим эх сурвалж женко нэгэнт өөртөө уясан уяаны нохдоо тэгтэл сагуулж давраадаггүй юм гэж нэмж хэлэхийг нь анзааралгүй үлдээж болохгүй. Тогтож харах л өнцөг… Ямартай ч Д.Амарбаясгаланг Тусгаар тогтнолын ордноос бага атугай хөндийлөхгүй бол намын даргын хүч муутай тамгаас өөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэн сэтгэлд амтагдах бяр нөлөө Л.Оюун-Эрдэнэд төдийлөн мэдэгдэхгүй, бүхнийг Д.Амарбаясгалан шийдэж, шийдвэрлэж байсан гэдэг. Үнэн ч биз.

Эцэст нь тэрбээр ЗГХЭГ-ын даргын суудал гэх өөх үмхээд, нүүрсний хэрэг буюу “Админерал” компанитай холбоотой дуулианаар “явчин” алдаад үлдсэн. Тэр үүнийгээ Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт наан уурсаж буй ч үнэн хэрэгтээ түүний хэр хэмжээг энэ зэрэгт буулгах гэсэн Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын захиалга байсан тухай жиг жугийг түүний эргэн тойрны зөвлөх нэртүүд ч ярьж байгаа юм.

Могой тасравч гүрвэлийн дайтай гэгчээр Д.Амарбаясгалангийн нөлөө нэлээдгүй буурч өдгөө генсек гэх сэтэр нь л удирдлагын түвшинд үг хэлэх эрх эдлүүлж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн мандат хуваарилалтад Д.Амарбаясгалангийн эзлэх жин бараг үгүй болсныг бид харж байна. Түүнд оногдох мандат Л.Наранбаатар, Ж.Эрхэмбаатар, А.Ариунзаяа нараас хэтрэхгүй байгаа нь цаашдаа улстөрд нүүх нүүдэл нь ч жирэмсэн эмийн шээх, жижиг туглын бэлчих газраас хэтрэхгүй болсны илрэл хэмээн намынхан нь шоолонгуй байгаа. Үүнийг л өөрөө өөрийгөө боох “женко” мэх гэдэг юм байх. Тэр хэнд боолгуулж буйгаа мэдэхгүй журмын нөхөд рүүгээ өнгөрсөн хугацаанд хэтэрхий их дайрсан нь өнөөдөр түүний дэргэд дээрх гурван жулдрайгаас өөр хүн үлдээлгүй үргээсэн байна. Өнөөдөр тэр Д.Сумъяабазарыг ялсан мэт боловч үнэн хэрэгтээ нэг багийн нөгөө тоглогчид тамга шилжсэн төдий л юм болох нь…

Хөгжлийн банк, ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэрэг олон хэргийн материалыг хэвлэлд өгч сэвүүлсэн гэх буруутгалыг намынхан нь түүнд нялзаасаар ирсэн. Үүний үнэн мөнийг энд шүүх шаардлагагүй ч эдгээр асуудлын улмаас Ё.Баатарбилэг Б.Энх-Амгалан нар мандатын эрхгүй үлдэж буй нь генсекийн эхлүүлсэн шоглоом гэлцэж буйг яалтай.

Ц.Анандбазар, Л.Энх-Амгалан зэрэг намын гол хандивлагчдаа хашааны гадна үлдээхээр шахаж эхэлсэн нь ч гишүүдийнх нь дургүйг хүргэж байна. Тэрбайтугай, нааш харж инээн цааш харан хуйвалдаж байгаад Сү.Батболдыг Х.Баттулгын хүсэлт, херо Б.Баатарын найруулгаар “намнах” ажиллагаа эрчээ авч, өдгөө зогсооход бэрх болсны буруу ч эрх баригч намын генсекэд тохогдоно хэмээх хатуу шүүмжлэл хүчтэй яригдаж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Ямартай ч өнөөдрийг хүртэл намын гишүүд нь идэвхгүй үхээнц болж хойш суусны уршгаар 100 жилийн түүхтэй МАН “спонсоргүй” болж сульдан Х.Баттулгын халаас руу аажмаар гулслаа гэх явган яриа тасрахаа больж.

Одоо Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байх хувилбарыг батлуулахаар Д.Амарбаясгалан амиа өгөхөөс наагуур тэмцэж байгаа гэдгийг Удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүн баталж байна. Д.Амарбаясгалангийн эсрэг дуугарч чаддаг ганц хүн гэгдээд буй Б.Энхбаяр л зайлчихвал тэр энэ намыг алгуурхнаар херо студид хүлээлгэн өгөхөд бэлэн “хүүхэлдэй” болсон юм байх.  

Ингэж зүтгэсээр эргээд хартал түүнд Л.Наранбаатар, Ж.Эрхэмбаатар, А.Ариунзаяа гурваас өөр хүн үлдээгүйгээр үл барам өнөөдрийг хүртэл нэг баг, хагацашгүй ах дүүс гэлцэж явсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын нам эвсэл дамнасан бүлэглэл бүсчилсэн тойргийг нөмөрсөн байдалтай танилцуулагдсан нь шоконд оруулж, Удирдах зөвлөлийн түвшинд гал өрдөхөд хүргэсэн бололтой.

Д.Амарбаясгалангийн эл хашгираантай зэрэгцэн Н.Номтойбаяр эвслийг тэргүүлээд зогсохгүй Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөр нарыг нэг тойрогт өрсөлдөхийг уриаллаа. Эс бөгөөс хэн хэнтэй нь ижил намын нэрийн жагсаалтаар парламентын босго давахаа мэдэгдсэн нь худтайгаа хоршсон тоглолт мэт харагдан Л.Оюун-Эрдэнийн зэвүүцлийг төрүүлсэн гэж байгаа.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн зүгээс нам доторх Д.Амарбаясгалангийн эрх мэдлийг дээрх байдлаар алгуурхан хазаарлаж, намын гишүүдээ өөрийн гэх үү женко бүлэглэлийн гэх үү явдал мөрд дагуулахаар Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ сарын 20-25-ны хооронд товлохыг түр хорооны гишүүдэд хатуу үүрэгдсэн бололтой.

Үүнийг нь угаас нам дамнасан женко бүлэглэл гэгдэх Г.Занданшатар шахаж байгаа.

Тэд “цавчаа ногоон”-ы араас угсруулан лицензийн асуудлаар сонсголдож Ч.Хүрэлбаатар, Ц.Цэрэнпунцаг гэхчлэн нам доторх хөрөнгөтнүүдээ сонгогчдынх нь өмнө хэн ч биш болгох жинтэйхэн тактик барьж буй ч Түр хороо нээлттэй сонсголын товоо тогтоох бүү хэл хуралдаагүй байсаар өнөөг хүрэв.

Уг нь намын ил “далд” удирдлагууд ажлын хэсэг буюу шинжээчдийг Түр хорооны гишүүдээс тусад нь ажиллуулж, үүнийгээ чандлан нууцалсан гэж байгаа.

Шинжээчид ч лиценз олголт, эзэмшилд улстөрчийн хамаарал бий эсэхийг нэг бүрчлэн нарийн судалж гаргасан гэх бөгөөд баримт материал ч хангалттай цугларсан юм байх.

Гэвч өнөө хэр нааш харсан инээмсэглэлд нь хууртсаар алгуурхнаар намаасаа холдчихсоноо ойлгоогүй явсан хөрөнгөлөг гишүүд учрыг ухан нэгдэж женко бүлэглэлийн эцсийн хөзөр болох Ашигт малтмалын лицензийн сонсголыг хийлгэхгүйн тулд Түр хороог хуралдуулахгүй барьж Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын үйлийг үзэж, үгийг нь барж буй бололтой.

Орчуулах »