“1000 хүүхний хэрэг” хаагдаж, генсэкт зориулсан шинэ тоглолт эхлэх нь

МАН-ын дараагийн даргын марафон далд өрнөж байсан бол ил боллоо. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч, ялагдсан ч түүний суудал эзгүйрнэ. Дэвшүүлэн зайлуулна гэгчээр У.Хүрэлсүхийг Төрийн тэргүүнд залахаас илүүтэй нэр дэвшүүлэн явуулах нь фракциудын туйлын зорилго. Тиймдээ ч 100 хувийн саналаар нэр дэвшүүлэв. Ингэж тэр энэ намаас явах нь…

Одоо харин Тусгаар тогтнолын ордон дахь түүний өрөөний төлөөх “алалцаан” ширүүсч байна.

Ямартаа ам нь түргэдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нударганы амт үзэж байхав. Тэрбээр намын 100 жилийн ойгоор 2021.03.01-ний өдөр намын даргын тамгаа гардана хэмээн итгэж явсан нь хөөрхөн.

Намын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон тохиолдолд Намын дарга Ерөнхий сайд байна” гэх заалтад итгэхгүй гээд ч яалтай. Гэвч цар тахлаар оршил хийн Их хурлыг хойшлуулах атгаг санаа У.Хүрэлсүхийн халаасанд хуйлаатай явсныг хэрхэн тааварлах билээ.

Халдварын нөхцөл байдал, хатуу хөл хориог үл ажран тэгш ойн бэлтгэл гэх нүсэр ажил өрнөн олон ч хүнийг дайчлан У.Хүрэлсүх илтгэлээ бэлдэж байсан болохоор Л.Оюун-Эрдэнэ ч тамга гардан буйгаар төсөөлж хэлэх үгээ битүүхэн ноороглож суусан биз. Тэрбээр У.Хүрэлсүхэд энэ талаараа хэдэнтээ цухалзуулсан гэдэг. Сүүлдээ нутгийн ахаа Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой болмогц сонгуулийн өмнө намын тамгаа авахыг хүсчээ. Харамсалтай нь нударганы амт үзэж, олны өмнө ил гаралгүй хэд хонов.

Сонгууль ойртох тусам фракциудын хөдөлгөөн идэвхжиж, Г.Занданшатарын нэр ч будаан дотор ороод авсан. Горьдсон Спикер зохион байгуулалттай дайралтад нүдүүлж буй гишүүнээ өмгөөлөхийн оронд УИХ-ын Ёс зүйн хороог хуралдуулах захирамж хүртэл гарган “нэмэх оноо” хайж үзэв. Тэрбайтугай Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бүрэн эрхээсээ татгалзаад шалгуул хэмээн шүлсээ үсчүүлсэн.

Ц.Анандбазар бол Г.Занданшатарын эмзэг цэг. Сэдвийн “сэвүүр” барьж гүйгээд байгаа Б.Сүндэръяа анх энэ хэргийн талаар мэдээлэхдээ ганц хүний нэр бичсэн нь ч Г.Занданшатар байв.

Хэрэв Г.Занданшатар МАН-ын дарга болвол Л.Оюун-Эрдэнэ шалдарч, танц эргээд буй түүний тайз нурна. Тиймээс Спикерийн эсрэг эрчтэй, яаруухан хөдлөхөөс өөр гарцгүй байв. Тиймдээ ч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарыг бөгс бөөрний хэрэгт хутган, бандааж лээвчигээр хочлуулсаар улстөрөөс зайлуулсан “пи ар” багт хандан тусламж хүссэн гэдгийг эрх баригч намынхан ярьж байгаа. Үүнийг батлах мэт Ц.Анандбазарт “1000 хүүхний хэрэг” гээчийг тулган шүүх дээр бус сошиал орчинд яллаж буйг бид харж байна.

Цэвэр ариун байх ёс уламжлалыг дээдэлдэг, жендэрийн тэгш эрх нэхдэг монголчуудын сэтгэлзүй дээр тоглож, бөгс бөөр, хүчин хүчирхийллийн сэдвээр “тоглолт” хийдэг, чиглүүлсэн улстөрчөө цаг үеийн тавцангаас ул мөргүй зайлуулдаг нэгэн хэвийн танил сценари бүхий энэ багийн ард Л.Оюун-Эрдэнийг ахтайгаа хамт байгаа гэх шуум өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчтэй явагдлаа. Үүн дээр У.Хүрэлсүх болоод Увсын фракц хүч, “хөрөнгө” нэмсэн гэх мэдээлэл дагалдаж байна.

Нэгэн үе У.Хүрэлсүхийн халааг авч, тэрбайтугай Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэгдэж байсан Сү.Батболд руу уулгалсан дайралтын хүч ийнхүү Ц.Анандбазар руу чиглэсэн нь намын даргын суудалд санаархсан Г.Занданшатараас тамгаа харамласан Л.Оюун-Эрдэнийн “тоглолт” юм байх.

Харин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай намын дарга болох шаансгүйг мэдсэн Л.Оюун-Эрдэнэ энэ тоглолтоо У.Хүрэлсүх руу паасалж, өнөөх нь охид бүсгүйчүүдийг “аймшигтайгаар гомдоож доромжилдог” нэгэн гишүүндээ хариуцлага хүлээлгэн эргүүлэн татахаар зохиол үргэлжиллээ. Улмаар намаас хөөх хүртэл арга хэмжээ авч чаддаг супер эрийн дүр бүтээгээд, энэ дүрээрээ сурталчилгаагаа эхлүүлэн хөдөө тийш хүлгийн жолоо залах бололтой. Эс бөгөөс У.Хүрэлсүхийн рейтинг нийслэлд “шалаар нэг” болчихсон байгаа нь үнэн юм.

Энэ нөхдийг ийнхүү “1000 хүүхний хэрэг” дээр овоорч байх хойгуур Засгийн газрын бүрэлдэхүүнээс удаа дараа татгалзсан Сү-гийн “дипломат” фракц Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах бүтэц дээр тохироо хийж байна.

Тэд шинэ Засгийн газарт голлох байр суурьтай оролцох ч намын удирдлагыг авахгүй. Харин намын даргын суудлыг Д.Амарбаясгаланд өгөх гэнэ. Д.Амарбаясгалан намын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж, Сү.Батболдын фракц Н.Энхбаярын нэрлэсэн хүмүүсийн хамтаар дараагийн Засгийн газрыг бүрдүүлж ажиллах хувилбар зурагдаж байна. 

Тиймээс дээрх “1000 хүүхний хэрэг” Ц.Анандбазарт хариуцлага тооцсон супер удирдагч У.Хүрэлсүхийн гэгээн дүрээр хаагдаж, намын даргад горилсон генсэк рүү чиглэсэн шинэ драмаар үргэлжлэх нь…

Харин Н.Энхбаяр албан тушаалын тохироо хийж, хоёр нам нэгдээгүй гэж байгаа ч үнэн хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн сонгуулийг хойшлуулсан нь тохиолдлын шийдвэр биш юм. Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт зай гаргаж өгөхөөр ярилцсан ч албан тушаалаа аваад удаагүй сайд нар шууд татгалзсан хариу өгөөд байгаа. Тиймээс шинэ Засгийн газарт ширээ сандал санал болгон, үүнийхээ “урьдчилгаа”-нд Н.Энхбаярын хэлсэнчлэн намын удирдах түвшин, бүх шатанд төлөөлөл оруулахаар болж.

Энэ бүхэнд хотын дарга Д.Сумъяабазар хамгийн ууртай яваа. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлэх болсны дараа У.Хүрэлсүхэд агсам тавьж, асуудал үүсгэсэн байдаг. Энэ удаад ч намын даргын асуудал яригдаж, мань эрийн нэр сураг ч үгүй байгаад бухимдан хотын мээрийн суудлаа голж тэнд энд сандал өшигчсөн мэдээлэл байгаа юм.

Ийнхүү эрх баригч намын дотоодод Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй намын даргын суудал булаалдсан дайн дэгдэж, тэнгэр газар нийлүүлэн тэмцэлдэж байна.

Орчуулах »