Ерөнхийлөгчийн сонгууль нэрт тайзны ард шинэ Засгийн бүтэц зурагдаж байна

У.Хүрэлсүх сэнгэнэтэл исгэчээд гараад ирлээ. Тэр хамгийн бохир тоглолтуудыг хийж, өрсөлдөгчдөө бүгдийг “зайлуулав”.

Улс төрийн тайзнаас хэдийнэ буусан С.Эрдэнийг эргүүлэн авчирч, АН-ыг аль ч үгүй болтол самарч чадлаа. Сөрөг хүчнээ хэрхэн тасдаж жиргэж болдгийг тэр харуулж байна. МАН, МАХН-ыг анх хувааж байсан шигээ АН-ыг ч жижиглэчихлээ.

Одоо түүнд өрсөлдөгч алга. Хэзээ ч эвлэрэхгүй хэмээн аашилж, баашилж явсан Н.Энхбаяр үүдийг нь сахьдаг болов.

АН оройн хоолонд нь С.Эрдэнийг гаргаад тавьчихсан. С.Эрдэнэ улс төрд удаан явсан үүх, түүхтэй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэмжээний үнэ цэнэтэй кадр биш. Тэр үүнийгээ сайн мэднэ.

Шүүхээс ял сонсч, тэр бүү хэл биеэр эдэлж байсан тул Сонгуулийн тухай хуулийн авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтад бүдэрнэ. Гэхдээ үүнээсээ өмнө Сонгуулийн Ерөнхий хорооны босго давахгүй биз. С.Эрдэнэ, Н.Алтанхуягийн аль аль нь буулт хийхгүй тул 2016 оны Хөдөлмөрийн үндэсний нам шиг хөөгдөөд гарна.

Ингээд АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжиж, эцсийн мөчид ямар ч өрсөлдөгч, ямар ч сонголтгүйгээр У.Хүрэлсүх төрийн тэргүүнд залрах хөөрхөн зураглал зурагдчихаж. Харин түүний энэ нүүдлүүдэд Х.Баттулга анхнаасаа оролцоотой, мэдэж байсан мэт хачин өнгө үнэр ханхийгээд байх болов.

Наанаа муудалцаад, үсдэлцэн зодолдоод байгаа мэт харагдавч тэд цаанаа Ерөнхийлөгчийн сонгуульд биш сонгуулийн дараахь шинэ Засгийн газрын бялуу зүсэлт дээр анхаарал хандуулж, шинээр байгуулагдах хоёр ч яамны бүтцийг хуваагаад, тохиролцоод эхэлчихэж.

Орчуулах »