“Цэргийн ралли” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцоно

2022-07-27
1 min read

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд уг наадмын хүрээнд явагддаг “Танкийн биатлон”, “Цэргийн ралли”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” “Инженерийн томьёолол” зэрэг олон улсын уралдаан тэмцээнд манай улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид амжилттай оролцсоор ирсэн юм.

      Энэхүү наадмын хүрээнд явагддаг “Цэргийн ралли-2022” олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хоёр дахь удаагаа оролцохоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд бэлтгэлээ хангаж байна.

      Өнгөрсөн жилийн хувьд, найман улс оролцсон дээрх тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож 3 алт, 2 хүрэл медаль хүртсэн бахархам амжилтыг гаргасан талаар бид Та бүхэндээ мэдээлж байсан юм.

      ​”Цэргийн ралли-2022″ тэмцээний нэгдүгээр шат буюу “Нэг бүрийн уралдаан” Увс аймгийн Улаангом хотын нутагт 8 дугаар сарын 15-ны өдөр явагдаж эхлэх ба хоёрдугаар шат буюу “Нэхэн хөөх уралдаан”, гуравдугаар шат буюу “Багийн уралдаан”, дөрөвдүгээр шат ба “Буудлага”-ын тэмцээнүүд нь Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотноо 8 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд хоёр улс дамжин зохион байгуулагдана.

      Эл тэмцээнд урьдчилсан байдлаар Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан зэрэг орны баг тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.

​     Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид нь Зэвсэгт хүчний 011, 089, 186 дугаар ангиудаас шалгарсан шилдэг офицер, ахлагч нараас бүрдэж буй бөгөөд баг, тамирчдын бэлтгэл эрчимтэй явагдаж байгаа талаарх мэдээг ахлах дэслэгч Д.Бямбабаяр бидэнд ирүүллээ.

      “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулах “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээнд оролцох баг, тамирчид Та бүхэндээ спортын өндөр амжилтыг бэлгэдэн ерөөе.

Эх сурвалж: ЗХЖШ

Орчуулах »