Их Британид анх бүртгэгдсэн коронавирусний шинэ хувилбар 50 оронд илэрчээ

2021-01-13
1 min read

Их Британид анх илэрсэн коронавирусний “B117” хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 50 улс оронд болон Хонконг, Тайваньд илэрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

Уг хувилбар бусад төрлөөсөө илүү хурдан халдварладаг боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгаа аж.

ДЭМБ-ын мэдээлснээр, “B117” хувилбар 2020 оны 12 дугаар сарын 14-нд анх илэрснээсээ хойш 50 улс оронд, тодруулбал ДЭМБ-ын зургаан бүс нутгийн тавд илэрсэн байна.

Мөн Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбар 20 оронд бүртгэгдээд байгааг ДЭМБ мэдээлжээ.

“Вирусууд байнга өөрчлөгдөж байдаг тул шинэ хувилбарууд гарч ирэх нь тодорхой байна. Зарим мутаци вируст огт нөлөөлдөггүй байхад зарим нь сөргөөр нөлөөлж, цөөнх нь “давуу тал” бий болгодог” гэж ДЭМБ мэдэгджээ.

Орчуулах »