Халамжаас-Хөдөлмөрт ажил зуучлалын нэгдсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ

2021-11-29
1 min read

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны иргэдийг түр ажлын байраар хангахад чиглэсэн цахим үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Халамжаас-Хөдөлмөрт ажил зуучлалын нэгдсэн пэйж хуудсыг албан ёсоор нээн ажиллуулж, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн захиалга болон ажил хайгч иргэдийн мэдээллийг өдөр бүр цахимаар авч төвлөрүүлэн, холбон зуучлах үйл ажиллагааг явуулж байна. Тодруулбал, иргэд ихэвчлэн Буян захын хажуугийн валют арилжааны цэгийн дэргэд очиж цагаар, өдрөөр, хоногоор, сараар, улирлаар гэх мэт богино болон дунд хугацааны ажлыг өөр хоорондоо тохиролцон хийдэг байдлыг төрийн байгууллага төвлөрүүлэн зуучилж албажуулж байгаа аж.

Зуучилсан байгууллага, иргэдтэй ХХҮГ гэрээ хийж албажуулж иргэд богино болон дунд хугацааны ажил хийхдээ цалин хөлсөө авч чадахгүй зэрэг тухайн ажил олгогчоос шалтгаалан ямар нэг байдлаар хохирох эрсдэл гарахгүй байх баталгааг төрийн байгууллага ханган өгөх ажээ.

Халамжаас-Хөдөлмөрт пэйж хуудсанд 20 гаруй ААНБ-ын 50 гаруй түр болон байнгын ажлын байрны захиалга, зарыг байршуулсан байна. Ажил олгогчдоос ирүүлсэн захиалгын дагуу ХХҮГ-ын мэргэжилтнүүд ажилд тохирох иргэдийн мэдээллийг тухайн байгууллагад илгээж, хариуг нь бүртгүүлсэн иргэдэд фэйсбүүк чат, и-мэйл хаягаар болон холбогдох утасны дугаараар шуурхай мэдээлэх зарчмаар ажиллаж эхэлжээ.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны ажилгүй 8000 гаруй иргэн байдаг. Үүнээс бүртгэлтэй 1133 иргэн байна. ХХҮГ-аас одоогоор 574 иргэнийг байнгын болон улирлын чанартай ажлын байранд зуучилжээ. Мөн хүнсний эрхийн бичгээс түтгэлзүүлсэн 600 гаруй өрхийн хөдөлмөрийн насны 2-3 мянган иргэнийг эхнээс нь ажил, хөдөлмөрт зуучлан ажиллаж байна.

Орчуулах »