Ерөнхий сайдад нэрлэгдсэн Л.Оюун-Эрдэнэ хэний “тавиул” вэ

-Түүний танхимд бүх фракцийн төлөөлөл орж ирнэ-

Улс төрд богино хугацаанд суудлаа олж, чамлахааргүй хэмжээнд өгсч яваа амжилт нь У.Хүрэлсүхийнх. Сүүлд эцэг нэгтэй ахыгаа олсноор Ерөнхийлөгч Х.Баттулгын “хүн” гэгдэж, өнөөг хүртэл тэлээ хурга шиг тэнхлүүн яваа. Эхний сонгуулиараа парламентын гишүүн болж, удалгүй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болно гэдэг хүссэнд олддог завшаан биш.

Хэн нэгний дэмжлэггүй бол зүүд төдий үлдэх зам мөр…

Дундаа нэг “хурга” хөхүүлж байгаа хоньдоор бодвол У.Хүрэлсүх, Х.Баттулга нар холбоотой ч юм шиг. Гэхдээ үнэндээ “хурга” өөрөө л хоёр “эх”-ийг очиж хөхөөд байгаа болохоос нөгөө хоёр нь ч гүйж хүрээд байгаа юм бас харагдахгүй байгаа.

Ямартаа У.Хүрэлсүх огцрохын өмнө Ерөнхийлөгчид хандан нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэдгээ хэлсэн. Сул гишүүн болж байгаад баахан “чулуу” нүүлгэх юм байх. Үнэхээр үгэн “мөндөр” шаагиад ороод ирвэл эрхэм женко чимээгүй суух нэгэн биш.

2018 онд Л.Оюун-Эрдэнэ намын Бага хурлынхаа үеэр Х.Баттулга ял наймаалцаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хэмээн мэдэгдэж байсан ч энэ нь “Х.Баттулгын хүн” гэгдсэн пайзнаасаа салах гэсэн тоглолт байсан гэдэг. Ингэж хэлэх сценарийг ах Херо нь Женкотой нийлж бичсэн ч гэлцдэг.

Гэхдээ тэгтэл дулдуйдаж, долоох нь халаг явсан М.Энхболд даргыгаа өөрийн эрх ашгийн төлөө “халуун тогоо” руу шидэж, дэвсэлсэн түүний амнаас хэзээ нэг өдөр энэ зэргийн үг жинхэнээсээ унахад тэгтэл цочирдом явдал болохгүй гэдгийг олон түмнээр мэдэх болсон.

Ямартаа ч тэр цагаас У.Хүрэлсүх Х.Баттулга нарын харилцаанд сэв суусан ч нааш харж инээн, цааш харж хэмлэлдэж яваа гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Л.Оюун-Эрдэнийн хувьд У.Хүрэлсүхээс нүүр буруулж төдийлөн чадахгүй. Тиймдээ ч Засгийн газрын Хэвлэлийн албыг нэг ч хүн хөндөлгүйгээр “өвлөн” авахаар болсон. Тэглээ гээд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч шиг ажиллахад хэцүү. Басхүү ахынхаа дадлаар, хар пиарын нь жимээр шогшвол түүний Засгийн газар тэгтэл удаан оршихгүй.

Тааварлахын аргагүй харилцаа, улстөрийн нүүдэл дунд тэр ахтайгаа хамтдаа аль нэг талыг золионд гарган жор хутгах шаардлага үүсэх нь үүссэн. Түүнд У.Хүрэлсүх ч, Х.Баттулга ч тэгтэл итгэхгүй байгаа. Хөшигний ар дахь эл маапааныг түр орхиод одоогийн асуудалд анхаарал тавиад үзье.

Л.Оюун-Эрдэнийн кабинетын бүрэлдэхүүн. Их, багагүй сайд болохын дон шүглэж, Тусгаар тогтнолын ордон хөлд дарагдаад хэд хонолоо. Хуучуул үлдэх, завсар гарвал өөр бусад шургалчих санаатай нэгийг муулж, нөгөөг дэвсэлсэн үзэшгүй муухай тэмцэл сошиал орчинд үргэлжилсээр байна.

Огцорч байгаа Засгийн арвыг У.Хүрэлсүх, дөрвийг Х.Баттулга, хоёрыг Д.Амарбаясгалан нэрлэж байсан. У.Хүрэлсүхэд оногдсон 10 нь нам доторх фракциудын квот байдлаар орж байв.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн квотдоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд С.Чулуун, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг оруулж ирсэн. Тэгэхээр шинэ Ерөнхий сайд яалт ч үгүй МУ-ын Ерөнхийлөгчийн багцын, халаасны хүн болж таараад байгаа юм.

“Херо” Баатарын нэр дээр төрийн бус байгууллага байгуулж, тахалд нэрвэгдсэн түмнээсээ хүүхдийн нэр барьж хандив цуглуулж өгсөн Соёлын сайд үүргээ биелүүлсэн бололтой, тэрбээр шинэ байгуулагдах засгаас мултарч байгаа.

Ерөнхийлөгчийн квотыг цөөрүүлж, Х.Нямбаатар, Г.Сайханбаяр хоёрыг үлдээж байгаа гэх боловч хүссэн хүсээгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь женкогийн багцад хамаатуулан тоолж л таарах байх.

Төрийн тэргүүн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг амралтын өдрүүдэд ширээнийхээ нүдэнд байлгасан нь Ерөнхий сайдыг зөвшөөрөхгүй гэсэндээ биш квотоо нэмэгдүүлэх оролдлого байсан гэдэг нь нууц биш болов.

Намын генсэкийн багц дахь нэр дэвшигчдийг хөндөхгүй. Тиймээс Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа нар улиран ажиллах аж.

Бусад сайдын хувьд эргэлзээтэй болж тэдний суудалд фракц хоорондын тэмцэл өрнөж байна. Сү-гийн талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг, Сангийн сайдтай авахаар ярьж Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар нар нэрлэжээ.

Харин Зүүний хүчний холбоо С.Амарсайхан, Д.Сарангэрэл хоёрыг зүтгүүлж байгаа бол хотын фракц Л.Энх-Амгалан, Н.Энхболд нарыг багтаачих суудал хайж байна. Яван явсаар Архангайнхан гэх шинэ фракц үүсч, тэд энэ удаагийн томилгоонд чамгүй суудал зулгаах тохироо хийжээ. Энэ хүрээнд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар орж ирнэ.

Үндсэн хуульд заасны дагуу 4 сайд давхар дээлтэй байх боломжтой. Тиймээс энэ олон горилогчдын дийлэнх нь жийгдэж, ордны гаднаас шинэ хүмүүс мэр сэр нэрлэгдээд байгаа юм. Хуучин багийг улираана гэх мэдээлэл байгаа ч өмнөх танхимд багтаагүй байсан фракциуд энэ удаад зайлшгүй орох тул эл мэдээлэл хоосон горьдлого төдий зүйл гэдгийг эрх баригч намынхан хэлж байна.

…УИХ дахь АН-ын бүлгээс Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ энэ нь хүний намын өмнө тээг хийх байтугай өөрийн намын тамгаа ч олж авч чадаагүй яваа тэдний хувьд ёс төдий эсэргүүцэл юм. Тиймээс гүн худгийн ёроол руу шидсэн жижиг чулуу мэт шолхийх ч чимээ өгч чадахгүй нь үнэн…

Орчуулах »