Иргэд үхэж, эрх баригчид 3 хувийн хүүтэй зээлэнд овоорч байна

Сүүлийн 24 цагт коронавирусын 831 тохиолдол батлагдлаа. Улсын хэмжээнд 11651 иргэн өвчлөв. Нас баралт 4 өдөр дараалан бүртгэгдэж, 13 боллоо.

Залхтал хөл хорьж байсан хатуу хөл хорионы дэглэмүүд яагаад үр дүнгээ өгч чадсангүй. Тухайн хөл хөдөлгөөн зогсоож байсан өдрүүдэд Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс юу хийв.

Халдварын тархалт огцом нэмэгдсэн шалтгаан юу вэ

No description available.

Хамгийн сүүлд 2021.02.12-ны өдрөөс 2021.02.23-н хүртэл хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс нэг хүн хамруулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг нийслэлд зохион байгуулсан. 30 тэрбум төгрөг зарцуулсан эл үйл ажиллагааны үр дүнд халдварын хүрээ хумигдаж, иргэд цаашид амар тайван ажиллаж, амьдрах боломжтой хэмээн попорч байсан Засгийн газар, УОК-ийн ажил үргүй болов.

12 хоногийн хугацаанд нийтээрээ хатуу хөл хориог дуулгавартай мөрдөж, өндөр өртөг бүхий “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд идэвхийлэн оролцсон ч эрх баригчдын алдаатай үйл ажиллагаанаас болж 30 гаруй тэрбум төгрөг салхинд хийслээ.

Нийслэл даяараа хичээсэн эл ажлын үр дүнг эрх баригч нам өөрөө баллуурдсан гэхэд тэгтлээ буруудахгүй.

Тэд 100-н жилийн ойгоо тэмдэглэхийн тулд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ үр дүнгээ өгч, халдварыг бүрэн хумисан мэт ойлголтыг төрүүлж хөл хориог огцом задгайруулсан нь үнэн юм. Хоёр жил золголт хийлгүй хөл хоригдож байсан иргэд МАН 100 жилээ сүр жавхлантай тэмдэглэмэгц даган хөөрцөглөж айл хэсэн золголт хийж, үзвэр үйлчилгээ хэсэн жүжиг, кинонд бөөгнөрч алийгаа алдсан.

100-н жилийн ойн арга хэмжээнд оролцсон оролцогчдоос халдвар илэрсэн ч чимээгүй дараад өнгөрсөн нь одоо нууц биш болсон.

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УИХ-ын сонгуулийн үеэр хөл хорио тогтооно гэсэн атлаа эсрэгээрээ нэр дэвшигч, ухуулагч, сурталчилгааны багийнхан бөөгнөрч, тэврэлдэж, замбааргүй байдал үүсгэсэн. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд хиймэл тайвширлыг бий болгосон. Улмаар орон нутгийн сонгуулиар хөл хориог хатуу тогтоох ёстой байсан ч үл тоон эцэст нь өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал руу хөл алдчихлаа. Халдварын тархалт нэмэгдсэн нь буруу зохион байгуулсан дээрх арга хэмжээний хор уршиг” хэмээн шүүмжлээд байгаа.

Үнэхээр ч олон нийтэд төөрөгдөл, тайвшралыг удаа дараа бий болгочихоод эргээд иргэдэд бурууг нялзааж суугаа МАН-ын удирдаж буй Засгийн газар, гэдсэндээ хөлөө жийлцсэн УОК, НОК-ийн утга учиргүй шийдвэрүүдээс болж өдгөө халдвар 800 гаруй тохиолдлоор нэмэгдэн нас баралт 13+4 болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлж эхэллээ.

Харамсалтай нь ямар ч туршлага мэдлэггүй, боловсрол даанч нимгэн нөхдөөр танхимаа бүрдүүлсэн Засгийн газар, УОК-ын зүгээс юу ч хийж чадахгүй, арчаагүй байдалд 10 хонолоо.

Тэд еэвэнгийн нэг талыг ярьж, эдийн засаг хэмээх үгээр халхавчлан сонгууль угтсан улстөржилтөө хийсээр. Иргэдийнх нь эрүүл мэнд эрсдэлд ороод байхад эдийн засгийн нөхцөл ярьсаар “Ажлын байрыг дэмжих” нэрт 3 хувийн хүүтэй зээл хүчээр гаргав.

Харамсалтай нь Зорилтот бүлэг зээлд хамрагдаж чадаагүй бөгөөд том аж ахуйн нэгжүүд, мөнөөх ЖДҮ-чид нэр, зүсээ хувирган халаасалж байна. ЖДҮ-гийн хоёр дахь давалгаа гэж нэрлэсэн ч хилсдэхгүй боллоо.  

Ядаж байхад Засгийн газар, УОК-ын шийдвэр Нийслэлийн онцгой комисс буюу хэрэгжүүлэх шатандаа үргэлж өөрчлөгддөг хэвээрээ. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн амралтын өдрүүдэд зах, худалдааны төв ажиллахгүй гэх шийдвэр хотын дарга Д.Сумъяабазарын ширээн дээр очоод өөрчлөгдчихсөн.

Ийм л арчаагүй эрх баригчдын шийдвэр дунд иргэдийн эрүүл мэнд хутганы ирэн дээр ирчихээд сүүлийн 4 хоног нас баралт тасарсангүй.

Орчуулах »