Эрх баригч намын даргын байр суурь эргэлзээ төрүүлээд эхэллээ

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа зарим гишүүнээс тойргийг нь сугалж, Х.Баттулгын багт хүчтэй өрсөлдөгчдийг нь зайлуулж өгөхөөр тохиролцсон гол бүс хэмээн найман мандат бүхий Булган, Орхон, Хөвсгөл аймгийг нэгтгэсэн дөрөвдүгээр тойргийг нэрлэх болсоор удав.

Эрдэнэтийн 49 хувиар залхтал шоудсан тэрбээр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс мандатыг нь суйлах санаархал тээж явааг эх сурвалжууд хэлж байна.

Н.Багабандийн хэтэвч гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгааг уншигчид санаж буй биз. Гурван ч шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр өнгөрсөн сард буцаасан. Шүүхээс Ц.Анандбазарыг алх цохин яллаагүй ч нам нь хэдийнэ гишүүнчлэлээсээ хасчихсан. Гэхдээ түүний оронд Н.Багабандийн нөлөөгөөр Эрдэнэт үйлдвэрийн “эзэгтэй”-н үүргийг олон жил гүйцэтгэж ирсэн Д.Үүрийнтуяа горилно.

Тэтгэврийн насаа халгитал суусан Х.Бадамсүрэнг 2022.07.06-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс металлын группийн даргаар томилсон ч Эрдэнэт үйлдвэр дэх эрх мэдлээ Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяадаа аль хэдийнэ жимбийтэл шилжүүлчихсэн байсан гэдэг.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК руу буурь сэлгэхээс 14 хоногийн өмнө буюу 2022.06.22-нд тушаал гарган тухайн оныг дуусах хүртэлх хугацаагаар Д.Үүрийнтуяад нэгдүгээр гарын үсэг зурах, Худалдан авалт хийх, мөнгөн урсгал, төлбөрийн жагсаалт гэхчлэн гол санхүүгийн бүх эрхийг шилжүүлчихсэн байсан гэж байгаа.

Хувийнхаа компанийн эрх үүргийг шилжүүлж буй мэт ингэтэл дураар авирлаж ирсэн өвгөн, хүүхэн хоёр өдгөө Хууль тогтоох дээд байгууллагад нэгнээ зүтгүүлж суугаа нь ой гутам. Д.Үүрийнтуяа өмнө нь ажиллаж байсан Сод Монгол компаниас 85 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн, нөхөр болох Д.Тамир нь Эрдэнэт үйлдвэрийн инженерийн зураг төсвийн төвийн захирлаар ажилладаг бөгөөд нөхрийнхөө оруулж ирсэн төсвийг элдэв үггүй баталдаг гэхчлэн түүнийг тойрсон хэл ам даанч их.

УИХ-ын гишүүн Д.Батлут мөн хүсэлтээ намдаа хүргүүлчихсэн байгаа. Төрийн ордонд төвхнөснөөс өөр гавьяагүй энэ эр харин ч гай тарингаа алдсан гэхэд хатуудсан болохгүй. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, хугацаандаа төлөөгүй торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр заасан нь иргэдээс өндөг шидүүлэхдээ тулсан тэнэглэл нь байв. Амьдрал ахуй нь өдрөөс өдөрт доройтож буй иргэдээ Зөрчлийн хуулиар яавал шийтгүүлчихгүй байхав гэж тархиа гашилгахын оронд төлөөгүй торгуулийг даблдаж төлүүлэх, эс бөгөөс хоригдол болгочин алдсан байж ямар нүүрээрээ дахин горилж ч яваа юм. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай нэлээд ойр гэгддэг тэрбээр ам нээвэл хуулийн байгууллагынхны хараанд өртөх эрсдэлтэй нэгэн тул сураг алдарч, Төрийн ордон дахь амьгүй албатуудын нэг болсон гэж байгаа.  

Эл тойрогт Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ч гороолох түмэн хүсэлтэй. Эртнээс Эрдэнэтийг усалж, тойглож ирсэн түнийг эл тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг намын генсек Д.Амарбаясгалангийн хүчээр зайлуулж дөнгөсөн “хүн муутай эр” хэмээн намынхан нь ил далд хэлэлцэх нь анхаарал татам. Өрсөлдөгчөө зайлуулсны дараа Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажлыг зохион байгуулах нэрээр тус аймгийн идэш уушийн газраар нэлээдгүй явж, зүслэгдэхийг хичээсэн гэлцэж байгааг жич судлахад гэмгүй л санагдана.

Агентлагийн даргаас сайдын суудал руу крандуулсан түүнийг худ ургийнхных нь бизнестэй нягт холбоотой Сү.Батболдын дэмжлэг энэ хүртэл чирч яваа гэдэг. Гэвч үүнээ нуун, хаа явсан газартаа би У.Хүрэлсүхийн хүн шүү, У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан нарыг Хөвсгөл нуурын эрэгт хамтад нь амраасан сэргэлэн толгой гэх мессэжийг ичгүүр сонжуургүй түгээдэг гэж байгаа.

Энэ мэт бүлэглэлүүдийн арын халаас мэт нөхөдтэй сахал хочит Ж.Бат-Эрдэнэ өрсөлдөнө. У.Хүрэлсүхийн талд кноп дарж, ЖДҮХС-гаас шагнал хүртсэн гэх 49 гишүүний нэг. Өмнөх сонгуулиар үстэй цээж, нялхамссан бүсгүй хоёроор имиж бүрдүүлэлтээ хийж байсан сахалт кандидат энэ удаад хормогч өмсөж, хоол хийж буйгаа цахим хуудаснаа нийтэлсэн нь гал тогоо, гоё бүсгүй хоёроос салж чадахгүй л яваа нөхөр гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Тэднээс гадна энэ тойрогт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэн горилж яваа.

Харин АН-аас МАНАН-гийн схемийн зургийг ярьсаар яваа Н.Алтанхуяг тэргүүлэн орж ирнэ гэх тооцоолол байсан ч мань эр намынхаа штабыг ахлаад, нэрийн жагсаалтад нэгээр биш гэхэд хоёроор орчихъё жонгинож суугаа дуулдав. Ерөнхий сайдынх нь суудлаас Ц.Элбэгдорж хүч хавсран унагаасан гэх гомдол, хорслоо өдгөө ч илэрхийлсээр явдаг тэрбээр 2020 онд бие даан ялалт байгуулсан бол энэ удаад хуучин бууриа бараадсан.

Х.Баттулгын баруун суганд хавчуулагдсан шар дээлт С.Ганбаатар мөн эл бүсэд нэр дэвшихээр зэхэж байгаа. Босоо Ганбаа Х.Баттулгын “хэвтүүл” болсон цагаас хойш ярих суух ганц ч сэдэвгүй болсныг олон нийт анзаарч буй биз.

Түүнтэй хамт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбаттай хэтэвч нэг гэх МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан О.Амартүвшин өрсөлдөх хүсэлтээ өгсөн мэдээлэл бий. 2016 онд Булган аймагт нэр дэвшиж ялагдал хүлээсэн түүнийг мөн л Х.Баттулгын “хэвтүүл” гэлцдэг бөгөөд чацарганы бизнесээс гадна барилгын салбарт хүч үзэж, Зайсан болон Жаргалантын амыг хаусжуулсан хөрөнгөтөн гэдгээр олон нийт мэдэх биз.

АН-ын гуншинтай ч МАН-ын гишүүнтэй халаас нэг гэх Г.Мөнгөнхуягийн нэр бас бий. 10 хувийн хочит Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй дундаа нэг хэтэвч хэрэглэдэг гэгдэтлээ анхааралд орсон түүнийг ИТХ-ын дарга болсноос нь хойш өөрийн болон гэр бүлийнх нь орлого орон орноор нэмэгдсэн байгааг Хөрөнгө орлогын мэдүүлгээс  нь харж болно. Энэ нөхөр мөн л Х.Баттулгын хараа бараанаас холдохгүй гэж байгаа.

Тэрчлэн Х.Баттулгын далбаан дор дэвэх өөр нэг кадраар Д.Өсөхбаярыг нэрлэдэг. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэрбээр Орхон аймгийн МоАХ-ын тэргүүн гэх давхар гуншинтай. Жүдо, самбо бөхийн тамирчин, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Орхон аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан намтартай. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон тэрбээр энэ удаад дахин гарч ирэх нь.

Ер нь Төмөр замаас гадна нүүрсний хэрэгт нэр холбогдсон Х.Баттулга энэ удаагийн сонгуульд далайцтай баг бүрдүүлсэн байгааг хангалттай харж болохоор байна.

Тэдний дунд бөхийн дэвжээнээс Засаг ноён болтол дэвшсэн Б.Ариун-Эрдэнэ орж ирж. Аймгийн арслан, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн улстөрийн замналыг Х.Баттулгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнийг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхад дэдээр нь, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болоход Эрдэнэт үйдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн зөвлөхөөр, Төрийн тэргүүний тамга гардсаны нь дараа төрийн өмчит Монголросцветмет нэгдлийн харьяа Шижир алт ХХК-ийн гүйцэтгэх захирал болж, улмаар 2020 онд Булган аймгийн Засаг ноён болж байсан бол энэ удаад төрийн түшээ болохоор гориллоо. Тэрбумаар үнэлэгдэх үл хөрөнгөтэй мань эрийн энэ хүртэл ирсэн замын нь бартаа тээг болсон сахал хочит Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нарын карьерийг #METOO гэх ганц хөдөлгөөнөөр дуусгаж өгсөн гэх там тум шуум ч байдаг.

Жүдоч С.Гал-Эрдэнэ ч энэ удаагийн сонгуульд Х.Баттулгын нэр дээр уралдахаар бүртгүүлсэн бололтой. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч түүнийг олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Энхбат агсан нарын зодооны хэргээр олон нийт таних болсон гэхэд ташаарсан болохгүй. Сейфэндээ 10 тэрбум төгрөг хадгалж байсан С.Батдөлийн хэрэгт ч С.Гал-Эрдэнийн нэр дурьдагдаад өнгөрсөн. 2020 оны сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон түүнтэй хамт АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Чинбат, Х.Эрдэнэбаатар, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганболд, Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгалан нарын нэрс яваа ч эл тойргийн өнгө мөн л МоАХ-чуудад очиж мэдэхээр байгаа юм.

Ингээд харахаар эрх баригч намын дарга хэнд үйлчлээд байна вэ гэх асуултыг эрхгүй бий болгож байна. Түүний хүсэл намын ялалтад гэхээс илүү бүлэглэлийн ялалтад илүүтэй ач холбогдол өгөөд байгаа юм биш байгаа?!

Орчуулах »