Ирэх сард хур тунадас олон жилийн дунджаас ахиу байна

2021-05-31
5 мин уншина

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30–70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°– аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол “Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн” –гийн 11–326606 утсаар холбогдох буюу тус хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс”–ээс тодруулах боломжтой.

ЗУРГААДУГААР САРЫН ХУУРАЙШЛЫН ИНДЕКС

Зураг 1–д 52 өртөөний 1981–2020 оны зургаадугаар сарын хур тунадас ба ууршцийн стандартчилсан (SPEI:Standardized Precipitation Evapotranspiration Index) хуурайшлын индексийг Торнтвэйтын аргаар тооцоолон (Thornthwaite, 1948) олон жилийн явцыг дөрвөн бүсийн хэмжээгээр дундчилан үзүүлэв.  Зураг 1–ээс харахад зургаадугаар сард 1999 оноос хойш нийт нутгаар хуурайшлын давтагдал болон эрчимшил илэрхий нэмэгдсэн, ялангуяа 2017–2020 оны хооронд хуурайшил үргэлжлэн тохиолдсон ба 2017, 2018 онд төвийн бүсээс бусад бүс нутагт хуурайшил (SPEI < -1.5) харьцангуй эрчимтэй байсан байна. Мөн түүнчлэн SPEI–ийн олон жилийн хандлагыг Манн–Keнделын аргаар үнэлэхэд бүх бүс нутгаар ялимгүй буурсан хандлага ажиглагдсан бөгөөд баруун, төвийн бүс нутагт  95%– ийн (p<0.05) статистик үнэмшилтэй байв.

Зураг 1. 1981–2020 оны зургаадугаар сарын хуурайшлын индексийн (SPEI) олон жилийн явц.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Зургаадугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг (Зурaг 2).

Зураг 2. 6–р сарын агаарын температурын ОЖД, [ 0С].

Зургаадугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байв (Зурaг 3).

Зураг 3. 6–р сарын температурын олон жилийн явц [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 40–60 мм, бусад нутгаар 21–39 мм хур тунадас ордог (Зурaг 4).

Зураг 4. 6–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 5)

Зураг 5. 6–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говиор ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас Увсын ихэнх нутаг, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн өмнөд, Өвөрхангайн зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 6), хур тунадас Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4°С-аар сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 6),  хур тунадас Хэнтийн ихэнх нутаг, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 6),  хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зураг 6. 2021 оны 6 дугаар сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, [°С]

[Д – агаарын температур ОЖД – аас дулаан, Н – агаарын температур ОЖД – ийн орчим]

Зураг 7. 2021 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, [мм]

[И – хур тунадас ОЖД – аас ахиу, Б – хур тунадас ОЖД – аас бага

 Н – хур тунадас ОЖД – ийн орчим]

Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2021 оны 6р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2021 оны 6р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2021 оны 6р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2021 оны 6р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

6 дугаар сард  нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгомжтой байхыг анхааруулж байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн үер  хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгааг анхаарна уу.

Эх сурвалж: ЦУОШГ

Орчуулах »