80.000 гаруй иргэн эрсдэлд орох магадлалтай байсан

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа.

    Асуулт: Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгнө үү? Ямар зөрчлүүд ихээр гарч байна вэ?

            Хариулт: Улсын хэмжээнд Коронавирус “COVID-19” цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цахим орчин дахь хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага оногдуулах зорилгоор цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Зарим иргэд цахим орчин ашиглан онлайнаар лотто, покер зэрэг бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулж буй 44 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж таслан зогсоосон. Дээрх үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17, Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулж байна.

            Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цахим орчинд гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн 44 зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байна. Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан 6 иргэнийг тус бүр 500,000 төгрөгөөр торгож, 7 төрлийн хууль бус контентийг устгуулж одоогийн байдлаар 38 зөрчилд харъяа  цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Дээрх зөрчлийн шинжтэй мэдээлэл оруулсан иргэдээс 3 иргэн гадаад улсад оршин сууж байгаа нь хуульд зааснаар хариуцлага тооцох боломжгүй байгаа ба  Харилцаа, холбооны зохицуулах хороотой хамтран хууль бус мэдээ, мэдээлийг олон нийтийн сүлжээнээс хязгаарлах, устгуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Асуулт: Цахим орчинд иргэд архи согтууруулах ундааг хүргэлтээр худалдан борлуулж байгаа асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ?

Хүн ам олноор цуглардаг барааны зах, худалдааны төв, баар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор цахим орчин ашиглан архи, согтууруулах ундааг зохих зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдан борлуулж буй 89 мэдээллийг олж тогтоон Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Хар тамхитай тэмцэх газарт тус тус хүргүүлж 10 зөрчилд 13 иргэнийг холбогдуулан шалган архи 34, пиво 49 хураан авч, 2 иргэнийг 100.000 төгрөгөөр торгон, зөрчил гаргахад ашигласан 7 тээврийн хэрэгсэл саатуулан, 11 фэйсбүүк хаягийг устгуулан ажилласан.

Зөрчил гаргахад ашигласан нийт 89 фэйсбүүк хаяг, оруулсан постыг устгуулах саналыг Харилцаа, холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна.

Асуулт: Хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэд хотоос гарах, орох шилжилт хөдөлгөөн хийх оролдлогууд гаргаж байна гэсэн энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Хариулт: Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хүрээнд орон нутаг болон нийслэлийн хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Энэ үед зарим иргэдээс нийслэлээс орон нутаг руу, орон нутгаас нийслэл хотруу нэвтрэх оролдлого хийж байна. Жишээлбэл: Иргэн “А” нь 2 хүүхдийн хамт Ар гүнтэд байрлах зуслан явахдаа хулгайн гэх тодотголтой уулын замаар явж сураггүй алга болсон талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж  эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад уулын замд автомашин нь цасанд сууж гэртээ ирсэн нь тогтоогдсон. Мөн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчиж Хэнтий аймагт нэвтэрсэн иргэн “М”, “Г” нарын шинжилгээний хариу хэдийгээр сөрөг гарсан ч хэрвээ эерэг гарсан бол тус аймагт ажиллаж, амьдарч буй 80.000 гаруй иргэн эрсдэлд орох магадлалтай байсан. Иймд иргэддээ анхааруулахад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд хатуу баримтлан гэртээ байх, хувийн эрх ашгаас илүүтэйгээр бүх нийтийн эрх ашгийг бодож хариуцлагатай байх, мөн интернетийн зохисгүй хэрэглээнээс татгалзах, учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Цаашид гамшгийн эрсдэлийн талаар цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, цахим орчин ашиглан гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдах үйлдлүүдийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тогмол хяналт тавин ажиллаж байна.

Орчуулах »