Sponsored

-Ардчилсан намын залуус хаана байна вэ-

Монголын улс төрийн том хүчний нэг гэгдэх Ардчилсан намын дотоод зодоон хэрээс хэтэрлээ. Намын гишүүд нь тархиа бус даргаа даган хуваагдаж, бага хаадын үе шиг боллоо. Чоно орсон хонин сүрэг мэт хэд гурваараа энэ тэнд яахаа мэдэхгүй бутарлаа. 

Ардчилсан намд хар багадаа элсэж, бас ч үгүй удирдах албан тушаал хашиж байсан над мэтийн залуус нөхцөл байдлыг зүгээр хараад сууж чадахааргүй болжээ.

Ардчилсан намын өнгөрсөн жилийн улс төрийн гутамшигт ялагдал нь үнэн хэрэгтээ дотоод тэмцлээсээ болсон. Товчхондоо бид өөрөө өөрсөддөө ялагдсан. Тухайн үеийн нөхцөл байдлаа дор бүрнээ ойлгож, хангалттай ярилцаж байсан ч бидний новшийн зодоон үргэлжилсэн хэвээр байна. Зогсох тусам улам хурцадсаар.  

Яасан дуусдаггүй тэмцэл, яасан их өшөө хорсол вэ? Яасан булаалдаж ханадаггүй эрх ашиг вэ? Алга дарам ганц тамгыг ар өвөртөө дамжуулж яасан их самардаг юм бэ?

Ах нараас, өвөө нараас одоо асуумаар байна. Намаа амиа хамгаалах хэрэгсэл болгодгоо хэзээ болих юм бэ? Тамгаа улс төрийн хуйвалдааны дэнчин болгож наймаалцахаа хэзээ болих вэ?

Ашиг хонжоо, эрх мэдлийн төлөөх ах нар та нарын дүрэмгүй тэмцэлд наанадаж нам чинь цаанадаж улс орон, эрх чөлөө чинь туйлдлаа. Бидний гайхуулаад байдаг эрх чөлөөний цагаан морь маань хонины бор боллоо. Эл байдлаараа удвал хэн нэгний тогоо тослоод дуусах нь. 

Өнгөрсөн гучин жилийн түүхийг харвал айлын хашаанаас шидсэн чулуугаар нөхрийнхөө толгойг хагалсаар иржээ. Хөршийнхөө хаясан угаадсанд сагахдаа өөрийнхөө гэрлүү боргодог ноход шиг болжээ.

Асуудал проблемоо ойлгох мэт дүр гарган уух бүрдээ, уйлах, уурлах бүрдээ “нөгөөхөө” ярих хэдий ч амьдрал дээрээ бид дэндүү хүлцэнгүй байсаар энэ намыг туйлдуулчихлаа.

Ах нар даварч байна! Одоо боллоо. Залуус нэгдье! Тэмцье! Яг ингэж ярьсаар бид хэдэн жил болчихвоо? Өөрсдийгөө залуу гэж бодож явсаар бид өөрсдөө хөгширлөө! Тэгэхээр ах нар хаана явна вэ? Эрх чөлөөний толгой дээр түймэр тавиад сууж байгаа юм уу? Хиншүү ханхалж, утаа май болсон ил далд тэмцлийн золиосонд нагаартлаа.    

Ардчилсан нам өнөөдөр ямар ч лидергүй мэт харагдаж байна. Залгамж халаагаа бэлдээгүй мэт харагдуулахаар нөгөө тал ажиллаж байх шиг.

Ардчилсан намын залуус хаана байна вэ? Эгнээ эгнээгээрээ, үе үеэрээ тулаанд орж чадах нөхөд минь хаана байна вэ? Хал үзэж, халуун чулуу долоосон, төрд ажиллаж, түмэнд үнэлэгдсэн дэлхийн энтэй сэтгэдэг залуус ардчилсан намд мянга мянгаараа зогсож байгаа. Та нар минь босооч ээ!

Удирдлагатай машин шиг урагш, хойшдоо эргэлзэж суусаар байвал бид гучин жилийн өмнө, тэсгим хүйтэн тэр өдрүүдэд тэмцэж олсон эрх чөлөөгөө алдах нь!!! 

Ах та нарыг атга тамганыхаа төлөө зудтай өвлийн отор шиг зутарч байхад ажил хийхийг дэмждэггүй, алга тосохыг таашаадаг улирсан тогтолцоо ургаж, цэцэглэж байна.    

Зэрлэг зулгаах цаг хангалттай биш. Оройтвол улсаараа ч ургацаа алдаж мэднэ. Эрх баригчдын эсрэг хүчтэй сөрөг хүчин байж, дэлхийн хөгжил рүү “тархи нийлүүлэх” өгөөжтэй бодлого гаргаж ирэхгүй бол бид хожимдох нь!

Ах нарын хүсэл юу юм бэ? Ардчилсан нам цаашид иргэдийнхээ итгэлийг авч улс төрийн тэргүүлэх хүчин байх мөн үү ? Атгасан гар шиг эвтэй залуус ардчилсан намын тэргүүн эгнээнд зүтгэж хүний эрх, хувийн өмчийг дээдэлж улс эх орныхоо хөгжилд нэмэр болохыг харах мөн үү?  

Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Цагаан-Өвгөнийн Жадамбаа

Орчуулах »