Засгийн газар уучлал гуйж байхад хотын мээр ТАГ, тэр хүн мөн үү?!

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн хөл хориог сулруулахаар болсноос гадна төрийн албадын уялдаа холбоо, зохион байгуулалтын алдаанаас хүний амь эрсдсэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйв.

Харин хамгийн том буруутан Нийслэлийн онцгой комисс, Комиссийн дарга Д.Сумьяабазар таг…

Нийслэлийн онцгой комиссын буруутай үйл ажиллагаанаас болж хот руу орж чадалгүй бүхэл бүтэн 10 цаг амь гуйсаар нэг маань бурхан маань боллоо.

Бадарчин явсан газар балагтай гэгчээр хотын мээр, эрхэм Д.Сумьяабазар таныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Заамар суманд осол гарч, дөрвийн дөрвөн хүний амь эрсдэж байв. Хариуцлагагүй компанийн уршгаар хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг явдал салбарт нь болсоор атал тэр хариуцлага хүлээгээгүй, хүлээлгээгүй. Уурхайчид ажил хаяж, салбарын сайдыг огцрохыг шаардсан өдрүүдийг бид мартаагүй байна. Гэсэн ч тэр мөсөн зүрхтэй юм. Гүлдийтэл зүтгэсээр бүрэн эрхээ дуусгаж, УИХ-ын сул гишүүний сулбагар суудлаас татгалзан байж хотын сан хөмрөг дээр сандайлсан. 

Харамсалтай нь аархуу, баярхуу хотын дарга таны балгаар нийслэлчүүд эргүү төлөг шиг төөрөлдөж, эргэж буцсан шийдвэрийг тань ойлгож ядан зүдэрч, эцэстээ хүний халуун амиар хатуу анхааруулга өгөгдлөө.

Гэтэл эрхэм захирагч гуай эмгэнэл илэрхийлж, уучлал гуйх ч чадваргүй хүйтэн нэгэн юм. Эрсдэлтэй, эмгэнэлтэй энэ өдрүүдэд хүн халж, хоолны мөнгөнөөс нь салгаж суугаа хотын даргаасаа айж байна. Удахгүй хүйтний эрч чангарч 9 эхэлнэ. Улаанбаатар утаатайгаа зууралдаж эхэлнэ. Нийслэлийн агаарын бохирдлын эх уурхай тээврийн хэрэгслүүд тэг зогсолт шахам хийчихсэн энэ өдрүүдэд нийслэл утаанд униартчихсан байгаа нь Нийслэлийн Засаг дарга үндсэн ажилдаа ч хуруу дүрээгүй байгаагийн илрэл юм.

Орчуулах »