О.Содбилэг Шадар сайдын суудалд очих уу

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханы гэр бүл цар тахлын үеийн дэглэм, журмыг ноцтойгоор зөрчсөн. Үүний улмаас С.Амарсайханыг суудлаа өгч огцрохыг олон нийтээр шаардаад эхэллээ.

Яг энэ алдааг хүлээж байсан мэт өнөөдрөөс Тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөнд оржээ. МАН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж ажиллана, харин Шадар сайдын суудлыг Н.Энхбаярт өг гэсэн тохироо МАН болоод МАХН-ын дунд явагдсан гэх шуум хэсэг дэгдэж байгаад намжсан. Шалтгаан нь С.Амарсайханыг огцруулах үндэслэл олдохгүй байсан гэдэг.

Харин үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдов гээч болж Шадар сайдын эхнэр цар тахлын үеийн дэглэм журмыг зөрчиж, нөхрийнхөө тогтож ядан байсан суудлыг ганхуулчихлаа.

У.Хүрэлсүх нь таабчиктай хөөгдсөн нялх биетэй ээжээс уучлал эрж огцорсон байхад С.Амарсайхан гүлдийтэл гүрийнэ гэж юу байх билээ. Түүнийг ёс зүйн хариуцлага хүлээн огцрохыг шаардсан шаардлага нам дотор хүчтэй өрнөж байна. Тиймээс суудлыг нь авахаар Намбарын Энхбаяр гүйгээд ирчихсэн, Хүүкийн өрөөнд суугаа дуулдана.

Гэхдээ Н.Энхбаяртай зэрэгцэн Н.Багабанди бас нэг нөхрийг зүтгүүлж эхэлсэн нь саяхан Петровис компанийн Ерөнхий захирлаар томилогдсон О.Содбилэг бололтой. Хар алтны бизнест хамгийн хэрэгтэй, нэн чухал суудал бол Шадар сайдын суудал яах аргагүй мөн юм. Тэгээд ч тэр нэгэн өдөр муриулсан шиг Н.Цэрэнбат, Ж.Мөнхбат хоёрт дахин муриулна ч гэж юу байхав.

Нэгэнт намаас сонгууль дуустал шатахууны үнийг тогтвортой байлгах хүсэлтийг нефть импортлогчдод тавьснаас хойш Н.Багабандийн барьж яваа эл хөзөр илүү цагаа олсон хэрэг биз.

Тиймээс аавынхаа хүсэл, ээжийнхээ шунал, өөрийн халаасан дахь мөрөөдлөө бодит болгох боломжоос О.Содбилэг ч татгалзаагүй бололтой.

Үнэндээ ч Ц.Сандуйг дагаж намирч байсан С.Амарсайханаас хавь дээр, илүү гоё харагдах байх.

No description available.
Орчуулах »