Эрх баригчдын эргэж ирэхгүй мэт хаясан тойрогт нь АН шинэ үе сойж байна

Таван мандат бүхий УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт 2020 оны сонгуулиар МАН илт давуугаар ялалт байгуулж байв. Харамсалтай нь, хүн амын төвлөрөл болоод хийх ажил нь овоорсон эл дүүргээс сонгогдсон гишүүдийн хэн нь ч сонгогчдынхоо нүүрийг харах эцэсгүй болж, өөр тойрог сураглаж явна.

МАН нэр дэвшигчдийнхээ рейтингэд үндэслэж сонгуулийн мандат олгохоо мэдэгдсэн.

Гэтэл урьдчилсан байдлаар Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нарын рейтинг доогуур гэхэд хэтэрхий доогуур, бүр шившигтэй гэмээр гарсан байна. Тиймээс Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар тойргоо орхихоор эртнээс чемадоноо зэхээд суучихаж.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нүүрсний сонсголыг амжилттай зохион байгуулсан гэж олон нийт дүгнэдэг ч учир мэдэх хэсэг нь “захиалагч” талдаа үйлчилсэн хэмээн буруутгасаар байгаа. Ямартай ч эл сонсголоос хойш бусдаас шүүмж сонсч чадахгүй болтол томорч, оддын өвчнөөр гүн гүнзгий өвчилсөн гэгдэж буй намын генсек Д.Амарбаясгалан нь түүнийг хорхой идсэн араандаа ягштал зууж, мандат олгохгүйн төлөө чадах бүхнээ хийж буй гэлцэнэ. Тэрбайтугай, сошиал орчинд хүртэл сэтгүүлч бүсгүйчүүдээр буллидүүлж зугаагаа гаргах болсон хэмээн намын нөхөд нь эгдүүцэх болж. Эдгээр жиг жугийн үнэн мөнийг шүүх шаардлагагүй ч Д.Амарбаясгалангийн хувьд Баянзүрх дүүрэг дэх Б.Энхбаярын рейтинг маш муу байгаа нь намд “хохиролтой” гэх цэцэн шаардлага барьж Удирдах зөвлөлийн түвшинд зүтгүүлж буй нь үнэн аж. Ямартай, Б.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхийг ганц Д.Амарбаясгалан мэддэггүй юм хэмээгээд өөрийн төрсөн нутаг Дорнод аймагт нэр дэвшихээр эртнээс зорьсон бололтой. Гэхдээ түүнийг нүүрсний хулгайтай тэмцүүлэхээр Говийн бүс рүү илгээнэ гэх мэдээлэл чих дэлсч буй ч үнэн хэрэгтээ Сү.Батболдтой шөргөөцөлдүүлэх, өөр зуурт нь тэмцэлдүүлэх херо тактик гэлцэж байна.

Б.Саранчимэгийн тухайд мөн тойрог сэлгэж Говийн бүс рүү гүйдэлтэй болсон ч нүх олдохгүй тэвдсэн тарч (насанд хүрсэн эмэгчин тарвага) шиг гүйж яваа хэмээн намынхан нь шооч зангаа тавихгүй мушигнаж байна. Нэрлээд хэлчих ажилгүй, нүүр тахлаад хэлэх үггүй тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн Дундговь аймгийг тордож, Ц.Анандбазарыг намаас хөөгдсөнд битүүхэн баясч суусан гэдэг. Гэвч говийн бүсэд АН-аас Л.Мөнхбаясгалан дэвших сургаар эргэж зугтан Баянзүрх дүүрэгт эмэгтэйчүүдийн квот дор тийз горьдоод эхэлсэн гэгдээд эхэллээ. Харамсалтай нь, Б.Энхбаяр биш Б.Саранчимэгийн рейтинг намд бодит хохирол авчирна гээд Х.Булгантуяагийн зүгээс авир гарган гадуурхаж, уул ус говь шанд руу нь илгээх зөв хэмээн адалсан гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өгч байна.

Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын  2018.05.14-ний өдрийн А/88 тоот тушаалаар ЖДҮХС-гаас 900 сая төгрөг авсан дуулианд нь Баянзүрх дүүргийн сонгогчид ихэд эмзэг хандаж байгаа. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болж сонгогчдынхоо боломжоос булаасан хөгийн ЖДҮ-чин нэр зүүж дуулиан шуугиан нь өнөө хэр намжаагүй байхад Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар авч АНУ-ын Гавайн Номхон далайн их сургуульд тухайн үеийн Гэгээрлийн сайдын тушаалаар суралцсан нь ил болж бүр ч нүүр хийх газаргүй болсон. Иргэд сонгогчдын боломж, тэдний үр хүүхдийн эдэлж болох байсан эрхийг булаасан мэдээлэлд хотын сонгогчид илүүтэй жихүүцэж ханддаг нь үнэн. Тэрбээр баримт факт нь задрахтай зэрэгцэн суралцсан зээлээ төлсөн хэдий ч уучлагдан цайрах сэв бол биш юм.

Ийнхүү тусгай сангуудтай нэр холбогдсон, тэдгээр нь ил болсон цагаас эхэлж Баянзүрх дүүргээр үзэгдэхээ больж говийн бүс дэх бүхий л арга хэмжээнд оролцож явтал эргээд Баянзүрхээс нь өөр буух газаргүй болж дээш тэнгэр хол, дорх газар хатуу гэгдэн жагсаалт ч сураглаж үзэв бололтой. Ямартаа л намынх нь шооч нөхөд орох нүх олдохгүй сандарч гүйсэн ТАРЧ боллоо гэж байхав.  

Түүний нэгэн адил Ж.Чинбүрэнгийн хувьд буурь сэлгэх санаа байвч орох байх газар олдохгүй тэвдэж, тэнүүчилж яваа мэдээлэл байна. Арга ч үгүй биз. Түүнийг баянзүрхчүүд хүлээж авна гэж бодвол ёстой том эндүүрэл болно. Эрх баригч намын бүх гишүүдийн рейтингээс хамгийн муу нь, тэр бүү хэл Монголын бүх цаг үеийн улстөрчид дотор түүн шиг муу рейтингтэй улстөрч урд хожид байгаагүй гэж байгаа. Үнэндээ эрүүл мэндийн салбараас улстөрд хөл тавьсан тэрбээр тийм ч таатай намтартай биш бөгөөд салбартаа ч хүндлэлгүй нэгэн гэдгийг олон нийт мэдэх болж. ХСҮТ-ийн захирлын албан тушаал хашиж байхдаа улсын эмнэлгийн зүүн жигүүрт хувийн эмнэлэг “орогнуулж”, түүгээрээ өвчтнүүдийн халаасыг тэмтэрдэг байсан гэх уучилж үл болом таагүй мэдээлэл түүнд харьяалагддаг.

Парламентын гишүүн болсон хойноо ХСҮТ-ийн захирлын суудлыг найз Н.Эрдэнэхүүдээ “өвлүүлсэн”, мөнөөх хувийн эмнэлэг тэндээ үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд үүнд Ж.Чинбүрэнгийн оролцоо гарцаагүй бий хэмээн эмч, ажиллагсад шүүмжлэлтэй хандсаар байгаа.

2014 онд “Каб Мед” ХХК-иар ХСҮТ-тэй хаяа дэрлүүлэн босгосон “Дөрөвдүгээр эмнэлэг”-т сарын 10 мянган ам.доллараар менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төрсөн дүү Ж.Чинтулгын “Некст натур” ХХК-иар дээрх эмнэлгийн дотор тохижилтыг хийж өгөх 1.7 тэрбум гэрээ байгуулаад алга болсон талаарх мэдээлэл нь хэвлэлийн хуудаснаас арчаагүй хэвээр.

Цагаан халаадаа пиджакаар сольсон мань эр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр “Эмэгтэйчүүд цэргийн алба хаах сонирхолтой болж байна. Эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай. Эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал чухал” хэмээн далийрч нийгмийн бодлогын мэдлэг боловсрол хол дутуугаа харуулан олон нийтийн зүгээс чулуу нүүлгүүлэхдээ тулж байв.

Тэрчлэн тэр сайн мэс засалч болохоос улстөрч биш, улстөрийн бодлого нүүдэлд А-гүй гэдгээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нүүр тахлах цөөн ажлын нэг болох Урьдчилан сэргийлэх үзлэгийг нь үр дүнгүй хэмээн дүгнэж намынхаа ганц түлсэн кадр.

Хэдий тэр нам дамнасан бүлэглэл гэгдэх Х.Баттулгын халаасны хүн ч намын дарга Л.Оюун-Эрдэнэ тэнэг л биш бол Ж.Чинбүрэнд дахин тийз олгож журмын нөхдийнхөө уур унтууг барахгүй биз.  

Салбар нэгт нөхөд нь ч 3 жил орчмын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг нь үгүйсгэн үнэгүйдүүлсэн түүнийг дахин нэр дэвших тохиолдолд ил далд эсрэг ажиллана гэдгээ мэдэгдээд эхэлж.

Баримт материалаа нягтлалгүй яаран сандран хийсэн, түүний ахалсан сонсгол “захиалагч”-аа барьж өгөн алдсан байхад хэн ч түүнд итгэл хүлээлгээ билээ. Түүний карьер энэ хүрээд дуусах биз. Нөгөө талдаа ард түмэн ч үүнд баярлана. Элэг бүтэн үлдэхийг хүссэн ард олонд алтан гартай мэс засалчийг нь эргүүлж өгөхөөс илүү буян МАН-нд үгүй юм.  

Харин Х.Булгантуяагийн хувьд нэгэн үе МАН-ын нэрийн хуудас болж явсан түүх бий.

Харамсалтай нь, сахил хүртээд шал дордов гэгчийн шинэ цагийн дүр болсон түүнд эрх мэдэл, албан тушаал дэндүү хүндэддэг бололтой. Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн менежерээр ээж нь ажиллаж байхдаа охин Х.Булгантуяаг цалинтай дадлагажигчаар дур мэдэн аваад зогсохгүй төслийн зөвлөхийн албан тушаалд хууль бусаар дэвшүүлж, цалин өгч байсныг нь Дэлхийн банкны төлөөлөгчид Монголд ирэхдээ илрүүлж, шийтгэл оногдуулж байсан ичгүүртэй мэдээлэл бий.

Намынхаа дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэх болсон тэрбээр намын нэрийн жагсаалтад горилж буй ч сонгогчиддоо битгий хэл намынхандаа ч үнэлэгдэж чадахгүй зүдэрч яваа гэдэг. Ядаж байхад АН-ын зарим нэг гишүүдтэй уулзаж, олон нийтийн дундах рейтинг чинь өндөр байна, Баянзүрх дүүрэгт нэр дэвшчих, хамтдаа баг болж оръё гэхчлэн сэм уулзсан гэх онц ноцтой фактаар чичлүүлж нэр дэвшихтэй манатай байгаа дуулдана.

Ийнхүү хууччуул нь Д.Амарбаясгалангийнхаа хэлээр намд хохирол авчирч болзошгүй кандидатуудаар нэрлэгдэж тэдний оронд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Б.Мөнхбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц нарын нэр яригдаж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ч мандат горилон намын даргын өрөөнөөс салахаа болиод удаж буй.

Н.Баярмөнхийн тухайд зодоон хийж, салаавч гаргасан дүрээрээ олны танил. “Hollywood” гэх шөнийн клубын эзэн гэдгээр бизнесийн салбарынхан андахгүй байх. Харамсалтай нь сайн гэхээсээ саар түүх ихтэй тэрбээр нийслэлийн харьяа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын дарга Б.Галхүүтэй “хэтэвч” нэг хэмээн чичлүүлсээр ирсэн. Б.Галхүүг эл албан тушаалд томилоход Н.Баярмөнхийн нөлөө их байсан бөгөөд нийслэлийн харьяа дээрх газраар дамжсан тендер, төсөл, төсвийг ухвал нэлээдгүй юм гарна гэлцэж байна. Тиймээс намын дарга түүнд мандат олгохдоо ихэд хойрго байгаа гэх.  

Тиймээс МАН энэ удаагийн сонгуульд залуучуудаар нүүр номоо хийнэ гэсэн зорилтынхоо төлөөлөл болгон Б.Мөнхбаатар гэх залууд итгэлийн мандат өвөртлүүлэх шуум байна. Уул, уурхайн ашиглалтын инженер, эрхзүйч мэргэжилтэй энэ эр ОХУ-ын Санкт Петербург хотын Уул уурхайн институтийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэйгээр төгсөж ирээд 2008 оноос стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-д Уул уурхайн инженерээр ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн аж. Тэрбээр 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдахад уул уурхайн ашиглалтын инженерээр шилжин ажилласан бөгөөд уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, төслийн удирдагч, уул уурхайн газрын захирал, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал болтлоо дэвшин ажилласан чадварлаг боловсон хүчин гэгддэг.

Улмаар 2022 оноос Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, Улаанбаатар  хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан “Эрдэнэс Баянбогд” ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхэд технологийн шийдэл болохуйц Treelings төслийг санаачлан мод тарих, ургуулах, хянах, оролцогч талуудыг холбон бүртгэлжүүлэх ажлыг блокчейн технологид тулгуурлан хэрэгжүүлж яваа зэрэг бодит ажлуудаараа олон нийтэд танигдсан нэгэн аж.

Сэтгүүлч Л.Нинжжамцын тухайд хариуцлагатай, чадварлаг менежер гэдгээ МҮОНРТ-ийн захирлаар ажиллахдаа олон нийтэд харуулчихсан эмэгтэй. Хууль зүйн ухааны магистр, Гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгссөн. Хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажилласан намтартай тэрбээр өдгөө УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны гишүүний сонгуульт ажилтнаар улстөрийн хүрээндээ танигдсан нэгэн юм. Тэр эл тойрогт эмэгтэйчүүдийн квотоор бүсгүйчүүддээ илүүрхэхүйц нэгэн байж чадах биз.

АН-аас энэхүү наймдугаар тойрогт М.Тулгат, Ц.Жадамбаа, Т.Батцогт, Ж.Батзандан, Ж.Баттуул нар горилж байна. Хувиасаа 2 тэрбум төгрөг зарлагадсан хэмээн цээжээ дэлддэг М.Тулгат Х.Баттулгын квотоор нэр дэвшихээр зэхэж байгаа. Нэгэн үе С.Эрдэнийн талын АН-ын даргаар сонгогдсон ч Улсын Дээд шүүх бүртгэлжүүлээгүй. Эцэст нь тэдний зам салж, Х.Баттулгын хаяаг бараадаад тэндээ бүрмөсөн суурьшсан нэгэн.

Эхнэрээ л хайрла гэхээс өөрийг одоогоор хэлж үзээгүй гэчихэд хилсдэхгүй АН-ын олон дэд даргын нэг Ц.Жадамбаа Дорноговь аймгаас угшилтай бөгөөд АН засагласан жил Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар томилогдон ажиллаж байсан ч салбарынхандаа гологдон, ил далд шоовдорлогдож явсан гэдэг. 2020 оны УИХ-ын сонгуульд Дорноговь аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон тул энэ удаад Баянзүрхийг гороолж яваа нь энэ бололтой.

Х.Баттулгын сүүдэр гэлцдэг Т.Батцогт энэ тойрогт нэр дэвшинэ.

Женкогийн нөлөөгөөр нийслэлийн АН-ын тамгыг гартаа атгасан тэрбээр энэ тойрогт ялалт байгуулахгүй бол нүдний булай шүдний чигчлүүр болох нь гарцаагүй. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгээр эл тойрогт УИХ-ын дарга асан З.Энхболдтой хөтлөлцөн нэр дэвшээд хамтдаа унасан босго муутай тойрог нь юм. Гэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн болох гэхээс илүүтэй Х.Баттулгын тэргүүлсэн нам дамнасан бүлэглэл шинэ парламентад олонхи болж чадвал Нийслэлийн АН-ын дарга сэтрээрээ хотын дарга болох амбицтай яваа.

Тэгэхээр Ж.Батзанданыг эс тооцвол хууччуулын нэр нүүрээ барж, хошного улайлгамаар болгосон Баянзүрх дүүрэгт АН шинэ, залуу үеэ сойж буй бөгөөд МАН ижил хариу барьж эс чадваас таван мандат бүхий нийслэлийн нэг тойргоо алдах магадлал өндөр харагдаж байгаа юм.

Орчуулах »