Хамар дор чинь халаасны мөнгөө босгоод байгаа юм биш биз, Н.Номтойбаяр аа, Лу.Гантөмөр өө!!!

Малчид Д.Амарбаясгалангийн зальд унах нь хэмээн АН-ын гишүүд цухалдаж байна. Тэд малчдад олгох 50 сая төгрөгийн зээл үнэн хэрэгтээ Д.Амарбаясгалангийн босгож буй сонгуулийн зардал хэмээн хардаж буйгаа нуухгүй байна.

Зуд болоход ноход зоолохын үлгэрээр өнгөрөгч өвлийн зудны чимээнээр тойрогтоо очихоос халгаж явсан эрх баригчид сүр бадруулан давхилдацгаасныг бид мэднэ. Тэр дундаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан бараг л ирэхгүй нь үү гэмээр болтол Говь-Алтай аймгийг тойглож, тэнд өвөлжсөн. Засгийн газрын нэрээр ажил хийж яваа сайд гэхэд баруун аймгаас, Говь-Алтай Завханаас алхам ч холдоогүй нь түүнийг сонгуулийн далд сурталчилгаагаа хийж явсан гэх хангалттай нотолгоо болох биз. Хүнд хэцүү энэ өдрүүдэд тэр өөр аль ч аймаг сумдаар ороогүй байх тул хийморьтойхон шиг өрсөлдөгчдөд хөнгөхөөн сайхан бэлэн зуушийг өөрийн гараар бэлдээд өгчихсөн байгаа юм.

Улмаар нийслэлд хөл тавьмагцаа гурил, малчин гэх хоёр сэдвээс өөрийг мэдэхээ больсон.

Энэ нь хотоо харлуулсан малчдын сэтгэл зүй дээр дөрөөлсөн хөгийн улстөр хийгдэж байна гэхээс өөрөөр харагдахгүй байгаа нь үнэн. Ямартаа нүүрс гэхээр гурил ярилаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр намын генсекийнхээ өмнөөс халаглаж байхав дээ.

Гурил үйлдвэрлэгчид рүү довтолж, малын хивэг тэжээлийг үнэгүй шахам олгуулж, гурилын үнийг бууруулна хэмээн гэнэт тодорсон “маарамба” маань өнгөрөгч сараас эхлээд малчдад 5-8 сая төгрөгийн зээл олгох тухай ч ярьж эхэлсэн. Тухайн үед 20 гаруй сая мал хорогдож, малчид амьжиргааны эх үүсвэрээ алдсан байсан нь түүний хувьд аманд орсон шар тос л болсон биз.

Тиймээс “20 сая мал хорогдвол 20 мянга орчим малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэлтэй. Малгүй болох ч нөхцөл үүснэ. Тиймээс малжуулах хөтөлбөрийг хоёр хэлбэрээр хэрэгжүүлэхээр боллоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 107 тэрбум төгрөгийн хөрөнгөнөөс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийг урт хугацаатай, хүүгүй олгоно. Хоёрдугаарт, бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд Мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ бол НЭГ УДААГИЙН шинжтэй хууль” хэмээн ярьж эхэлсэн.

Гэхдээ тэрбээр хуулийн төслийг өргөн барихдаа 5-8 сая төгрөг бус малчдыг “хоршоолж” багцлаад 50 сая төгрөгийн зээл олгохоор оруулж ирсэн нь АНХААРАЛ татаж байгаа юм.

Түүнийг зээлээ ярьснаас 7 хоногийн дараагаас Л.Оюун-Эрдэнийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг арилжааны телевизүүдээр даамсагны реклам шиг цацагдаж, түүнээс төд удалгүй Засгийн газрын хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэнийг Д.Амарбаясгалан баяр хөөртэйгээр мэдэгдсэн нь өгөө авааны тохироо шиг үнэмшил муутай харагдаж байв. 

Ийм шуурхай танхим нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцсэн сонсголоос гарсан УИХ-ын тогтоолыг өнөө хэр хэрэгжүүлээгүй байгаа. Хулгайчидтай тэмцэнэ, ална хядна гэсэн Ерөнхий сайдтай танхим атлаа шүү дээ.

Миний эрх мэдэл хүрэхгүй, том хүчний эсрэг ганцаар зогсч байна гэж эрх баригч намын дарга, Ерөнхий сайд нааш харан уйлагнах хэрнээ үнэн хэрэгтээ Хууль тогтоох дээд байгууллагаас ч өндөр эрх мэдэлтэй байгаагаа харуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын “автор”-той хуулийг гэрлийн хурдаар батлуулчихыг бид харлаа.

Д.Амарбаясгалангийн гэх хуулийн төслийг өргөн барьснаас нь ердөө 7 хоногийн дараа УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, хоёр хоногийн дотор УИХ-ын чуулганаар баталчихаж байгаа нь ихэд сэжиг бүхий.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Өглөө босоод ирэхэд нэг шинэ хуулийн төсөл ороод ирчих юм. Ямар ч хурдан төсөл болгочихдог юм, сүүлийн найман жил энэ асуудлыг ярьсан атал сонгууль болохоос гуравхан сарын өмнө ингэж малчдыг хуурч, шилний цаанаас чихэр долоолгож болохгүй. Энэ хуульд малчдад хэрэгтэй юм огт алга. Бүр улам дарамталсан байна. Болохгүй зүйлээ хүн рүү чихдэг, хууль руу бухдаг байсан одоо бүр уур амьсгалын өөрчлөлт рүү чихэх гэж оролдож байна. Малчдад бол хууль батлаад өг гэж гуйгаад байгаа зүйл байхгүй шүү” хэмээн хий орилоод л үлдэв.

Үнэндээ энэхүү НЭГ УДААГИЙН хуульд малчдад хэрэгтэй юм огт байхгүй нь үнэн.

Нүд ирмэх зуурт батлагдсан хуулиар малчдын авсан байгаа зээлийн эргэн төлөлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, зээлийн хүүгийн хуримтлалын 75 хувийг төр даахаар болсон. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж, хоршоонд сайн дураар нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах эрхтэй болж байгаа. Хуулийн төслийг дагаж гарах журмыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, олон нийтэд танилцуулна хэмээн хормогчтой сайд мэдээлсэн.

Хуучны нэгдэлжих хөдөлгөөн Д.Амарбаясгалангийн үед хоршоо болон хэрэгжинэ гэсэн үг.

Сайн дураараа нэгдсэн малчин өрхүүд “хоршоолж” 50 сая төгрөгийн зээл авна гэх хэдий ч үнэндээ хөнгөлөлттэй зээл бүхэн эзэддээ хүрээгүйг Хөгжлийн банк, Боловсролын зээл, тусгай сангууд бидэнд харуулсан. Тэгэхээр энэ зээл ч малчдадаа хүрсэн эсэхийг хянах боломжгүйгээр дашийн шог болох нь гэдгийг сөрөг хүчнүүд хэлж байна. Цаашлаад байгалийн давагдашгүй хүчин зүйлээс боллоо хэмээгээд эргэн төлөгдөх ч үгүйгээр эрх баригчдын сонгуульдаа зарцуулах НЭГ УДААГИЙН халаасны мөнгө болох нь гэж байгаа юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр олон ч хүн энэ талаар хэлсэн.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Цаасан дээр бичээд тайлбарлах амархан. Бодит амьдрал дээр өөр. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хоршооны гишүүнд өгнө гэж заасан хэрнээ өнөөдрийг хүртэл хэн ч авч чаддаггүй. Хоёр жилийн туршлагатай гишүүнд өгнө гээд заачихсан. Одоо дээрээс нь 200 малтай хүн 30 сая төгрөгийн зээл авах юм бол үүнийг заавал хоршооны гишүүн болгож яах гээд байгаа юм. Өөрсдөө аваад юмаа хийг. 9000 менежер олдохгүй. Хадгаламж зээлийн араас оров доо. Зээл гээд зүгээр мөнгө тараах гээд байх юм. Менежерүүд байхгүй хоршоо гэж байхгүй. Сайн байх хэрэгтэй. Бүтээнэ хийнэ гээд олон асуудал байна шүү” гэхэд Д.Амарбаясгалан “Та малчдыг чадваргүй мэдлэггүй гэж байна. Мал дээр байгаа малчдын монгол ухаан таниас биднээс илүү шүү… Би харин энэ үгний чинь төлөө таны тойрог дээр очоод малчидтайгаа нийлээд жагсана шүү” хэмээн ам хаасан.

Д.Амарбаясгалан “Хуулийн хүрээнд зээлийн батлан даалтын сан малчдын зээлийн 80 хувьд баталгаа гаргах хүрээнд дагаж үүснэ. Гэхдээ малчид 20 хувийн барьцаагаа өөрсдөө хариуцна. Хангалттай барьцаа хөрөнгөгүй малчид 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг Зээлийн батлан даалтын сангийн 100 хувийн баталгаатайгаар авах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тухайлбал, хууль батлагдаж хөтөлбөр хэрэгжсэнээр 200 толгой малтай малчин өрх Зээлийн батлан даалтын сангаас 30 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Гол нь зээл авах малчин өрхүүд хоршоо хэлбэрээр ажиллах ёстой” гэхчлэнгээр зээлээ тайлбарлах аядаж байгаа. Эл хөтөлбөрт шаардагдах нийт санхүүжилт нь 5 их наяд төгрөг гэх тооцоог тэд одоогоор хийчихээд байгаа юм.

Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Цаг агаарын хүндрэл гэхээсээ малчдад зориулсан арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүйнхээ балгийг хуулиар халхавчлан хариуцлагаас мултрах, цаашлаад малчдад зориулсан зээл гэх гоё нэрийн дор сонгуулийн мөнгөө босгож байна уу гэх хардлага дагуулсан ажлыг ийнхүү хам хум эхлүүлэв.

Үхрийг 13.5 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлж, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсөвтөө малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөхөөр суулгачихсан байгаа эрх баригчид энэ удаад малчдын зээлийг жилээр хойшлуулж, хуримтлагдсан хүүг нь татвар төлөгчдөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоо нэмээд 5 их наядын зээл олгоно гэнэ.

Тэгэхээр 55.3 мянган малчны саналыг авах “алсын хараа”-тайгаар хийгдэж, урсгахаар зэхчихээд буй энэ их мөнгөний дусал бүрт өрсөлдөгчид нь, сөрөг хүчнүүдийн зүгээс хяналт тавьж эхлэхгүй бол малчин нэрийн дор зардлаа босгож, өмнөөс чинь мөнгөн бороо асгаад байж мэдэхээр л харагдаж буйг нуух юун.

Орчуулах »