Коронавирусний гарал үүслийг тогтоохоор ДЭМБ-ын шинжээчдийн баг БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа. Энэхүү шинжээчдийн баг тус хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас “чухал сэжүүр” олсон хэмээн олон улсын шинжээчдийн багийн гишүүдийн нэг болох Их Британийн зоологич, “EcoHealth Alliance” төрийн бус байгууллагын дарга Питер Дасзак “Bloomberg” агентлагт мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, шинжээчид халдвар тархахад уг зах яг ямар үүрэг гүйцэтгэсэн талаар “чухал баримтууд” цуглуулсан байна. Үүнтэй холбоотой мэдээллийг хоёрдугаар сарын 10-наас өмнө нийтлэх аж. “Хүмүүс яаран явсан, тэд тоног төхөөрөмж, сав суулгаа орхиод явсан. Тэд юу болсныг нотлох баримт үлдээсэн бөгөөд энэ нь бидний харж байсан зүйл юм” гэж Дасзак хэлжээ.
“Бид мөн тэр үед мэдэхгүй байсан зүйлээ мэддэг болсон. Хүндээр өвчилсөн анхны тохиолдлууд илрэхээс өмнө өвчний шинж тэмдэггүй эсвэл зүгээр л ханиадтай хүмүүсээс ялгахад хэцүү байсан өвчтөнүүд байсан” гэж тэрбээр хэлсэн байна.