ОХУ Москвад вакцинжуулалтаа эхлүүллээ

2020-12-06
1 min read

ОХУ “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө нийслэл Москва хотын клиникүүдэд эхлүүллээ. Үүнд халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хамруулна.

Энэхүү хөтөлбөрт ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан, энэ оны наймдугаар сард бүртгэсэн “Спутник V” вакциныг ашиглаж байна.

“Спутник V”-г гарган авсан судлаачдын мэдээлснээр, вакцин 95 хувийн үр дүнтэй бөгөөд ноцтой гаж нөлөө үзүүлээгүй байна. Гэвч уг вакцины өргөн хүрээг хамарсан туршилт үргэлжилсээр байгаа юм.

Олон мянган хүн хоёр тарилгын эхнийхийг хийлгэхээр хэдийн бүртгүүлсэн боловч ОХУ хэдий хэмжээний тун вакцин үйлдвэрлэх боломжтой нь одоогоор тодорхойгүй байна.

Вакцин үйлдвэрлэгчид энэ оны эцэс гэхэд дөнгөж хоёр сая тун вакцин үйлдвэрлэх төлөвтэй байгаа ажээ.

Москва хотын захирагч Сергей Собянин энэ долоо хоногийн эхээр вакцинжуулалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх үеэрээ нийслэл хотын сургууль, эмнэлгийн байгууллага, олон нийттэй харилцах газруудад ажилладаг хүмүүст вакцин хийлгэхийг санал болгожээ.

“Вакцины хүртээмж нэмэгдэх үед хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн жагсаалтыг өргөтгөнө” гэж С.Собянин мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »