Ирак, Сири, Йемений иргэдийг Минск руу тээвэрлэхгүй

2021-11-12
1 min read

Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines” компани Ирак, Сири, Йемений иргэдийг Минск руу нисэх онгоцондоо суулгахгүй гэж амласан байна. Энэ тухай Польшийн Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч Якуб Кумох мэдэгджээ.

“”Turkish Airlines” компани дипломат паспорттай иргэдээс бусад Ирак, Сири, Йемений иргэдийг Минск руу тээвэрлэхгүй гэдгээ баталсан” гэж тэрбээр хэлээд хэлэлцээнд оролцсон бүх хүнд талархал илэрхийлсэн байна.

Европын Холбооны /ЕХ/ нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд Беларусийн эрх баригчид дараа нь ЕХ-ны хил рүү илгээх зорилгоор Ойрхи Дорнодын орнуудаас цагаачдыг санаатайгаар татаж байна гэж Польшийн эрх баригчид үзэж байгаа аж. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий өмнө нь тус улсын хил дээр үүссэн цагаачлалын хямралыг шийдвэрлэх арга хэмжээний талаар дурдахдаа агаарын тээврийн компаниудад тэр дундаа Беларусийн компаниудад нэмэлт хориг арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгджээ.

Польшийн албаны тооцоолсноор, одоо Беларусьт 15 мянга хүртэлх тооны цагаач байж магадгүй бөгөөд тэдний 2-4 мянга нь Польшийн хилийн ойролцоо төвлөрчээ. Он гарснаас хойш Польшийн хилчид хууль бусаар хил нэвтрэх гэсэн 33 мянга орчим оролдлогыг таслан зогсоосон байна. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »