Намын жагсаалтад У.Хүрэлсүх хууртагдсан уу, хойш суусан уу?!

Л.Оюун-Эрдэнэ тун сайн гоо засалч юм. Тэр намынхаа ЖДҮ-чид, тусгай сангийн хумслагчид, нүүрсчдээ далдлаад намын нэрийн жагсаалтыг архитектор, инженер, эмч, багш, эрдэмтнээр өнгөлчихөөд сууж байна.

УИХ-ын гишүүн, сайд, дарга нарыг багтаагаагүй гэх гоё ажиллагааны нь цаана хэн хэний төлөөлөл багтсаныг олон нийт төдийлөн анзаарсангүй.

Жагсаалтыг өнгөлж буй архитектор Г.Лувсанжамц нь намын дарга Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ хотын дарга Х.Нямбаатарын ойрын хүн. Тэрбээр метроны төслийн зөвлөгөөг Х.Нямбаатарт өгч хамтран ажиллаж байгаа нэгэн. Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшсэн тэрбээр сонгуулиар Л.Оюун-Эрдэнэд гол имижийг бүрдүүлэх төдийгүй парламентад түүний хүрээллийг бий болгоход Х.Нямбаатарын хамтаар хүчин зүтгэх тохироотой гэж байгаа. Гэхдээ түүний үгэнд ордог кандидатууд ч гэж хаа байхав.   

Удаад бичигдсэн доктор М.Энхцэцэг Архангай аймгийн Тариат сумын уугуул, Орхон аймагт дунд сургуулиа дүүргэж, 2000 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг  цахилгааны системийн автоматжуулалтын инженерийн мэргэжлээр бакалавр, 2005 онд магистр хамгаалсан. Ажлын гараагаа ТБЦДС ХК-ийн Эрдэнэт-Хар хорины салбараас эхлүүлсэн бөгөөд “ЦДҮС” ТӨХК-ийн инженерээр ажиллаж байгаад 2015 онд Австралид очиж, 2017 онд RMIT их сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан зэргээр нэг л их сурч боловсорсон жагсаалттай хүн. Хөрсөн дээр бууж хөгжил ярих гэхээсээ илүү хэнийг ч эсэргүүцэхгүй зөөлөн кноп гэгдэж байгаа энэ нөхөр мөн л Л.Оюун-Эрдэнийн гал тогоонд тоологдсон.

Тэдний араас “Ондо”-гийн Ч.Анар эрэмбэлэгдсэн. Өвөрхангай аймгийн уугуул эл залууг Соёлын сайд Ч.Номингийн гарын үзүүрт гүйдэг, торгон хөшиг төдий нэгэн гэлцдгийг бүгд мэдэх биз. Берлинд Техникийн их сургуульд суралцаж байсан, “Нетсофт” компанийн үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр бизнесийн салбарынхан бага сага мэднэ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт хоёр дахь удаагийн сэлгээ хийгдэхэд түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад Ерөнхий сайд зүтгүүлсэн ч Ондо-гоо ондоо болгож чадаагүй хүн улсын цахим хөгжил ойлгох уу гэгдээд хасагдаж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөллөөр “Achilles International Mongolia” ТББ-ыг үүсгэн байгуулагч О.Саранчулуун жагсаалтын эхний дөрөвт орж ирсэн. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багшаар ажилладаг энэ бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн дуу хоолой болж чадахгүй гэх шүүмжлэлийг эрчтэй дагуулж байна. МУИС-ийг нийгмийн ажлын бакалавр болон магистр, Израйль Улсын Хэбрэйн их Сургуулийг нийгмийн эрүүл мэндийн магистраар, АНУ-ын Колумбын их сургуулийн нийгмийн ажлын сургуульд зочин судлаачаар, 2011 оноос АШУҮИС-ын нийгмийн эрүүл мэндийн сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалсан гэх намтартай тэрбээр намын дотоодод мөн ч их үймээн тарина даа гэх болгоомжлолыг намынхан нь хэлж байгаа юм. Тэрбээр өмнөх сонгуулиудын үеэр “Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ” гэх агуулга бүхий нэвтрүүлгүүдийг хувиараа бэлтгэн хүргэдэг байсан агаад тэр нь бусдад хүртээлтэй болох гэхээс илүү нэр дэвшигчдийг шантаажилсан мэт өнгө аяс илүүтэй үнэртүүлж байсан гэх шүүмжлэлийг дагуулдаг аж.

Тоон дотор үсэг гэгчээр намын нэрийн жагсаалтын эхний 10 тэр чигтээ Л.Оюун-Эрдэнийн  гал тогооноос ирсэн гэгдэж буй. Тэдэн дотор Д.Амарбаясгалангийн хоёр хүн шингэсний нэг нь ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл. Нэг нутаг усных гэдгээрээ генсек Д.Амарбаясгалан илүүтэй анхаарал тавьдгийг хэн хүнгүй мэдэх биз. Энэ удаагийн намын жагсаалтад эрдэмтийн төлөөллийг оролцуулахаа мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнийн үгэн дээр дөрөөлж, Д.Рэгдэлийг оруулж ирсэн гэлцэж байгаа. Д.Рэгдэл нь 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нь Д.Амарбаясгалангийн нөлөөлөл гэгддэг.

Тэрчлэн Д.Амарбаясгалангийн шошготой А.Ариунзаяа жагсаалтын 10-т эрэмбэлэгдсэн. Ааваараа Ховд, ээжээрээ Говь-Алтайн гэгддэг түүний улстөрийн зааварлагч нь Д.Амарбаясгалан. Өвөөгөөсөө өөр ярих сэдэвгүй энэ бүсгүй Үндэсний статистикийн газрын даргаас сайд, зөвлөх, намын нарийн бичгийн дарга гэхчлэн албан тушаал бүрийг хашиж яваа нь өөрийн гэсэн үнэнч баг командтай байхыг хүссэн Д.Амарбаясгалангийн хаялга төдий гэдгийг өдгөө хэн хүнгүй ярьдаг болж. Энэ удаад намын нэрийн жагсаалтад урдуур бичигдэх болсон нь ч генсекийн түлхэлт гэж байгаа.  

Эхний 10-т багтаагүй ч 11-д эрэмбэлэгдсэн Б.Баярбаатар мөн генсекийн ойрын хүн. УИХ-ын Тамгын газарт Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, УИХ-ын дэд даргын шадар туслах, УИХ-ын даргын шадар туслах, УИХ дахь МАН-ын ахлах референтээр ажиллаж байсан тэрбээр 2020 оноос МАН-ын хяналтын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг намаас хөөх шийдвэрийг Д.Амарбаясгалангийн заавраар гаргасан хэмээн ам алдсан талаар нь олон нийт хэсэгтээ шуугиж байгаад намжиж.

Жагсаалтын 30-д бичигдсэн Д.Бумдариар генсекийн мэдлийн квот дуусч буй. Тойрог, намын нэрийн жагсаалтад Д.Амарбаясгалангийн хүрээлэл тодорхой хэмжээнд жин дарна хэмээн улстөрийн хүрээнийхэн таамаглаж байсан ч түүний нөлөөлөл гавьсангүй.

Нэр дэвшигчдийг тодруулах өдөр Д.Амарбаясгалантай холбогдох мэдээлэл дахин гадны хэвлэлээр цацагдсаныг тохиолдол гэж үзэхэд хэтэрхий гэнэн дүгнэлт бөгөөд генсек ч тэгж үзэхийг хүсэлгүй буруутныг хайсаар байгаа юм. Мэдээлэлд “Админерал” ХХК болон Бортээгийн нүүрсний уурхайг дурьдаад, 30 сая ам.доллар шилжүүлсэн гэх Quzhou Longyuan Trading” Co., Ltd болон “Hong Kong Ruishen Global Group компанийг шалгуулахаар интерполд хандсан талаар бичсэн байв. Ингэхдээ эл асуудлаар Засгийн газар интерполд хандсан талаар бичсэн нь олны анхаарлыг татсан. Хэрэг эрхлэх газрын даргын харцны хаагуур нь ч албан тоот дотоод болон гадаадад хаяглагдах боломжгүй атал мэдээллийн агуулгын өнцөг ингэж орж ирсэн байсан нь Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нарыг муудалцуулах гэсэн хөгийн санаа хэмээн генсек үзсэн бололтой. Л.Оюун-Эрдэнийн хувьд ч мэдээллийн өнцгөөс хөөвөл нийслэлийн намын хорооны даргаас мултарсандаа хорссон Д.Сумъяабазар болоод түүний пиар багийн ажлаас зайлахгүй гээд товчхондоо намын дарга, нарийн бичгүүдийн санаа нэг цэг дээр төвлөрөөд нэр бүхий нөхөдтэй сонгуулийн дараа хариуцлага тооцно гээд хойш тавьсан дуулдав. Энэ талаар жич өгүүлэх тул энд түр орхиод намын жагсаалтад орж ирсэн нөхдийн талаарх жиг жугт анхаарал хандуулъя.

Нам доторх нөлөөллөө нэмэгдүүлэхээс улстөрчийн нүүдэл эхэлдгийг яс махандаа шингэтэл ойлгосон Л.Оюун-Эрдэнийн түлхэж буй дараагийн хүн бол Д.Ганмаа. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг дүүргэж, АУДС-д цэргийн эмчээр элсэн орж, АШУИС-д баклаврын зэрэг, Японы Яманаши АУИС-д доктор, АНУ Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн сургууль дэд профессор хамгаалсан. Тэрбээр 2004 oноос “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) хэмээх Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулж ажиллаж буй нэгэн.

М.Мандхай гэх нөхрийг ч намын дарга шатрын хөлөг дээр түлхэж байна. Их Британийн Олон улсын их сургуульд бизнес, санхүү менежментээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажилтай. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрхийн төслийн зөвлөхөөр ажилладаг түүнийг “чимээгүй” кнопчдын нэг гэж намынхан нь дуу нэгтэй хэлж байна.

Ерөнхий сайдын энэ мэт жагсаалт дундуур MCS групп аймшиггүйгээр хүнээ чихсэн гэлцэж байгаа. Тэд улстөр дэх төлөөллөө шинэчилж, Д.Энхтүвшинг оруулж ирсэн нь  жагсаалтын 7-д бичигджээ. Эрх баригч намын жагсаалтын 7 гэдэг нь MCS улстөрд ямар ч байсан нэг төлөөлөлтэй байна гэсэн товч утга юм.

Тэрчлэн Харвардын гэх тодотголоороо Ерөнхий сайдтай уягддаг ч Ж.Ганбаатарын хөтөлгөө гэгддэг Б.Уянга намын нэрийн жагсаалтын 8-д бичигдсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд тэрбээр Ж.Ганбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаад тушаал дэвшсэн тул түүнийг хэн ч Ж.Ганбаатараас салгаж ойлгож чаддаггүй биз. Б.Уянга ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг Геологийн зураглал мэргэжлээр төгссөн. 2010-2016 оны хооронд Харвардын их сургуулийн Дэлхий гараг судлалын тэнхимд геологийн чиглэлээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2020.10.05-наас Үндэсний геологийн албанд дэд дарга, Ерөнхий геологич, мөн Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад сайдын зөвлөх болж, улмаар дэд сайд болсны эцэст эдүгээ Хууль тогтоох дээд байгууллагын босго алхахаар ийнхүү хүлээж байна.

Жагсаалтын 9-д багш нарын төлөөлөл болгон “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрахыг бичив. Өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр энгэрээ мялаасан тэр Л.Оюун-Эрдэнийн гал тогооноос төдий хол явахгүй нэгэн юм.

Н.Энхбаярын тухайд хүүгээ тойрогт илгээж, намын нэрийн жагсаалтад Б.Хэрлэнг багтаав. Уг нь нэр дэвшигчдийн 20-25 хувьд Н.Энхбаярын горилогчид багтахаар тохиролцсон гэдэг ч түүний цодгоруудаас төдий олон хүн жагсаалтад орж дийлээгүй бололтой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тойрогт чамлахааргүй мандаттай ч намын нэрийн жагсаалтад Л.Оюун-Эрдэнэдээ зальдуулсан байдалтай байгаа. Жагсаалтын 15-д бичигдсэн Д.Бум-Очир Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх хэдий ч Соёлын сайд Ч.Номин, генсек Д.Амарбаясгалангийн уяанаас төдий холдоогүй хэвээр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх гэх энэ эрийг Ерөнхийлөгчийн хүн гэж бүрэн тодорхойлоход учир дутагдалтай гэсэн үг.  

Жагсаалтын 20-д бичигдсэн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Ерөнхийлөгчийн хүрээлэл болох Ж.Энхбаярын “баг”-аас бичигдсэн болохоос мөн л У.Хүрэлсүхийн гал тогоонд бүрэн харьяалуулахад асуудалтай нэгэн юм. Ж.Энхбаярын туслахаар улстөрийн гараагаа эхэлж байсан түүнийг Ерөнхийлөгчийн гэхээсээ Л.Оюун-Эрдэнийн “далд кноп” гэдгийг улстөр гадарлах бүхэн хэлж байна. Хэнтий аймгийн бэр болох түүний нөхөр Д.Бат-Эрдэнийн төрсөн эгч Д.Болортунгалаг нь Монголбанкны Хэнтий аймаг дахь салбарын захирлаар ажилладаг. Харин Д.Болортунгалагийн нөхөр Ж.Ганбаатар нь Хэнтий аймгийн ЗДТГ-ын даргаар ажилладаг бол Ж.Ганбаатарын төрсөн дүү нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат гэхчлэн ах дүүсийн цуваа нь Л.Оюун-Эрдэнэтэй илүү ойр аж. Хадам бэрээрээ бүлэрхэн Сангийн яамны мөнгөн урсгал дээр сууж байсан тэднийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн “кноп” гэж итгэн жагсаалтад түлхсэн нь том алдаа болсон гэдгийг намынхан нь хэлж байгааг энд дурьдчихад илүүдсэн болохгүй биз.  

Жагсаалтын 23-т бичигдсэн Ч.Лодойравсал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх хэдий ч улстөр дэх MCS-ийн төлөөлөл гэгддэг нь үнэн. МУИС-ийн Физик электроникийн сургуулийг электроникийн инженерээр төгссөн энэ эр МCS электрониксээс ажлын гараагаа эхлүүлэн улмаар МУИС-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байгаад Ерөнхийлөгчийн дэргэд очсон нэгэн. Түүнийг асуудал тулсан үед Д.Бум-Очир, С.Мөнгөнчимэг нарын адил Ерөнхийлөгчийн тойргийн гадна үлдэх кадраар нэрлэж байна.

Жагсаалтын 16-д О.Номинчимэг, 22-т Б.Солонго, 28-д Ч.Болортуяа гэхчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүрээлэл жин дарж бичигдсэн байгаа. Тэгэхээр намын нэрийн жагсаалтад У.Хүрэлсүхийн гэх ганц ч хүн үгүй гэдэг нь энэ бололтой. Түүнд тойрогт нэлээд мандат хуваарилсан гэдэг ч үнэн чанартаа суудал аваад ирэх кандидат бараг л байхгүй юм. Тэгэхээр ирэх парламент У.Хүрэлсүхэд хаалттай, дургүйг нь хүргэвэл огцруулах бичигт бултаараа гарын үсэг зурчихаж мэдэхээр, өөрийнх нь гэж эндүүрэн түлхсэн кадрууд өвчтэй чөлөөтэйн шалтаг хэлээд мурьчихаж мэдэх эвгүй л өрөг зурагдсан байна. Гэхдээ нэрс АТГ дээр шалгагдаж буй энэ өдрүүдэд эцсийнх гэж бүрэн харахад эрт юм. Тэр хэзээд дэргэд нь байх нөхдөө элчин нэрээр гадагш зөвшөөрснөөс эхлээд бодох байж…

Орчуулах »